2009-11-08
Ажиглалтын арга техник, тэдгээрийг ашиглах нь

Ц. Бурмаа, ГХС, МУБИС

О. Алтангоо, ФТС, МУБИС

 

            Ажиглалт нь судалгааны мэдээ баримт цуглуулах чухал аргуудын нэг бөгөөд түүнийг  тоон болон чанарын судалгааны аль алинд нь ашиглаж болно. Энэхүү аргын давуу тал нь судалгаанд хамрагдагсдын зан үйлийг нарийн ажиглаж болдогт байдаг. Ингэснээр ярилцлага болон асуулгаас олж авсан мэдээ баримтыг улам бататгах боломж бүрддэг.  Харин санууштай нэг зүйл нь судалгаанд оролцогсдын санаа бодол, эсвэл тэдгээрийн хийж буй үйлдлийн цаана ямар шалтгаан болон сэдэл байгааг илрүүлэх боломж гардаггүй. Ийм учраас судалгааны олон аргыг хавсруулан ашиглах  нь бие биенээ нөхөж цуглуулсан мэдээ баримт нь бодит байдлыг ойлгож мэдэхэд илүү тус дөхөм болдог.  

            Ажиглалтын аргыг ашиглахад санаж байх чухал зүйлийн нэг бол судлаачийн ёс зүйн асуудал юм. Ялангуяа өнөөгийн техник технологийн хөгжил дэвшлийн үед шаардлагатай мэдээллийг асар их хэмжээгээр олон арга хэрэгслээр цуглуулах боломж бүрдэж байгаа нь аливаа үйл явцад хөндлөнгөөс оролцож байгаа мэт болгоомжлох сэтгэгдэл төрүүлэх тохиолдол гардаг тул үүнийг харгалзаж үзэх ёстой юм. 

            Ажиглалтыг “хөндлөнгийн” ажиглагч, “оролцон” ажиглагчийн байр сууринаас хийж болдог (Вортен нар, 1997). Судлагдаж буй бүлэгт хамрагдахгүйгээр ажиглалтыг хөндлөнгөөс нь “цэвэр ажиглагч”-ийн байр сууринаас хийхдээ чанарын аргыг ашиглаж болох боловч тоон болон бүтэцжүүлсэн аргуудыг (structured observation) ашиглах хандлага давамгайлдаг. Бүтэцжүүлсэн ажиглалт гэдэг нь зан үйлийг тоон системд шилжүүлэх нэг арга бөгөөд  түүнийг урьдчилан боловсруулсан тодорхой бүтцэд оруулдаг.  Жишээлбэл, тухайн зан үйл ямар хугацаанд хичнээн удаа давтагдаж байгаа эсэх гэх мэт. Зарим тохиолдолд ажиглагч нь судлагдаж буй бүлгийнхээ гишүүн байж дотроос нь ажиглах байр сууринаас ханддаг бөгөөд түүнийг  оролцон ажиглагч” гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд баримт мэдээллийг шаардлагын түвшинд цуглуулахад тухайн судлаачийн хувийн өндөр мэдрэмж, ур чадвар шаардагддаг байна. Оролцон ажиглагч нь чанарын аргуудыг илүүтэй хэрэглэдэг тул уг ажиглалтыг заримдаа тогтсон бүтэцгүй, системгүй гэж үзэх тал байдаг. Гэсэн хэдий ч ажиглалтаа логикийн хувьд системтэй болгож чадах нь тухайн ажиглагчийн мэргэжлийн ур чадварын асуудал юм. Үүнд анхаарах чухал зүйл бол ямар ч нөхцөлд  ажиглагчийн хувийн санаа бодол судалгааны мэдээ баримт цуглуулахад сөргөөр нөлөөлөхгүй байхаар ажиглалтыг төлөвлөн зохион байгуулах явдал  юм. 

 

 

Албан, албан бус ажиглалт

            Ажиглалтыг хийх арга хэлбэрээр нь албан, албан бус мэдээлэл цуглуулах гэж ангилдаг. Албан бус хэлбэр нь урьднаас нарийн төлөвлөөгүй, ямар мэдээллийг хэрхэн бүртгэж авахаа судалгааны явцад өргөн сонголттойгоор шийдэж чаддаг, жирийн тэмдэглэл хөтөлж ерөнхий мэдээлэл цуглуулж болдог арга хэлбэр юм. Цуглуулсан мэдээлэл нь харьцангуй задгай, ярвигтай учир нэгтгэн дүгнэх, шинжлэх, тоо баримтын зохион байгуулалт хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй.

            Харин ажиглалтаа өмнө нь нарийн төлөвлөж, яг юуг ажиглах вэ гэдгээ тодорхой боловсруулсан бүтэцжүүлсэн ажиглалт нь албан мэдээлэл цуглуулах ажиглалт юм. Энэхүү ажиглалтын хэлбэр нь албан бус мэдээлэл цуглуулж буй ажиглалтаа бодвол найдвартай, хүчин төгөлдөр байдлын хувьд давуу байдаг бол албан бус нь хамрах хүрээний хувьд харьцангуй өргөн байдгаараа давуу талтай (Колин Робсон, 2006).  

 

 

Ажиглалтын арга техник. Ажиглалт хийхийн тулд суралцагсдын ямар зан үйлийг (юуг?), ямар нөхцөл орчинд (хаана?), ямар хугацаанд (хэзээ?) зэрэг асуудлуудаа тодруулахын сацуу цуглуулах мэдээллийн онцлогоос шалтгаалан ямар арга техникийг ашиглах зэргээ сайтар бодож боловсруулах шаардлагатай байдаг. Суралцагсдын зан үйлийг ажиглах хэд хэдэн арга техник байдгийг авч үзье.

 

1. Зан үйлийн давтамжийг тодруулах (Frequency)

Ажиглахаар тогтсон зан үйл нь тодорхой хугацаанд хэр давтагдаж буйг илрүүлэх зорилготой. Энэ нь эхлэл төгсгөл нь тодорхой, харьцангуй богино хугацаанд тодорхой тоогоор давтагдах зан үйлийг ажиглаж тэмдэглэхэд хэрэглэгддэг арга техник юм. Тухайлбал, тодорхой хугацаанд сурагч хэр олон удаа хэлэлцүүлэгт оролцож байна, хичээл дундуур хэр олон удаа босож явж байна, эсвэл 10 минутанд хэр олон удаа гараа өргөж асуултанд хариулж байна гэх мэт зан үйлийг тэмдэглэж болох юм. Мэдээж аливаа үйлийн давтамжийг тэмдэглэхдээ тусгайлан боловсруулсан хуудас ашиглана. Жишээлбэл,

 

Хүснэгт 1. Зан үйлийн давтамжийг тэмдэглэх загвар. 

Сурагчийн овог нэр

Сайнбаярын Эмүүжин

Зан үйл

Англи хэлний хичээлийн хэлэлцүүлэгт оролцсон байдал

Огноо

Ажиглалтын хугацаа

Эхлэх      дуусах

Давтамжийн тэмдэглэгээ

Нийт

2007/09/24

8:30

9:00

√√√√√√

 

6

 

  

2. Зан үйлийн рейтийг тодорхойлох (Rate)

Зан үйлийн рейтийг тогтоох нь давтамжийг тогтоохтой нэлээд төстэй. Ялгаатай тал нь тодорхой зан үйлийн давтамж, үргэлжилсэн хугацаа хоёрын харьцааг илэрхийлдэгт байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа үйлдлийг болсон минут, цаг эсвэл өдрийн тоонд хувааж дунджыг гаргаж болно.  

 

Хүснэгт 2. Зан үйлийн рейтийг тэмдэглэх загвар. 

Сурагчийн овог нэр

Сайнбаярын Эмүүжин

Зан үйл

Англи хэлний хичээлийн хэлэлцүүлэгт оролцсон байдал

Огноо

Ажиглалтын хугацаа

Эхлэх      дуусах

Давтамжийн тэмдэглэгээ

Нийт

2007/09/24

8:30

9:00

√√√√√√

 

6

Рейт

6 удаа/30 минут =  30 минутанд 6 удаа

 

  

3. Зан үйлийн үргэлжлэх хугацааг тэмдэглэх (Duration)

Энэхүү аргыг харьцангүй цөөн боловч тодорхой хугацаанд үргэлжлэх зан үйлийг ажиглахад ашигладаг. Тухайлбал, даалгавар хийж гүйцэтгэх, анги/ширээгээ цэвэрлэх гэх зэрэг үйлийг тэмдэглэхэд тохиромжтой.  

 

Хүснэгт 3. Зан үйлийн үргэлжилсэн хугацааг тэмдэглэх загвар. 

Сурагчийн овог нэр

 

Он/сар/өдөр

 

Зан үйл

 

Эхэлсэн хугацаа

  Дуусах

 

Дууссан хугацаа

 

 

Үргэлжилсэн хугацаа

 

 

4. Интервалт ажиглалт хийх арга (Interval Recording)

Энэхүү аргыг тодорхой хугацаанд аливаа зан үйл хийгдэж буй эсэхийг ажиглах тохиолдолд хэрэглэдэг. Энэ нь суралцагсдаас илэрч буй зан үйлийг интервалчлан (өөрөөр хэлбэл, ажиглалт хийх хугацааг интервалд жижиглэн хувааж) нарийн тэмдэглэхийг шаарддаг тул ажиглагчаас тодорхой хугацаанд өөр зүйлд сатаарахгүй анхаарлаа төвлөрүүлж ажиглахыг  шаарддаг. Тухайлбал, даалгавар хийж гүйцэтгэхдээ бие биентэйгээ хэдэн удаа санал солилцож буйг, унших даалгаврын явцад хэдэн удаа анхаарал сарниж байна зэрэг үйлийг тэмдэглэж болно.

     

Хүснэгт 4. Зан үйлийн интервалт ажиглалтыг тэмдэглэх загвар. 

Ажиглалтын интервал

1 минут тутам

Сурагчийн овог нэр

Сайнбаярын Эмүүжин

Он/сар/өдөр

2007 оны 09-р сарын 24

Зан үйл

Бусадтай чөлөөтэй санал солилцож буй байдал

Эхэлсэн хугацаа

  Дуусах

9:15

Дууссан хугацаа

 

9:25

Зан үйл

Ажиглалтын нийт хугацаа

 

10 минут

 

5. Болсон явдлыг тэмдэглэх арга (Anecdotal records)

Энэ нь болсон үйл явдлыг баримтжуулах зорилготой хийсэн тэмдэглэл бөгөөд үүнд:

-- тохиолдлын үйл явдал

-- ажигласан зан үйлийн болсон нөхцөл байдал, орчин

-- аливаа зан үйлийн урьдчилсан нөхцөл, түүнээс гарсан үр дагавар

-- сонирхлын бүлгийн бусад гишүүд (эцэг эх гм)- ийн санал зэргийг оруулж болох юм.  Тэмдэглэл хийхдээ дараах хэдэн зүйлийг анхаарвал зохино. Үүнд:

·         Ажиглалт хийх явцдаа тэмдэглэж авах

·         Хожим хэрэг болох мэдээллийг хаяж гээхгүйн тулд тэмдэглэл хийх тусгай маягт боловсруулж ашиглах

·         Өөрийн санал сэтгэгдлийг оруулахгүй байх, зөвхөн ажигласан зүйлээ байгаагаар нь тэмдэглэх

·         Зан үйлийг тодорхойлох тодорхой шалгуур ашиглах

·         Бусад хүмүүст (эцэг эх, бусад багш зэрэг) мэдээлэл нээлттэй байхыг бодолцож тэмдэгллээ хийх

 

Ажиглалтын тэмдэглэл, мэдээлэлд боловсруулалт хийх

Мэдээллээ цуглуулсны дараа судалгааны мэдээ баримтандаа боловсруулалт хийх хоёр үндсэн арга байдаг.

·         Чанарын мэдээлэлд хийх боловсруулалт

·         Тоон мэдээлэлд хийх боловсруулалт

Бид тоон мэдээллийн анализ хийх аргыг нилээн түгээмэл ашигладаг. Тоон мэдээлэлд анализ хийхдээ мэдээллүүдээ ангилан ялгаж, тоон үзүүлэлтийг хүснэгтэд оруулан цэгцэлнэ. Хүснэгтэд тэмдэглэсэн хувьсагч буюу өгөгдлүүийг төлөвлөвлөсний дагуу хооронд нь яаж харьцуулах, нийлүүлэх, эргэцүүлэхээ тодорхойлж, дараа нь тэдгээрийг график, диаграмм буюу зураглал байгуулан үзүүлнэ.

Харин тодорхой үйлийг ажигласан аудио, видео бичлэг, мөн хүүрнэсэн тэмдэглэл зэрэг их хэмжээний мэдээллийг боловсруулахдаа чанарын мэдээллийн анализийг давамгай ашигладаг. Ингэхдээ дараах үндсэн гурван аргыг хослуулан ашигладаг.  Үүнд:

 

  1. Ангилан кодлох
  2. Харилцан хамааралгүй мэдээллүүдийг эмхлэх
  3. Мэдээллийг диагаммчлах ба графикжуулах

 

Мэдээ баримтыг ангилан кодлох (Weiss,1998) нь мэдээллийн талаар дэс дараалалтай ерөнхий тойм хийх, цуглуулсан мэдээлэлд ил харагддаггүй аливаа тулгамдсан асуудал, түүний цар хүрээ, хэмжээ, жишээнүүдийг илрүүлэх, тэдгээрийг ашиглах, үнэлэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм.  Мэдээлэлд үнэлгээ хийх арга эхэлж тодруулаад дараа нь цуглуулсан мэдээллээ энэхүү үнэлгээний критердээ ангилан цэгцлэх нь илүү хялбар байдаг. Иймээс ангилахын тулд эхлээд мэдээллийг бүрэн уншиж нарийн судлах шаардлага гарч байна. Мэдээллийг хамрах чиглэлээр нь эх болгон хувааж (тодорхой зан үйл, үйлдэл гм) тэдгээрийг өнгө, тэмдэг, нас хүйс, гарчиг, тоо, он сар өдөр, хуудас гм төрлөөр нь дүрс, тоо, тэмдэглэгээг ашиглаж зохион байгуулан кодлоно.     

            Мөн кодлоход бэрхшээлтэй, нарийн төвөгтэй тэмдэглэлийг ойлгох, хоорондоо харилцан хамааралгүй мэт харагддаг бүлэг сэдэв, асуудлын хүрээнд мэдээллийг эмхлэн цэгцлэх, харьцуулалах, тайлбарлах шаардлага гарвал харилцан хамааралгүй мэдээллүүдийг эмхлэх аргыг өргөн ашигладаг.

 

Дахин сануулахад чанарын мэдээлэл цуглуулах явцдаа тэдгээрт задлан шинжилгээ хийж эхлэх нь судлаач мэдээлэл цуглуулах үйл явцдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлж мэдээ баримтаа ойлгож мэдэхийн сацуу хожим үнэлгээ хийхэд ач холбогдолтой.

 

Бид та бүхнийг цаашдын судалгааны ажилдаа ажиглалтын аргыг ашиглахад тань тус болохуйц нэгэн хүснэгтийг танилцуулъя.   

 

Ажиглалтаа шалгах хуудас

 

Жудит Бэл “Судалгааны төсөл хийх тухайд”, 2005

 

 

1

Юу мэдэхийг хүсэж байгаагаа шийдэх

 

Сонирхож буй бүх асуудал/чиглэлүүдийг жагсааж үзэх

2

Яагаад тухайн мэдээллийг сонгох болсноо эргэцүүлэх

 

Жагсаалтаа дахин хянаж шаардлагагүй гэсэн зүйлээ хасах

3

Өөрт шаардагдах мэдээллийг ажиглалтаар цуглуулж болох эсэхээ цэгнэж үзэх

 

өөр бусад /альтернатив/ аргуудыг нягталж үзэх

4

Ажиглалт хийх асуудлаа нарийвчлах

 

Агуулга, үйл явц, харилцаа, аргазүй зэрэг асуудлуудын алинд хамаарч буй тогтоох

5

Ажиглалт хийх зөвшөөрөл авах

Ажиглалтаа албан ёсны болгох

6

Мэдээллээ тэмдэглэх тохиромжтой хүснэгтийг боловсруулах

 

Одоогоор хэрэглэгдэж буй бэлэн материал олох; шаардлагатай бол нэмэлт засвар хийх

7

Цуглуулсан мэдээ баримтаар юу хийхээ тогтоох

Сонирхол татсан, хэрэгцээтэй мэдээлэл буюу тодорхой дүгнэлт хийж болохуйц хангалттай баримт цуглуулах боломж байгаа эсэхийг тодруулах

8

Сонгосон аргаа туршиж үзэх /бусдын туслалцаатайгаар/; шаардлагатай бол өөрчлөн сайжруулах

 

Өөрт хялбар тэмдэглэгээ /дохио, үсэг, тоо гм/ боловсруулах; тэдгээрийг урьдчилан туршиж өөрийн болгох

9

Ажиглалтын бэлтгэл ажлыг сайтар хангах

Анги танхим, суудлын зохион байгуулалтыг зурах, тэмдэглэгээний хуудсыг хангалттай хувилж бэлдэх гм

10

Өөрөө буюу ажиглалт хамтран хийх хүмүүсээ хаана сулгахаа  тогтоох

 

Хэдэн хүүхдийг яаж ажиглах гэж буйгаас шалтгаалан шийдвэрлэнэ

11

Ажиглалтыг тэмдэглэх хуудас нарийн байх тусам их мэдээлэл цуглуулна гэдгээ санаарай

Хуудсаа нарийн зохион байгуулалттай боловсруулах шаардлагатай. Мөн ажиглалтаа хийхээс өмнө оролцогчдын талаарх аль болох дэлгэрэнгүй мэдээллийг цуглууж оруулбал сайн.

12

Ажиглалтын явцад аль болох дэлгэрэнгүй тэмдэглэл хийж өөрт төрсөн санал сэтгэдлээр баяжуулж байх шаардлагатай

 

Хожим тэмдэглэнэ гэвэл зарим зүйл мартагддгийг санаарай

13

Мэдээ баримтандаа задлан шинжилгээ хийж тайлбарлана

Цуглуулсан баримт бүр юу өгүүлж байгааг сайтар эргэцүүлнэ

14

Оролцсон хүмүүстээ талархал илэрхийлэхээ мартуузай

Тэднээс дахиад туслалцаа хүсэх тохиолдол гарна шүү

 

Түүнчлэн доорхи жишээгээр жирийн нэгэн хичээлд тэмдэглэл хөтөлсөн байдлыг үзүүлье. Бид ажигалатын тэмдэглэлийг хөтлөхдөө болж буй үйл явцыг дэлгэрэнгүй хүүрнэн Яагаад энэ жишээг сонгож авсаны учир нь бид ажиглалт хийж тэмдэглэл хөтлөх явцад түрүүчийн хоёр модулиудын туршид үйлийн судалгаа хийхдээ   

 

Тэмдэглэл: “Багш ангид түрүүлж орж ирээд сурагчдыг дөрөв дөрвөөрөө нэг баг болон хамтран ажиллахаар ширээг засаж байрлуулав. Хичээлийн цаг эхэлж сурагчид орж ирээд баг болон хуваагдаад суулаа. Англи хэлний хичээл хэдийн эхэлсэн ч хүүхдүүд хоорондоо монгол хэлээрээ ярилцсаар л байна. Багш самбарт сурагчдын хийж ирж чадаагүй гэрийн даалгаварыг бичлээ. Багш даалгаварыг тайлбарлахын тулд сурагчдын анхаарлыг татаж, хичээлд оролцохыг анхааруулах хүртэл хүүхдүүд идэвхигүй амралтын байдалтай байна. Энэ даалгавар нь тэмдэг нэр, нэр үг, үйл үг зэргийг ашиглан үг бүтээх даалгавар байна. Багууд хамтран ажиллахаар боллоо. Сурагчид эхлээд даалгаварыг хэрхэн гүйцэтгэх учраа сайн олохгүй ярилцаж байснаа өгөгдсөн үгүүдийн утгыг ойлгохын тулд монгол хэлний тайлбар толь бичиг хэрэглэж байна. Зарим нь бодоод л суугаад байна. Энэ үеэр багш ширээнүүдийн дундуур алхаж баг болгоны ажлыг ажиглан тодорхой хугацаа өнгөрлөө. Зарим сурагчдын анхаарал сайн төвлөрч өгөхгүй байгаа нь илт байна. Багш зөвхөн англиар ярихыг санууллаа. Түрүүчийн баг хийж дууссан гэж багшид мэдэгсэн бөгөөд багш даалгаварын зөв бурууг шалгахаасаа өмнө түрүүлж дууссан багийг ялагч гэж зарлалаа. Бусад нь толь бичигээс үгнүүдийг шүүж үзсээр л байна.” 

 

Уншаад үзэхэд энэ ажиглалтын тэмдэглэлийг нилээд өргөн хүрээтэй, дэлгэрэнгүй, үйл явцыг нэг бүрчилэн хүүрнэх байдалтайгаар хөтөлсөн байна. Гэвч эндээс ажиглагч маань чухам яг юуг нь онцлон ажиглах гэсэн нь тодорхойгүй учир судалгааны боловсруулалтыг хийхдээ маш бүтээлчээр хандахыг шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид иймэрхүү хүүрнэсэн  тэмдэглэлд боловсруулалт хийхдээ хайнга, дутуу хандсанаас болж хичээлийн тухай ерөнхий дүгнэлт хийж өөрийн санаа бодлыг бичээд орхих том алдаа байнга давтагддагийг санах хэрэгтэй. Тэмдэглэл нь бага байсан ч ялгаагүй ангид болж буй олон үйлийн тухай мэдээлж байгааг олж харах, мэдээллийн цаана олон чухал асуудлууд байгааг мэдрэх шаардлагатай юм. Тухайлбал, дээрх мэдээллийн боловсруулалтыг хийхдээ дараах асуудлуудын хүрээнд хийж задлан шинжлэж болно.

Тухайн хичээл дээр

·         Ямар нэгэн зан үйлийн давтамжийг

·         Монгол хэл болон Англи хэлнийг ямар харьцаатайгаар ашиглаж байгааг

·         Хувь хүний сурах арга барилын онцлогийг

·         Багшийн ямар аргазүй давамгайлж байгааг

·         Даалгавар, хугацааны харьцаа ямар байгааг

·         Хэлний практик хэрэглээний тухай гэх мэт

 

Эцэст нь тэмдэглэхэд ажиглалтын аргын хамгийн чухал нь мэдээлэлд хэдий чинээ шудрага хандах, чанарын болон тоон мэдээллийг бодитой байдлаар хичнээн их хэмжээгээр цуглуулах нь судалгаанаас гарах шийдвэр, хариулт төдий чинээ субъектив байхад сайнаар нөлөөлдөг гэдгийг анхаарна бизээ. 

 

 

 

 

Ашигласан ном зүй

 

1. http//www.en.wikipedia. org/wki/obser

2. J.O. McDonough, S. McDonough  Research Methods for English Language Teachers,

Arnold 1997

3. R. Sagor How to Conduct Collaborative Action Research, ACSD 1992

4. Колин Робсон, “Бодит ертөнцийг судлахуй”, 2006

5. Richard Winter Learning from experience (principles and practice in action research)

The Falmer Press, 1989

5. Anne Burns Collaborative Action Research for English Language Teachers,

Cambridge, 1999

6. Гита Штейнер Хамси, Д. Түмэндэлгэр Судалгаа хийх арга зүй, 2005

7. James Dean Brown, Theodore S. Rodgers Doing second language research, Oxford, 2002

8. Judith bell, Doing your research project, Open University Press, 2005

9. Andrew M. Colman, Dictionary of Psychology, Oxford Press, 2006

Бичсэн: EDUCATION | цаг: 13:55 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Баярлалаа.маш их тус боллоо.
Бичсэн: Дөлгөөн (зочин) цаг: 10:15, 2022-06-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1608180 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax