2015-09-06
Түүхэн сургамжуудаас – 1/Модун Шаньюгийн алдаа/


 Умард талын хүчирхэг Хүннү нар хятадын нутгийг тасралтгүй довтолж байсан тул МЭӨ 199 онд Хятадын Хан улсын хаан Гаоди сэтгэл түгшин хэрхэхийг шадар зөвлөхтэйгээ зөвлөн асуужээ. Энэ үед Модун хааны их цэрэг Хятадын нийслэлийг бүслэн хааж, хотын дөрвөн хаалган тушаа дан морины зүсээр ижилсүүлсэн цэргээ түм түмээр нь жагсааж байсан гэхээр ямаршуухан хүчирхэг морьт армитай байсан нь тодорхойШадар зөвлөх Лю Цзин хаандаа зөвлөсөн нь“Хаантан та авааль гэргийнхээ их охиныг Модун шаньюйд гэргий болгон өгч, мөн их бэлэг өгч чадна. Тэгэхэд Модун Хан улсын охинтой хамт эд баялаг ирнэ гэж ухааран, түүнд шунан, тэр охиныг авааль гэргийгээ болгоно. Түүнээс хүү төрөхөөр түүнийг заавал ширээ залгамжлагч болгон зарлахад тэр нь Модуны оронд шаньюй болно. …. Модун амьд байхдаа таны хүргэн байна. Үхэхээр нь таны охины хүү шаньюй болно. Чингээд зээ хүү нь нагац эцэгтэйгээ эн зэрэгцэх болдог гэж дуулаагүй биз. Ингэж дайнгүйгээр Хүннүг аажмаар зарцаа болгож болно”гэж зөвлөжээ. Гоади хаан жирийн айлын охиныг авч, өөрийн их охин болгон Модунд гэргий болгон өгөөд, жил бүр тогтоосон хэмжээний бэлэг, алба өгч байжээ. Ингээд МЭӨ 198 онд түүхэнд “ураг найрамдлын гэрээ” гэгдсэн хятадын хувьд ихээхэн доромж болсон гэрээг нүүдэлчин хөрштэйгээ хийжээ. Чухам энэхүү гэрээнд орсон нэгэн заалтыг үеийн үед бидний өвөг дээдэс дурдаж ирсэн нь “Урт хотоос/цагаан хэрэм/ умарших нум сумтангууд миний мэдэл, урт хотоос урдах дээл малгайтнууд чиний мэдэлд байх болой”..Үнэхээр мэргэн зөвлөх Цзиний хэлснээр болж Хүннү гүрэн дэх Гаоди хааны удмынхан бүр хэдэн зуун жилийн дараа овгоо Лю хэмээн хятадаар өөрчлөн сольж, өөрсдийгөө хятад угсаатан хэмээн үзэх болсон төдийгүй хаан ширээний төлөөх хоёр талын тэмцэл өрнөж их гүрэн дотоодын хямралд автсаар улмаар Хүннү улс нь Умард, Өмнөд Хүннү хэмээн хоёр хуваагдав. Өмнөд Хүннүгийн хаан /шаньюй/ нь хоёр зууны өмнө мөнөөхөн Модунд өргөсөн гүнж гэгдэх хятадын жирийн нэгэн айлын охины удам байсан байна. Мэдээж хэрэг Өмнөд Хүннүчүүд ургаа даган хятадын Хан улсын холбоотон болж, Умард Хүннүгийн эсрэг тэмцсээр тэднийг бут цохин умард зүг хөөжээ.Хөөгдсөн Умард Хүннүчүүд Евроазийн уудмыг туулан, Скиф, Алан болон Готуудын үй олон хүчирхэг дайчин аймгуудыг ялан дийлж явсаар Европын гүнд очиж тогтов. Тэд Атилла хааныхаа авьяаслаг гарын дор нэгдэж, тухайн үедээ дэлхийн төв гэгдэж байсан хүчирхэг Ромыг чичрүүлж асан билээ. Ром гүрнийг оршин тогтнож байх хугацаанд хэзээ ч Ромын элчинг аль ч улсын эзэн хаад хүндэтгэн мэхийн сөхрөн угтддаг байсан бол цор ганц удаа л Атилла хаан Ромын элчийг үл тоомсорлон мориноосоо ч буулгүйгээр хүлээн авч байсан төдийгүй Өмнөд Ромын эзэнт гүрнээс татвар авч, умард Ромчуудтай нь харин тухайн эриндээ болж байгаагүй аварга тулалдааныг өнөөгийн Францын өмнөд хэсэгт буй Каталуаны талд хийж явжээ. Зарим сурвалжид бичсэнээр хоёр талаас нийтдээ сая орчим хүн оролцсон гэгддэг энэхүү тулалдааныг түүхэнд “Ардтүмнүүдийн тулалдаан” гэж нэрлэсэн байдаг. Үнэхээр ч ард түмнүүдийн тулалдаан болж, Европ дахины бүхий л ард түмнүүд энэхүү тулалдаанд нэг бол хуучин Ертөнцийн сүр хүчний үлдэгдэл Ромыг дэмжиж, нэг бол Тэнгэрийн ташуур болон гэсгээл буулгах Хүннүгийн Атиллаг даган тулалдаж, хүн төрөлхтөний түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээж явсан байна. “Хүн төрөлхтөний түүхийг өөрчилсөн 50 агуу их жанжидийн нэрсэд бидний өвөг дээдсээс Атилла, Чингис хаан хоёр оржээ.

Харин Умард Хүннүгээ Хятадтай хавсран умардад хөөж явуулсан Өмнөд Хүннүчүүдийн хувь заяа хэрхэв… гэвэл ердөө л аажмаар хятад болж хувирчээ.
Хятадын Гоади хааны мэргэн зөвлөх Люгийн бодлого ийнхүү 300 жилийн дараа хэрэгжиж, хүчирхэг Хүннү гүрэн дотоодын хямралд гүнзгий автсаар МТ II зуунд бүрмөсөн мөхсөн байна.

Хүннүгийн хүчирхэг эзэн Модун шаньюйгийн баялаг бэлэг сэлтэд хууртан, өнгө үзэмжинд автан хятад гүнжийг хатан болгон авсан тун санамсаргүй, гэнэ сэрэггүй, ялимгүй алдаа нь Төв Азийн цээжнээ гялалзтал цойлон гарч ирсэн эл хүчирхэг гүрнийг хэдэн зууны дараа мөхөн устахад хүргэжээ. Нөгөө талаас мэргэн зөвлөх Цзиний бодлого нь Хүннүчүүдийн байнгын халдлагаас улс орноо хэдэн зууны туршид хамгаалсан бат найдвартайн хувьд Цагаан хэрэмнээс хол илүү хамгаалалт болж чадсан байна.

“Хаан хүний алдааг ард түмэн үүрдэг” хэмээсэн Эзэн богд Чингисийн сургаал бий.
Улс үндэстнийг тэргүүлэгч, тухайн нийгмээ удирдан буй лидер жолоодогчийн алдаа хийгээд оноо нь зарим тохиолдолд бүхэл бүтэн үндэстний хувь заяаг шийдвэрлэх хэт алсын үр дагавартай байдгийн нэг жишээ энэ болов уу.

Түүхч Г.Сүхбаатар “Нийгэм өөрөө зохион байгуулагдсан хүмүүсийн систем мөн учир уг системийн эрэмбэ дараалсан бүрдүүлэгчдийн жолоодох бүрдүүлэгч /хааны засаг/ нь нийгмийн хөгжлийн олон боломжийн аль нэгий нь, Югославын философч Светазор Стояновичийн бичсэнээр, нийгмийн хөгжилд байж болох дэвшил, ухрал хоёрын аль нэгий нь үйл ажиллагаагаараа, ихэвчлэн систем үйл ажиллагаагаараа яваандаа аажимдаа хэрэгжих болгож, түүний нөлөө, нөөлөг нь зарим тохиолдолд олон зуун жилээр үргэлжилнэ” хэмээн онцлон тэмдэглэжээ. Иргэншлийн хувь заяанд, нийгмийн хөгжилд түүхт хүмүүсийн шунал, хорон санаа маш сөрөг нөлөө үзүүлдгийг Арнольд Тойнби зэрэг дэлхийн иргэншлийг судалсан том эрдэмтэд ч цохон тэмдэглэсээр байжээ.
source: http://www.tulaan.com/

Бичсэн: EDUCATION | цаг: 15:28 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730638 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax