2020-09-10
“Боловсролын чанар”-ыг үнэлэх асуудалд

“Боловсрол” гэхлээр хүмүүс ихэвчлэн “хүний эзэмшсэн мэдлэг, чадвар” гэж ойлгодог, жаахан гүнзгий боддог зарим нь дээр нь “хүний хөгжил, төлөвшил”-ийг багтааж ойлгоно. Гэхдээ, “боловсролын салбар” гэхлээр “боловсрол олгодог сургууль, багш нар”-ыг боддог. “Боловсролын чанар” гэхлээр “сурагчдын сурлагын чанар”-ыг ойлгож, “боловсролын чанар муу байна” гэвэл, “багш нар хүүхдүүдийг муу сургаж байгаа юм байна” гэсэн гэж үзээд “боловсролын шинэчлэл” гэхлээр “багш нарын ажлыг л шинэчлэх хэрэгтэй юм” гэсэн утгатай санаа буудаг. Тэгээд шинэчлэгдсэнийх нь үр дүнг “хүүхдүүдийн дүн сайжрахаас харна” гэвэл, тэдний багшаасаа одоогийн авч байгаа дүн нь тийм ч их доогуур байгаа бас биш шүү. Олон багш, заадаг хичээлээ 90-100 хувийн амжилттай, “А болон В” үнэлгээтний эзлэх хувь нь 60 - 70-аас дээш гарсан үзүүлэлттэйгээр сургадаг. Энэ бол тийм ч чамлах үзүүлэлт биш. Гэтэл “боловсролын чанар улам л тааруухан болж байна” гэж ярих нь сүүлийн үед улам л олширсоор байгааг олон хүн мэдэрч байгаа байх. Харин яагаад “чанар тааруухан” гэж ярьцгаадаг юм бол гэдэг нь тодорхойгүй байсаар. Миний хувьд үүнийг, “боловсролын чанар”-ын талаарх “ойлголт” тодорхойгүй байгаатай л холбоотой гэж үзэн энэхүү товч санааг та бүхэнд хүргэж байна.
Нийгмийн талаас нь харвал, “боловсрол” маань “үйлчилгээний салбар” шүү дээ. Ингэхлээр, “боловсролын чанар”-ын цаана “үйлчилгээний чанар”-ыг л ойлгох болж таарна. Гэтэл багш нарынх нь өгсөн үнэлгээ “хангалттай” түвшинд гарч байхад чанарыг нь яагаад ”хангалтгүй” гэж үздэг юм бол. Тухайлбал, багш нар маань “чанартай сайн сургадаг” атал, “боловсролын чанар тааруухан” гэдгийн учир чухам юунд байгааг л “олж харах” хэрэгтэй болж байгаа юм. Ингэхийн тулд, “боловсролын чанар”-ыг чухам “юугаар, яаж үнэлэх”-ийг боловсролын салбарын судлаачид тодорхой гаргаж, түүн дээрээ ойлголцоход анхаарлаа хандлуулах шаардлагатай. Учир нь үүнийг жинхэнэ мэргэжлийн үүднээс, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх эзэд нь бид өөрсдөө шүү дээ.
Үүний тулд, боловсролын үйлчилгээнийхээ “зорилго, үр дүн”-г үнэлэх арга зүйн асуудлаа оновчтой шийдвэрлэх шаардлагатай болж байгаа юм. Үнэндээ “боловсролын чанарыг багш нарын тавьсан дүн, үнэлгээгээр тодорхойлох нь тийм ч оновчтой биш” нь өнөөдрийн амьдралаас харагдаж байгаа. Тэгвэл, чухам юуг “боловсролын чанарын шалгуур гэж үзэх нь илүү оновчтойвэ?” гэсэн асуултад хариулт олох шаардлагатай болж байна.
Ингэхийн тулд, “боловсрол” хэмээх ухагдахууныхаа “агуулга”-ыг жаахан нарийчлан тодруулж харах шаардлагатай. Тухайлбал, “боловсрол”-оо зөвхөн хувь хүний эзэмшсэн “мэдлэг чадвар” төдийгөөр бус, харин түүний “хүмүүншил төлөвшил”-тэй холбон авч үзэх нь чухал юм. Үнэндээ хүн, “боловсрох”-ынхоо хэрээр ухаан сууж, өөрөө өөрийнхөө үйл хөдөлгөөн, ажил хөдөлмөрөө зохицуулан жолоодох чадвартай болох учиртай. Чухамхүү, ийн “хүний, өөрийнхөө ажил, амьдралын эзэн нь болж чадаж байгаа эсэх”-ийг нь тухайн хувь хүний “боловсорсон байдлын илрэл” гэж үзэх боломжтой юм. Ер нь ч хүний чухам энэ шинж байдал нь л, гаднаас ил харагдаж, түүний “хэр зэрэг хүмүүншиж боловсорсон”-ыг нь илэрхийлж байдаг. Ийм учраас “боловсролын үйлчилгээ буюу сургалтын чанар”-ыг, тухайн шатны сургалтад хамрагдсан суралцагчдын, өөр өөрсдийнхөө “ажил, мэргэжлийн арга ухааныг эзэмшин, ашиглах чадвар хэр суусан”-аар нь үнэлэхэд нэг их буруутахгүй юм.
Эндээс ургуулан бодоход, “боловсрол эзэмших” нь “мэдлэг эзэмших” бус, харин “мэдсэн, сурснаа ухаалаг ашиглахад суралцах” явдал бөгөөд энэ нь угтаа тухайн хувь хүний, “өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн нь болох чадвар сууж, хүмүүн шинжтэй болж төлөвших” үйл явц юм. Иймээс боловсролын чанарыг, тухайн үйлчилгээг авсан үйлчлүүлэгчдийн “ажиллах чадвар, ажлын хариуцлага, өөрөө өөрийнхөө үйл ажиллагааны эзэн болох чадвар төлөвшсөн” байдлаар үнэлэхэд нэг их хол алдахгүй юм. Үүнтэй уялдан, боловсролын салбарын үйлчилгээ буюу сургалтад хамрагдагчдад “мэдлэг, чадвар эзэмших”-ийн зэрэгцээ, тэдний цаашдаа “бие даан суралцаж, өөрийгөө боловсруулан төсралтгүй хөгжүүлж, ажиллан амьдрахын арга ухаан суух”-д нь чиглүүлэн хөтөлж, суурийг нь тавьж өгөх нь боловсролынхны ерөнхий зорилго болж таарч байгаа юм. Ийм учраас, боловсролын аль ч шатны сургалтын зориулалт, зорилго нь “суралцагчдад хөтөлбөрт тусгагдсан агуулгыг заах бус, харин тэдний хөтөлбөрт тусгагдсан агуулгыг судлах явцдаа, цаашид энэ чиглэлээрээ бие даан суралцаж, хөгжин ажиллах чадварыг эзэмших” сууриа тавихад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэх шаардлагатай юм. Тухайлбал, аль ч сургалтын явцад, суралцагчид “өөрөө өөрийнхөө цаашдын ажил, амьдралын эзэн нь болох”-ын талд ямар нэгэн хэмжээгээр ахиц олсон байх ёстой. Ийм учраас “боловсролын үйлчилгээний чанар”-ыг түүнд хамрагдсан суралцагчдын “суралцах болон ажиллах чадварын төлөвшилд үзүүлсэн нөлөөллийн хэр хэмжээ”-гээр үнэлэхэд нэг их алдахгүйгээр үл барам, харьцангуй бодитой үнэлгээ ч болох талтай. Учир нь, энэ нь нэг талаас үйлчилгээний үндсэн зориулалттай уялдсан, нөгөө талаас түүнийг, суралцагчид өөрсдөө мэдэрсэн байх боломжтойгоос гадна, тэднээр өөрсдөөр нь тодорхой хэмжээний ажил болон үүрэг даалгавар гүйцэтгүүлэн шалгах ч боломжтой. Үүгээр зогсохгүй, хичээл, сургалтын явцад багш, суралцагчдын хэн хэнийх нь оролцооны үүрэгтэй шууд холбоотой шалгуур учраас түүний үзүүлэлтийг дээшлүүлэхийн тулд хэн хэн нь, хаанаа, юун дээрээ анхаарах нь хүртэл тодорхой болж өгөх ашигтай юм.
Харин үүнийг үнэлэх арга, аргачлалыг, сургалтын явцын /үр өгөөжийн/, улирал, жилийн эцсийн /үр дүнгийн/-хээс өөр өвөрмөцөөр боловсруулах шаардлагатайг анхаарах нь чухал. Үүнийг бараг, хөндлөнгийн гэнэтийн даалгавраар шалгахын оронд, боловсролын үр өгөөжийг шууд болоод шууд бусаар хүртэгчдийн /тэдэнд, худал үнэлгээ өгч өөрсдийгөө хуурах нь ашиггүй тул/ сэтгэл ханамжаар үнэлэхэд ч болохгүй гэх газаргүй.

С.Батхуяг (Sc.D) 

Бичсэн: EDUCATION | цаг: 16:02 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781476 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax