2020-09-10
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дугаар тогтоолын хавсралт
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
 
Монгол Улсын Их Хурлын ээлжит 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд оролцсон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан нам, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналуудад үндэслэн 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж байна.
 
Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулахдаа халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг амжилттай даван туулж, хүн, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулах, бүс ба орон нутгийг хөгжүүлэх, өмнөх Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалахад онцгой анхаарч, дараах зургаан багц асуудлын хүрээнд хэрэгжүүлэх зорилго, зорилтуудаа дэвшүүллээ.
 
НЭГ.“КОВИД-19” ХАЛДВАРТ ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ЭДИЙН ЗАСАГ,   НИЙГМИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОДЛОГО
 
1.1.“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг,  нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
 1.1.1.“Ковид-19” халдварт цар тахлын үед иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих дараах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ:
 1.1.1.1.хүүхдийн мөнгөн тэтгэмжийн цар тахлын үеийн нэмэгдлийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэн олгоно.
 1.1.1.2.нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг 2020 оны 10 дугаар сараас хойш хэсэгчлэн үргэлжлүүлнэ.
 1.1.1.3.жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх арга хэмжээг 2020 оныг дуустал үргэлжлүүлнэ.
 1.1.1.4.түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод 2020 оныг дуустал татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн үзүүлнэ.
 1.1.1.5.аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, ариун цэвэр, халдваргүйн горимыг хангахад шаардлагатай мэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах замаар ажлын байраа хадгалах, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ.
 1.1.2.“Ковид-19” халдварт цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангахтай холбоотой төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ:
1.1.2.1.цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд зарцуулах зорилгоор Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ.
 1.1.2.2.цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад зориулсан санхүүжилтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлнэ.
 1.1.2.3.сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг улирлын томуугийн вакцинд бүрэн хамруулна.
 1.1.2.4.Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, ажилчдад олгох цалин, урамшуулал, дэмжлэгийг нэмэгдүүлнэ.
 1.1.3.Шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангана:
 1.1.3.1.хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг бүрдүүлнэ.
 1.1.3.2.шаардлагатай аймгуудад зоонозын өвчин судлалын төв, хил дагуух боомтод тандалтын нэгж байгуулна.
 1.1.3.3.шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулна.
 1.1.3.4.нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн нөөцийн агуулах шинэчлэн барьж, ашиглалтад оруулна.
 1.1.3.5.өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулна.
 1.1.3.6.шинэ коронавирусийн халдварыг тодорхойлох оношлуурыг дотооддоо бүтээн, туршиж, хэрэглээнд нэвтрүүлнэ.
 1.1.3.7.аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийг РТ-ПСР төхөөрөмжөөр хангана.
 1.1.4.“Ковид-19” халдварт вирусийн оношилгоо, эмчилгээнд зориулж импортлох оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оныг дуустал үргэлжлүүлэн чөлөөлнө.
 1.1.5.Экспортыг дэмжих санхүүгийн шийдлүүдийг боловсруулж, экспортод гаргах бараа, бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлнэ.
 1.1.6.Нүүрс, бусад уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх хүрээнд “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлнэ. Худалдааны түнш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж экспортыг нэмэгдүүлнэ.
 1.1.7.Цар тахлаас үүдсэн эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн дэмжлэг, туслалцааг нэмэгдүүлэх чиглэлээр хөгжлийн түнш улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана.
1.1.8.Гадаад улсад байгаа иргэнээ татан авах ажлыг эрчимжүүлнэ.
 1.1.9.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн чөлөөт мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах замаар Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээ, зардлыг бууруулах арга хэмжээг авна.
 1.1.10.Засгийн газраас эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон зээл, санхүүжилтийн эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө төлүүлэх, хямдруулан худалдах, дампуурсан банкнуудын эрх хүлээн авагчдаас авах төрийн байгууллагуудын авлагыг Монголбанканд шилжүүлэх зэргээр Засгийн газрын санхүүгийн нөөцийг нэмэгдүүлнэ.
 1.1.11.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагчдад сургалтын амжилттай нь уялдуулан 100 хүртэл хувийн тэтгэлэг олгоно.
 1.1.12.Цахим сургалтын платформ бий болгож, цахим агуулга хөгжүүлж, бэлтгэнэ. Зурагт болон интернэтгүй өрх, хүн амыг цахим сургалтад хамрагдах боломжийг бий болгохын тулд тохирсон сургалтын хэлбэр, хувилбаруудыг судалж, бэлтгэнэ.
 1.1.13.Цахим сургалтын тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
 1.1.14.Боловсролд зориулсан зардлыг урьдчилан нөөцлөх, орон нутгийн төсвийн орлогыг зарцуулах, боловсролд дутагдаж байгаа зардлыг шийдвэрлэнэ.
 1.1.15.Багш, сурагч, сургуулийн ажилтнуудын эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлж, сурагчийн сургууль завсардалтын эрсдэлийг тооцоолно.
 
ХОЁР.ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Эрүүл мэнд
 2.1.Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.
 2.1.1.Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ:  
 2.1.1.1. “Эрүүл, идэвхтэй амьдрал” арга хэмжээ;
2.1.1.2. “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” арга хэмжээ;
2.1.1.3. “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээ;
2.1.1.4. “Хавдрын эсрэг” арга хэмжээ;
2.1.1.5. “Элэг бүтэн Монгол” арга хэмжээ;
2.1.1.6. “Харшлаас сэргийлэх” арга хэмжээ;
2.1.1.7. “Эрүүл чийрэг эр хүн” арга хэмжээ.
2.1.2.“Элэг бүтэн Монгол” арга хэмжээний үр ашиг, өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлж, элэгний Д вирусийн халдвартай иргэдийн 50-аас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэнэ.
 2.1.3.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэд эх орондоо оношлогдон, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлж, орчин үеийн үндэсний оношилгоо, эмчилгээний төвүүдийг шинээр байгуулна:
 2.1.3.1.Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв;
2.1.3.2.Зүрх судасны үндэсний төв;
2.1.3.3.Сүрьеэгийн эмнэлэг;
2.1.3.4.Геронтологийн үндэсний төв;
2.1.3.5.Түлэнхийн төв;
2.1.3.6.Халдварт өвчин судлалын үндэсний төвийн салбар-II;
2.1.3.7.Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг-II.
 2.1.4.Яаралтай тусламжийн чанар, үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлнэ:
 2.1.4.1.орон нутагт шаардлагатай газарт яаралтай тусламжийн цэг байгуулна.
 2.1.4.2.эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламжийн чадавхыг сайжруулж, техник, тоног төхөөрөмжөөр хангана.
 2.1.4.3.яаралтай тусламж үйлчилгээнд агаарын үйлчилгээг /нисдэг тэрэг/ нэвтрүүлнэ.
 2.1.4.4.түргэн тусламжийн машины парк шинэчлэл хийнэ.
2.1.5.Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, хууль, эрх зүйн орчныг бий болгоно.
2.1.6.“Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, орон нутагт хийгдэх оношилгоо, эмчилгээнд алсын зайн технологи ашиглан, цахим эрт илрүүлэг, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлнэ.
 2.1.7.Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн оновчтой арга, хэлбэрийг нэвтрүүлж, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлж, эрсдэлийн сан байгуулна.
 2.1.8.Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэн бүртгэл, хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ.
 2.1.9.Эрүүл мэндийн ажилтны эрх зүйн шинэчлэл хийж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг дэмжинэ.
 2.1.10.Үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
2.1.11.Бүсийн эмнэлэг, оношилгооны төвийг үе шаттайгаар байгуулна.
2.1.12.Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан стандарт, чанарын шаардлага хангасан тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээг үзүүлэх орчныг бүрдүүлнэ.
2.1.13.Өрхийн эрүүл мэндийн төвийн статусыг тодорхой болгож, санхүүжилтийг оновчтой хэлбэрээр шийдвэрлэнэ.
2.1.14.Нүхэн жорлонтой эмнэлгийг үе шаттайгаар орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно.
Биеийн тамир, спорт
 2.2.Нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгож, мэргэжлийн спортыг дэмжиж, тамирчдын тив, дэлхий, олимпын түвшинд өрсөлдөх чадвар, амжилтыг нэмэгдүүлнэ.
 2.2.1.Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлнэ.
 2.2.2.Монгол үндэсний уламжлалт спортыг дэлхий нийтэд таниулахад төрөөс бодлогоор дэмжиж, үндэсний спортын төв байгуулж, гадаад улсын баг тамирчдыг оролцуулах тэмцээн, наадмын тогтолцоог хөгжүүлнэ.
 2.2.3.Иргэдэд үйлчлэх спортын зориулалтын стандарт талбайн хүртээмжийг нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцсэн спортын барилга байгууламжийг барина.

 Боловсрол

 2.3.Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ.
 2.3.1.Яслийн үндэсний тогтолцоог сэргээж 1-2, хүүхэд харах үйлчилгээнд 2-3 насны хүүхдийг хамруулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
 2.3.2.Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн насыг 3-5 болгож, 5 настай хүүхэд бүрийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангана.
 2.3.3.Ерөнхий боловсролын сургалтын чанарыг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор олон улсын PISA үнэлгээнд хамруулж, үндэсний чанарын үнэлгээний тогтолцоог бэхжүүлнэ.
 2.3.4.Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, шударга ёсны үзэл, хандлага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн, монгол хүний онцлогт тохирсон зан чанар, хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ.
 2.3.5.Мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог төгсөгчдийн мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэлттэй уялдуулан судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд суурилсан өрсөлдөөнт санхүүжилтийн тогтолцоог бий болгож, судалгаанд суурилсан үндэсний их сургуулийг хөгжүүлнэ.
 2.3.6.Хөгжлийн тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа болон сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлнэ.
 2.3.7.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн орон нутаг дахь их сургуулиудыг хотхон хэлбэрт үе шаттайгаар шилжүүлнэ.
 2.3.8.“Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж, мэргэжлийн стандартыг нэвтрүүлэн, үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлнэ.
 2.3.9.Суралцагчдад ээлтэй сургалтын орчныг бүрдүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах бүтээн байгуулалтыг хийнэ:
 2.3.9.1.273 цэцэрлэг ашиглалтад оруулах;
2.3.9.2.200 шинэ сургууль ашиглалтад оруулах;
2.3.9.3.тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн барилгыг шинэчилж, өргөтгөх;
 2.3.9.4.жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох.
 2.3.10.Цэцэрлэг, дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоолны зардлыг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан 2-оос доошгүй дахин нэмэгдүүлж, ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” арга хэмжээг “Үдийн хоол” болгоно. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шүүлтүүртэй ундны цэвэр усаар хангана.
2.3.11.Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн урлаг, биеийн тамирын хичээлийн агуулга, хөтөлбөрийг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангана.
2.3.12.Цахим сургалтын платформыг хөгжүүлж, цахим сургалтын хөтөлбөрийг боловсруулан, цахим агуулга, цахим хичээл боловсруулан бүх насны иргэдэд насан туршдаа суралцахуйг дэмжих боломжийг бүрдүүлнэ.
 2.3.13.Боловсролын хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, чадавхыг дээшлүүлнэ.
2.3.14.Төрийн өмчийн их, дээд сургуулиудын судалгааны болон бусад зардалд төрөөс зарим дэмжлэг үзүүлнэ.
2.3.15.Орон нутаг дахь мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, их, дээд сургуулиудыг дэмжиж, багш нарт орон нутгийн нэмэгдэл олгож, оюутныг төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.
2.3.16.Олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хөтөлбөрийг бий болгох эрх зүйн шинэтгэл хийж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Шинжлэх ухаан, технологи, инновац
 
2.4.Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан үндэсний төвүүдийг байгуулах замаар нөөцийг төвлөрүүлж, эрдэм шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлэн зөв ашиглаж, судалгааны ажлын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны үр ашгийг нэмэгдүүлсэн байна.
 2.4.1.Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгаа, шинжилгээний чиглэлийг оновчтой болгон, судлаачийн чадавхыг дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг 4 дахин нэмэгдүүлнэ.
 2.4.2.Шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр шинжлэх ухааны парк, хүрээлэнгийн цогцолбор, уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн барилгын ажлыг эхлүүлж, олон улсын стандартад нийцүүлнэ.
 2.4.3.Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжилд өгч байгаа үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт тогтолцоонд шилжүүлж, нэгдсэн, төрөлжсөн, нээлттэй лабораторийг байгуулан салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгаалал
 2.5.Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж, нийгмийн халамжийг оновчтой болгон, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, хүн амын хөгжлийг хангаж, дундаж давхаргын хүрээг өргөжүүлэн монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлнэ.
 2.5.1.Нийгмийн даатгалын шинэчлэл хийж, иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ.
 2.5.2.Нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
 2.5.3.Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжинэ.
 2.5.4.Хөдөлмөрийн зах зээлийг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж, бүтээмж, үр дүнд суурилсан цалин хөлс, ажлын үнэлгээний систем нэвтрүүлж, зайнаас болон цагаар ажиллах уян хатан зохицуулалт бий болгон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
 2.5.5.Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
 2.5.6.“Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгоно.
 2.5.7.Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгож, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг тууштай бууруулна.
 2.5.8.Гэр бүл, хүүхэд залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ.
 2.5.9.Орлого багатай өрхийн ажил эрхлэхгүй байгаа насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
 2.5.10.Томоохон бүтээн байгуулалт, үндэсний болон орон нутгийн хөгжлийн зорилттой уялдуулан мэргэжлийн боловсрол, сургалтыг төрөлжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд бүрэн нийцүүлнэ.
 2.5.11.Мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ хотхон, дадлагын бааз байгуулж, санхүүгийн бие даасан байдлыг хангана.
 2.5.12.“Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээ хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг тэдний хүнс, тэжээлийн хэрэгцээ, бие бялдар, хувь хүний хөгжил, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдийн хуримтлал бий болгоход зарцуулах тогтолцоог бүрдүүлнэ.
2.5.13.Тусгай хэрэгцээ /байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээл/-тэй 0-16 насны хүүхдээ асран ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх /эцэг/-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх боломжоор хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
2.5.14.Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн үр дүнд болон хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар 150 мянган ажлын байр шинээр бий болгоно.
2.5.15.Гадаадад сурч, хөдөлмөрлөж байгаа монгол иргэдийг дэмжих, эх орондоо эргэн ирж ажиллаж хөдөлмөрлөхөд дэмжлэг үзүүлэх хөдөлмөрийн бирж бий болгоно.
 
Үндэсний бахархал, өв соёл
 
2.6.Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно. 
 2.6.1.Үндэсний бахархал, монгол өв соёлыг өвлүүлж, олон улсын стандарт шаардлагад нийцсэн дараах барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулна:
 2.6.1.1.“Чингис хаан” хаад, язгууртны музейн шинэ барилга, бусад түүхэн газар нутагт баригдаж байгаа цогцолборууд;
 2.6.1.2.Байгалийн түүхийн музейн шинэ барилга;
2.6.1.3.Үндэсний номын сангийн шинэ барилга;
2.6.1.4.Үндэсний урлагийн их театрын шинэ барилга;
2.6.1.5.Үндэсний археологи, палеонтологи, угсаатны зүйн музей, лаборатори;
 2.6.1.6.Хөвсгөл нуурыг түшиглэсэн “Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв”;
 2.6.1.7.Хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театр;
2.6.1.8.соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн соёл, урлагийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
 2.6.1.9.“Төв Азийн түүх, соёлын голомт” судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйгийн дурсгалуудыг түшиглэн байгуулна.
 2.6.2.Соёл, урлагийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн үндэсний зорилтот арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, харилцан уялдаатай, үр дүнтэй хэрэгжүүлнэ:
 2.6.2.1.“Цахим соёл” арга хэмжээ;
2.6.2.2.“Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээ;
2.6.2.3.“Сонгодог урлаг-III” арга хэмжээ;
2.6.2.4.“Соёлын бүтээлч үйлдвэрлэл-II” арга хэмжээ;
2.6.2.5.“Монгол өв ба дэлхий дахин” олон улсын арга хэмжээ.
 2.6.3.Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгож, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ:
 2.6.3.1.монгол хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх “Монголын соёлын төв”-ийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн байгуулна.
 2.6.3.2.олон улсад өрсөлдөх чадвар бүхий соёл урлагийн чадварлаг хүний нөөцийг бэлтгэж, ажлын байраар хангах тогтолцоог сэргээнэ.
 2.6.3.3.үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, соёлын аялал жуулчлал, кино урлаг, сонгодог урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулан, эдийн засгийн эргэлтэд оруулна.
 2.6.3.4.нүүдлийн соёл иргэншлийн суурь дээр тулгуурласан мэргэжлийн урлагийг хөгжүүлж, бүс нутаг, олон улсад өрсөлдөх чадвар бүхий монгол брэндийг бий болгож соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
 2.6.3.5.соёлын удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгож, санхүүжилтийн олон эх үүсвэртэй, хүртээмжтэй, үр ашигтай механизмыг бүрдүүлэн соёлын үйлчилгээг иргэдэд чанартай, шуурхай хүргэнэ.
 2.6.3.6.иргэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоонд суурилсан соёлын өвийг хамгаалах үр ашигтай, тогтвортой механизм бүрдүүлж, соёлын биет болон биет бус өвийн оршин тогтнох чадавхыг бэхжүүлж, цахим соёлын санг бүрдүүлнэ.
 2.6.3.7.соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг сайжруулна.
 2.6.4.Хэвлэл мэдээллийн салбарыг үнэн бодит мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх чиглэлээр хөгжүүлнэ.
 
ГУРАВ.ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

 Санхүү, төсвийн зохицуулалт

 3.1.Санхүү, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах бодлого хэрэгжүүлнэ.
 3.1.1.Инфляцын зорилтот түвшин, эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, валютын нөөцийн хүрэлцээтэй байдлыг нэмэгдүүлэх макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ.
 3.1.2.Эдийн засгийн эрсдэлээс сэргийлж, эдийн засаг өсөлттэй үед төсвийг тогтворжуулж, хямралтай үед тэлэх мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлнэ.
 3.1.3.Банкны салбарын шинэчлэлийг богино хугацаанд хийж, банк, санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг өртөг багатай санхүүжилтээр дэмжиж, банкны зээлийн сарын хүүг 1 хувиас хэтрүүлэхгүй болгож, эрсдэл даах чадамжтай болгоно.
3.1.4.Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, зээлийн хүүг бууруулна.
 3.1.5.Санхүүгийн түрээсийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
 3.1.6.Иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх замаар мөнгө хүүлэлтийг таслан зогсооно.
 3.1.7.Иргэн, хуулийн этгээд хөрөнгийн биржийн арилжаанд сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурласан, цахим арилжааны дэд бүтцээр шууд оролцох боломжийг бүрдүүлнэ.
 3.1.8.Банк, санхүүгийн систем дэх чанаргүй зээлийг шуурхай, зардал багатай шийдвэрлэх хууль, эрх зүйн шинэчлэл хийнэ.
 3.1.9.Хугацаа тулсан гадаад өр төлбөрийг макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр шийдвэрлэн Засгийн газрын өрийн дарамтыг бууруулж, санхүүгийн нөөцийг бүрдүүлнэ.
 3.1.10.Гадаад худалдааг дэмжсэн гаалийн үйлчилгээг хялбаршуулж, иргэдийг хууль бус, хуурамч бараанаас сэргийлэх, байгалийн баялгаас татварыг бүрэн хураахад чиглэсэн гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ.
 3.1.11.Татварын тайлагналт, хураалтын үйл ажиллагааг цахимжуулж, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар татварын үйлчилгээг иргэд, татвар төлөгчдөд хүндрэлгүй болгож, татварын суурийг нэмэгдүүлнэ.
 
3.1.12.Төсөв, санхүүгийн нэгдсэн цахим систем нэвтрүүлж, төрийн үйлчилгээг шуурхай, үр ашигтай болгож, гадаадын зээл, тусламж, төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг ил тод, хэмнэлттэй зарцуулах нөхцөл бүрдүүлнэ.
 3.1.13.Бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжсэн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан шинэчлэлийн бодлого хэрэгжүүлнэ.
 3.1.14.Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн бодлого, хууль, эрх зүйн орчныг тодорхой болгоно.
 3.1.15.Дотоодын давхар даатгал хөгжих, урт хугацааны даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж, даатгалын салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулан салбарын тогтвортой өсөлтийг бүрдүүлнэ.
 3.1.16.Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан эх оронч худалдан авалтыг дэмжиж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгана.
 3.1.17.Чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллана.
 3.1.18.Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, хөрш орнуудын хилийн боомтуудын жишигт хүргэнэ. Хилийн заставуудын барилга, объектуудыг шинэчилж чанарыг сайжруулна.
 3.1.19.Зах зээл болон байгалийн нөөц баялагт ойр, ажиллах хүчний хангалттай нөөцтэй, аж үйлдвэрийг хөгжүүлэх тааламжтай орчин бүрдсэн бүс нутгийг сонгон хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна.
 3.1.20.Бүтээгдэхүүнээ экспортод гаргасан аж ахуйн нэгжийг тусгайлан дэмжих “Экспортын баталгааны сан” байгуулж ажиллуулна.
 3.1.21.Нийслэлээс 1000 км-ээс дээш алслагдсан бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд 10 дахин бага буюу 1 хувийн татвар төлөх хуулийн хөнгөлөлтийг үргэлжлүүлж, орон нутагт томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг санхүү, татварын бодлогоор дэмжиж, бүсийн нэмэгдэл олгоно.
3.1.22.Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
 
Уул уурхай, хүнд үйлдвэр
 3.2.Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ. Газрын тос, нүүрс-хими, зэсийн баяжмал, төмөрлөг зэрэг хүнд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, холбогдох дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ.
 3.2.1.Стратегийн ач холбогдол бүхий ордуудын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлнэ:
 3.2.1.1.Оюутолгойн төслийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, далд уурхайг ашиглалтад оруулна.
 3.2.1.2.“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын өмчлөлтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводод өргөтгөл, шинэчлэлийг хийж, үйлдвэрлэлийн хүчин чадал, өгөөжийг нэмэгдүүлнэ.
 
3.2.1.3.Цагаан суваргын зэс, молибденийн ордыг ашиглалтад оруулна.
 
3.2.1.4.Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд өргөтгөл хийж, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж өртөг, зардлыг бууруулна.
 3.2.1.5.Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ.
 3.2.1.6.Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна.
 3.2.2.Томоохон ордуудыг ашиглалтад оруулж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ:
 3.2.2.1.Салхитын мөнгөний ордыг төслийн хүчин чадалд хүргэж ашиглана.
 3.2.2.2.Зүүн цагаан дэлийн жоншны далд уурхайг ашиглалтад оруулна.
 3.2.3.Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ.
 3.2.4.Үндэсний геомэдээллийн нэгдсэн санг хөгжүүлж, цахим системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлнэ.
 3.2.5.Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар, холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялгийн нөөцийг арвижуулна.
 
3.2.6.Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно.
 3.2.7.Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ:
 3.2.7.1.хар төмөрлөгийн /кокс, ширэм, шууд ангижруулсан төмөр/ үйлдвэрлэлийг Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт хөгжүүлнэ.
 3.2.7.2.Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулна. Паркийн бүрэлдэхүүнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулна.
 3.2.7.3.үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулна.
 3.2.7.4.үнэт металлын сорьц тогтоох салбар лаборатори байгуулж, үнэт металлыг сорьцлох, эрдэнийн чулууг тодорхойлох үйл, ажиллагааг өргөжүүлж иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
 3.2.7.5.Оюутолгойн ордыг түшиглэн зэсийн баяжмалыг боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлнэ.
 3.2.8.Дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна:
 3.2.8.1.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлж нөөцийг өсгөнө.
 3.2.8.2.газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах, дамжуулах хоолой барих санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэнэ.
 3.2.8.3.Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна.
 3.2.9.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг Баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ.
 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр
 
3.3.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.
 3.3.1.Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экспортлох, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
 3.3.2.Газар тариалан, хөдөө аж ахуйн төв Дархан, Сэлэнгэ бүс нутагт агротехникийн засвар үйлчилгээний төв байгуулах ажлыг хэрэгжүүлнэ.
 3.3.3.Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, махны экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
 3.3.4.Бэлчээрийг усжуулах, худагжуулах ажлыг үргэлжлүүлэн малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой байдлыг хангах, малын чанар, ашиг шимийг сайжруулж, малын тоог чанарт шилжүүлж малын генийн санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж, “Монгол мал-II” арга хэмжээг хэрэгжүүлнэ.
 3.3.5.Бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, сайжруулалтын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, бэлчээрийн доройтол, цөлжилтийг бууруулна.
 3.3.6.Малчдыг дэмжих анхдугаар аян зохион байгуулж, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг бүсчилсэн байдлаар байгуулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн экспортолж, малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ.  
 3.3.7.Мал аж ахуйг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах, бэлэн байдлыг хангах, сумдад өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малчдыг өвс тэжээл нөөцлөх сүлжээг бий болгоно.
 3.3.8.Мал эмнэлгийн тогтолцооны шинэчлэлийг төгөлдөржүүлж, халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх, гоц халдварт өвчингүй, тайван бүсийг баталгаажуулж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын боломжийг нээнэ.
 3.3.9.Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих замаар мах, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.
 3.3.10.Мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах байгальд ээлтэй цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
 3.3.11.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлсэн малчид, тариаланчдад төрөөс урамшуулал олгоно.
 3.3.12.Хөдөө аж ахуйн тээвэр, борлуулалтын логистикийн сүлжээг байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн чанарын хяналт, баталгаажуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
 3.3.13.Жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлнэ.
 3.3.14.Оюутолгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.
 3.3.15.Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан, байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хий багатай ногоон төслүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ.
 Аялал жуулчлал
 3.4.Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
 3.4.1.Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-I”-ийг Хөвсгөл, Хэнтий, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II”-ийг Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг аймагт хэрэгжүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлнэ.
 3.4.2.Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Мянганы суут хүн Чингис хаан цогцолбор”-ын ажлуудыг цогц байдлаар дуусгаж, Монголын нууц товчооны дурсгалт газруудыг хамгаалах, олон улсад сурталчлан таниулах, дэд бүтцээр холбох ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна.
 3.4.3.Манзуширын түүхэн дурсгалт газрыг түшиглэн соёл, шашин, аялал жуулчлалын олон улсын цогцолбор байгуулах ажлыг эхлүүлнэ.
 3.4.4.Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ.
 3.4.5.Монголын нүүдлийн соёлын онцлогт тохирсон үндэсний шинэлэг, сор бүтээл, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аялал жуулчлалыг дэмжинэ.
 3.4.6.Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймгуудад аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг байгуулна. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
 3.4.7.Хил орчмын аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлнэ.
 3.4.8.“Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарт технологийн дэвшил нэвтрүүлж, гадаад сурталчилгааг өргөжүүлнэ.
 3.4.9.Аялал жуулчлалын сургалтын төв байгуулж, салбарын чадварлаг хүний нөөцийг бүрдүүлнэ.
 
Эрчим хүч
 
3.5.Эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг бүрэн хангана.
 3.5.1.Цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг дотоодоос бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлнэ:
 3.5.1.1.Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар тус тус өргөтгөж шинэчилнэ.
 3.5.1.2.Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлж, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина.
 3.5.1.3.Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөнө.
 3.5.1.4.Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станц, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
 3.5.1.5.төвийн, зүүн болон говийн бүсийн нүүрсний орд газруудыг түшиглэн 300-400 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.   
 3.5.1.6.160 МВт.ц багтаамжтай цахилгаан цэнэг хураагуурын станц барина.
 3.5.1.7.Амгалангийн дулааны станцын хүчин чадлыг хосолмол 50МВт-аар нэмэгдүүлнэ.
 3.5.1.8.Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны хэрэглээ болон эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Улаанбаатар хотын Дулааны II цахилгаан станцын дэд бүтцийг түшиглэн хийн цахилгаан станцын ажлыг төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эхлүүлнэ.
 3.5.1.9.нийслэлийн Багануур, Налайх дүүргүүдэд дулааны станцын өргөтгөл шинэчлэлт хийх; эрчим хүчний шинэ эх үүсвэр, дэд станц шинээр бий болгоно.
 3.5.2.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу байгалийн хий дамжуулах хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл хангана.
 
3.5.3.Төвлөрсөн хот, сум, суурин газарт дулааны эх үүсвэр шинээр барих, өргөтгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, дулаан хангамжийн чанар хүртээмж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулна. /Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар, Хэнтий аймагт дулааны станц барина./
 3.5.4.Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, алдагдлыг бууруулах инновац, шинэ техник технологи нэвтрүүлж, эрчим хүчний үнэ тарифыг үе шаттайгаар зах зээлийн зөв тогтолцоонд шилжүүлнэ.
 3.5.5.Бүс нутгийн эрчим хүчний сүлжээг өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбож, уул уурхай, хүнд үйлдвэрийн мега төслүүдийн цахилгаан хангамжийг үе шаттайгаар шийдвэрлэж, ухаалаг систем бий болгоно. /Чойр-Сайншандын 230 км урттай 220 кВ-ын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барина./ 
 3.5.6.Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг зохистой харьцаагаар хөгжүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах ногоон үйлдвэрлэлийн төслүүдийг хэрэгжүүлнэ. /Салхины цахилгаан станцын 15 МВт-ын хоёр, нарны цахилгаан станцын 35 МВт-ын дөрвөн төсөл хэрэгжүүлнэ./
 3.5.7.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд үндэслэн орон нутагт хэрэгжүүлэх иргэний болон үйлдвэрлэлийн барилга байгууламжийн томоохон төслийн эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ, дэд бүтцийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг хийнэ. /Хөшигийн хөндийд баригдах бүтээн байгуулалттай холбоотой дулаан, цахилгааны эх үүсвэрүүдийг судалж, үе шаттай хэрэгжүүлнэ./
 
Тээвэр, логистик
 3.6.Эдийн засгийн өсөлтийг хангахуйц, тээврийн ухаалаг системд суурилсан үндэсний тээвэр, логистикийн сүлжээг байгуулна.
 3.6.1.Эдийн засгийн өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх зам тээврийн сүлжээг өргөжүүлнэ:
3.6.1.1.Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг эхлүүлнэ.
 3.6.1.2.Улаанбаатар төмөр замд техникийн болон парк шинэчлэлийг эхлүүлж, 200 км гол замд их засвар хийнэ.
 3.6.1.3.Богдхан төмөр зам болон баруун босоо чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг хийж дуусгана.
 3.6.1.4.Азийн авто замын сүлжээний АН-3 буюу Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг, Налайх-Баян чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгож, Азийн авто замын сүлжээний АН-4 буюу Цагаан нуур-Улаан байшинт, Өлгий хотыг тойрсон хатуу хучилттай авто замыг барьж дуусган, Мянганы замын хэвтээ, босоо тэнхлэгийн авто замыг үргэлжлүүлнэ.
 3.6.1.5.Орхон-Дашинчилэнгийн замаас үргэлжлэх Мянганы замын хэвтээ, босоо тэнхлэгийн авто замуудыг үргэлжлүүлнэ.
 3.6.1.6.томоохон суурин газруудыг хилийн боомттой холбосон хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлнэ.
 3.6.1.7.хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Чойбалсан-Хавиргын хилийн боомтын чиглэлийн 124.5 км, Норовлин-Баян-Уул-Ульхан боомт чиглэлийн хатуу хучилттай авто замыг барьж эхлүүлнэ.
 3.6.1.8.аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн 2022 км авто замыг барина.
3.6.1.9.эдийн засгийн үр ашигтай, хөдөө аж ахуйн тээвэрлэлтийг дэмжсэн “Нутгийн зам төсөл”-ийг хэрэгжүүлнэ.
 3.6.1.10.Булган аймгийн Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл 99.7 км авто замыг барина.
 
3.6.1.11.Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км авто замыг барина.
 3.6.2.Тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх замаар авто замын сангийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн авто замын санг бие даасан үйл ажиллагаанд шилжүүлнэ:
 3.6.2.1.олон улсын болон улсын чанартай 14,918.7 км авто замын сүлжээнд их засвар, ээлжит засвар, арчлалтын ажлыг норм, нормативын дагуу гүйцэтгэнэ.
 3.6.2.2.Онги, Түргэн, Байдраг, Хэрлэн, Ерөө, Орхон, Гичгэнэ, Чигэстэй голуудын нийт 1306.8 урт метр төмөр бетон гүүрэнд их засварын ажлыг хийнэ.
 3.6.2.3.авто замын ашиглалтын бэлэн байдалд хяналт тавих, төлбөр хураах цэгийн тоог нэмэгдүүлж бүрэн цахимжуулна.
 3.6.3.Байгаль орчинд ээлтэй, эрэлтэд нийцсэн тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлнэ:
 3.6.3.1.нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг цахилгаан болон байгалийн шатдаг хийгээр ажилладаг хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэлд бүрэн шилжүүлэн, цахилгаан болон байгалийн шатдаг хийгээр цэнэглэх сүлжээг бий болгоно.
 
3.6.3.2.төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэл болон орон нутагт ачаа, зорчигч тээврийн зориулалт бүхий терминалуудыг байгуулна.
 3.6.3.3.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотын Дуньзян боомтод олон улсын тээвэр, логистикийн төвийн төслийг эхлүүлнэ.
 3.6.3.4.төмөр замын сүлжээг түшиглэн олон улсын стандартад нийцсэн хуурай боомтыг барьж байгуулна. Нийслэлийн Налайх дүүрэгт Улаанбаатар төмөр замыг түшиглэн олон улсын стандартад нийцсэн ачаа тээвэр, логистикийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулна.
 3.6.4.Агаарын тээврийн либералчлалыг үргэлжлүүлж, өрсөлдөөнийг бий болгож, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэн, орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулна:
 3.6.4.1.олон улсын нислэгийг өргөжүүлэх, аяллын дугаар хуваах зэргээр нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлнэ.
 3.6.4.2.Ховд, Дорнод, Хөвсгөл аймгуудын нисэх буудлуудыг 4 С ангиллын олон улсын нисэх буудал болгон хөгжүүлэх төслийг эхлүүлнэ.
 3.6.4.3.төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулна.
 
Барилга, хот байгуулалт
 
3.7.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог бэхжүүлж, иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.
 3.7.1.Газрын харилцаа, хот байгуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хотуудын зэрэглэлийг тогтооно.
 3.7.2.“Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд олон улсын геодезийн сүлжээнд холбогдсон, байнгын ажиллагаатай станцуудаас бүрдсэн геодезийн хэмжил зүйн дэд бүтэц, хаягжилтын нэгдсэн системийг монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд байгуулж, тэдгээрийн тоон мэдээллийг түгээх тогтолцоог үе шаттайгаар бий болгоно.
 3.7.3.Хиймэл оюун ухаан болон блокчейн,  мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангасан технологид суурилсан газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэл, үнэлгээ, төлбөр, татвар, биржийн системийг хөгжүүлж, үйл ажиллагааг эхлүүлнэ.
 3.7.4.Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан бүсчилсэн хөгжлийн бодлого, бүс нутгийн оновчтой бүтэц, хөгжлийн ирээдүйтэй сууриныг тодорхойлж, агаарын тээвэр, авто зам, төмөр замын сүлжээнд холбоно.
 3.7.5.Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судалж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна.
 3.7.6.Цахим эдийн засаг, үйлчилгээний салбарыг дэмжихэд шаардлагатай дэд бүтэц болох Улаанбаатар хотын дагуул хотыг барьж байгуулна.
 3.7.7.“Шинэ Зуунмод”, “Майдар” шинэ хотуудын хөгжлийн төлөвлөлтийг боловсруулж, бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлнэ.
 3.7.8.Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, орон сууцжуулах хөтөлбөрийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэ зохион байгуулалтаар өргөжүүлэн хэрэгжүүлнэ.
 3.7.9.Хуримтлалын нэгдсэн санг байгуулан төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150 мянган өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, орон сууцны хорооллыг барих ажлыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан үе шаттай эхлүүлнэ.
 3.7.10.Нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулна.
 3.7.11.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, ашиглалтын дэвшилтэт техник, технологи нэвтрүүлнэ.
 3.7.12.Хот, суурины үерийн далан суваг, борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
 3.7.13.Барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх цемент, арматур, хавтгай шил зэрэг үндсэн нэр төрлийн материалыг эх орны эрдэс, түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх замаар импортыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ.
 3.7.14.Чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулна.
 
ДӨРӨВ.ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

 “Цахим Монгол”-төрийн шуурхай үйлчилгээ

 
4.1.Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.
 4.1.1.Төрийн байгууллагын мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг болох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, “Нэг иргэн-нэг бүртгэл” арга хэмжээг үргэлжлүүлэн, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн стандартад оруулна.
 4.1.2.Хүний эрхийг дээдэлсэн, цахим засаглалыг дэмжсэн, технологийн аюулгүй, зохистой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргана.
 4.1.3.Цахим засаглалын тогтолцоог боловсронгуй болгож, технологийн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлнэ.
 4.1.4.Төрийн үйлчилгээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инновац нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлнэ.
 4.1.5.Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний өсөн нэмэгдэх хэрэгцээ, шаардлагыг хангах дэд бүтцийг байгуулж, хамрах хүрээг өргөжүүлж, багтаамжийг нэмэгдүүлнэ.
 4.1.6.Үндэсний ашиг сонирхлыг хамгаалсан төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангасан мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлж, чадавхыг нэмэгдүүлнэ.
 4.1.7.Бүх нийтийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлнэ.
 4.1.8.Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэд, олон нийтийн оролцоог хангана.
 4.1.9.Мэдээллийн технологийн энтрепренёр, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж, үндэсний тоон контентыг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна.
 4.1.10.Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санг цалингийн нэгдсэн системтэй холбож, орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулна.
 
Мэргэшсэн, хариуцлагатай төрийн алба
 4.2.Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, төрийн чиг үүргийн уялдааг хангах замаар бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгоно.
 
4.2.1.Төрийн бүх шатанд байгаа авлигыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлж, төр иргэдийн мэдээлэл солилцох тогтолцоог боловсронгуй болгоно.
 4.2.2.Төрийн захиргааны байгууллагад чиг үүргийн иж бүрэн шинжилгээ хийж, чиг үүргийг оновчтой болгож, ажил үүргийн давхцалыг арилгах бодлогын шинэчлэлийг эхлүүлнэ.
 4.2.3.“Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд зөвшөөрлийн цахим бүртгэл, хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрөөс олгох зөвшөөрлийн тоог цөөлж, олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгоно.
 4.2.4.Төрийн болон нийтийн өмчийн үр ашигтай, зохистой ашиглалт, хэрэглээг дэмжиж, удирдлага, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэх замаар төрийн өмч үнэгүйдэх асуудлыг таслан зогсооно.
 4.2.5.Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана.
 4.2.6.Төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулж, төрийн албан хаагчийн сургалтын байгууллагын материаллаг орчныг сайжруулж, орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын орчин, дэд бүтэц бий болгоно.
 4.2.7.Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого баримтална.
 
4.2.8.Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эмэгтэйчүүд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор хангана.
 4.2.9.Үндэсний стандартуудыг олон улсын түвшинд нийцүүлж шинэчилнэ.
4.2.10.Нийгмийн зөвшилцөлд үндэслэсэн түншлэлийн хүрээнд шийдвэр гаргах бүх шатанд төр, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил зөвлөлдөх, санал авах, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавихад оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.  
4.2.11.Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг  эх орондоо эргэн ирж ажиллах, хилийн чанадаас улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
 
Амар тайван, аюулгүй нийгэм
 
4.3.Иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангана.
 
4.3.1.Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хилийн торон саадыг шинэчилж, хил хамгаалах албаны үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглана. Хилчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хүний нөөцийг нэмэгдүүлнэ. Хилийн анги, салбаруудын автомашины парк шинэчлэлийг үе шаттайгаар хийнэ.
 4.3.2.Дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангана.
 4.3.3.Эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах түр хамгаалах байрыг байгуулж, хуульд заасны дагуу мэдээллээр хангана.
 4.3.4.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.
 4.3.5.Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөжүүлнэ.
 4.3.6.Ялын бодлогыг нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулах, ялтныг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах замаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулалтыг нэмэгдүүлнэ.
 
4.3.7.Шүүхийн шинжилгээний үйл ажиллагаанд судалгаа, техник, технологийн ололтыг нэвтрүүлж, шүүхийн шинжилгээний байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангана.
 4.3.8.Монгол Улсын түүх соёлд холбогдох гадаад улсад хадгалагдаж байгаа баримтыг эх нутагт нь байршуулж, үндэсний санах ой болох архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулж, архивын баримтыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
 4.3.9.Гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, мэдээлэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгоно.
 4.3.10.Ачаа болон нийтийн зорчигч тээвэрлэлтийн зориулалттай тээврийн хэрэгсэл автомашины камертай байх стандартыг тогтоож, баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг үе шаттайгаар хязгаарлах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй бодлогыг хэрэгжүүлэх замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн осол, түүнээс үүдэх хор уршгийг бууруулна.
 4.3.11.Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг байгууллага, иргэдэд шуурхай хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн стандартын түвшин, хангалтыг дээшлүүлж, гамшгийн үеийн харилцаа холбоог сайжруулна. Цаг агаарын аюул, гамшгийн үед үзэгдэлд суурилсан амжиж анхааруулах орон нутгийн мэдээг үүсгэж, аймаг, сумын төвөөс малчдад хүргэн түгээж, бэлэн байдалд орох боломж бүрдүүлэх зорилгоор орон нутгийн мэдээлэл холбооны эргэх холбоо бүхий цогцолборуудыг эрсдэл өндөртэй бүсүүдэд байгуулна.
 4.3.12.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгож, олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон санхүүгийн системийг хөгжүүлнэ.
 4.3.13.Иргэдийн эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтүүдийг өндөр нарийвчлалтай тодорхойлж, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг эрсдэлд суурилсан хяналтаар чанд мөрдүүлнэ.
 4.3.14.Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн зориулалттай нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, бараа материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, хөргүүр бүхий автоматжуулсан махны зоорь, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий иж бүрэн механикжуулсан хүнсний агуулах, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай агуулахын цогцолбор байгуулна.
 4.3.15.Салбар дунд ашиглах “Агаарын аврах хүчин” байгуулна.
 4.3.16.Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хүрээлэн байгаа орчны эрүүл, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хэмжил зүйн эталоныг хөгжүүлнэ.
 4.3.17.Газрын тосны бүтээгдэхүүн, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдал, хяналтыг сайжруулна.
 4.3.18.Архидан согтуурахтай хийх тэмцлийг эрчимжүүлж архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлнэ. Архидан согтуурахтай тэмцэх сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна.
 
Хараат бус бие даасан шүүх, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн шинэтгэл
 4.4.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хүний эрх, эдийн засаг, бизнесийн орчныг дэмжсэн хууль тогтоомжийн шинэчлэлийг хийж, шударга ёс, хуульт ёсыг бэхжүүлнэ.
4.4.1.Орон тооны гишүүдээс бүрдсэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог байгуулах замаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлж, иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сайжруулах хууль, эрх зүй, зохион байгуулалтын цогц арга хэмжээг авна.
4.4.2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хараат бус, бие даасан, ил тод байдлыг хангаж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх ёс, хүний эрхийг хангах тогтолцоог боловсронгуй болгоно.
 4.4.3.Хуульчийн мэргэжлийн шалгалт, үргэлжилсэн сургалт, хууль зүйн чиглэлийн дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлж, эдийн засаг, бизнесийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэнэ.
 4.4.4.Эх газрын эрх зүйн бүлийн хэв шинж, философид суурилсан Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн урт хугацааны “Эрх зүйн шинэтгэл II” арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлнэ.
 4.4.5.Гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, хүүхдийн тэтгэмж тогтоох болон газар өмчлөх эрх нь хөндөгдсөн төлбөрийн чадваргүй иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
 4.4.6.Хувийн өмч, хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг сайжруулан бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, цахим гэрээ, хэлцлийн хууль, эрх зүйн орчныг сайжруулан цахим орчинд хийгдсэн гэрээ, хэлцлийг шүүхэд нотлох баримтаар тооцох, шүүхийн зарим үйл ажиллагааг цахимжуулж, баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжих хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
 4.4.7.Эрүүгийн хууль тогтоомжийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, бодлого, арга барилыг боловсронгуй болгоно.
 4.4.8.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, мал хулгайлах гэмт хэргийг бууруулна.
 4.4.9.Хууль тогтоомжийн төсөл санаачлах хүрээ, хязгаарыг тодорхойлж, хуулийн төслийн боловсруулалтын чанарын үр нөлөөг дээшлүүлж, хуулийн хэрэгжилтийг үнэлэх, хууль тогтоомжийг сурталчлах, эрх зүйн мэдээ, мэдээллээр хангах байнгын механизмыг бүрдүүлж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлнэ.
 4.4.10.Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх, газрын хууль тогтоомжийг төрийн байгууламж нэгдмэл байх зарчим болон өмчийн эрх зүйд нийцүүлэн боловсронгуй болгоно.
 4.4.11.Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх болон мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна.
4.4.12.Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлнэ.
 
Тогтвортой, нэгдмэл гадаад бодлого
 4.5.Монгол Улс уламжлалт гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн гадаад таатай орчныг улам бэхжүүлнэ.
 4.5.1.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, цахимаар үзүүлэх үйлчилгээний тоо, төрлийг нэмэгдүүлнэ.
 4.5.2.Эдийн засгийн гадаад харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, гадаад худалдаанд тулгарч байгаа хүндрэлүүдийг багасгах, хөнгөвчлөх бодлогыг үргэлжлүүлнэ.
 4.5.3.Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалж, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбар, мега төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авахад дэмжлэг үзүүлнэ.
 4.5.4.Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, худалдаа, соёл, хүмүүнлэг зэрэг бүх салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлнэ.
 4.5.5.Америкийн Нэгдсэн Улс, Япон, Европын Холбоо, Энэтхэг, Бүгд Найрамдах Солонгос Улс, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бусад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана.
 4.5.6.Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн байгууллагууд, олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
 4.5.7.Монгол Улсын гадаад бодлого, харилцааны нэгдмэл байдлыг хангах, залгамж чанарыг хадгалах, төр, засгийн байгууллагын гадаад харилцааг нэгдсэн байдлаар зохицуулах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
 4.5.8.Улс төр, эдийн засгийн харилцааны түвшин, ач холбогдол, тухайн улсад оршин суугаа монгол иргэд болон харилцан зорчиж байгаа иргэдийн тоо зэргийг харгалзан Дипломат төлөөлөгчийн газруудын байршил, бүтэц, орон тоог оновчтой болгоно.
 4.5.9.Дипломат албанд сахилга, хариуцлагыг эрс нэмэгдүүлж, хар тамхи тээвэрлэх болон хууль бус бусад аливаа үйлдлийг таслан зогсооно.
 4.5.10.Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ олон улсад сурталчлах, таниулах “Монгол Үндэстний үнэлэмж” арга хэмжээ, хилийн чанадад байгаа иргэд монгол хэл, соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ хадгалан тээх “Дэлхийн монголчууд II” арга хэмжээг төлөвлөн боловсруулж хэрэгжүүлнэ.
 
Батлан хамгаалах
 4.6.Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг зэвсэгт хүчнийг хөгжүүлнэ.
 4.6.1.Хугацаат цэргийн алба хаасан иргэдэд төрийн албанд орох, шатлан дэвших, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийгмийн халамж хүртэх давуу эрх олгох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.
 4.6.2.Зэвсэгт хүчний байгуулалтыг 2024 он хүртэл хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлэн мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг зэвсэгт хүчнийг бэхжүүлнэ.
 4.6.3.Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлж, дайчилгааны төлөвлөлтийг шинэчилнэ.
 4.6.4.Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн, кибер аюулгүй байдлын болон тусгай хүчний цэргийг байгуулна.
 4.6.5.Зэвсэгт хүчнийг орчин үеийн зэвсэглэл, цэргийн техникээр хангах бодлогыг дэс дараатайгаар хэрэгжүүлнэ.
 4.6.6.Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, зэвсэгт хүчний олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлнэ.
 4.6.7.Цэргийн шинжлэх ухаан, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ.
 4.6.8.“Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх арга хэмжээ”-г хэрэгжүүлж, “Оюутан-цэрэг” сургалтад суралцагчдын тоог нэмэгдүүлнэ.
 4.6.9.Цэргийн хугацаат болон гэрээт алба хаагчдын алба хаах хугацаанд амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулна.
 
ТАВ.НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

 

Ногоон хөгжил
 
5.1.Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
 5.1.1.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.
 5.1.2.Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин техникийг татаж гаргах ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
 5.1.3.Усны нөөцийг бохирдол, хомсдолоос сэргийлэх нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, нийслэлийн цэвэр усны хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, цэвэрлэсэн болон саарал усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана.
 5.1.4.Гэр хороолол болон аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” арга хэмжээг хэрэгжүүлж, хөрсний бохирдлыг бууруулна.
 5.1.5.Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэж, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
 5.1.6.Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авна.
 5.1.7.Ховор амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлж, ашиглалтын нөөц бий болгоно.
 5.1.8.Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8 мянган га талбайг нөхөн сэргээнэ.
 5.1.9.Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжиж, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулна.
 5.1.10.Туул голын сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг таслан зогсоож, нөхөн сэргээлт хийж, усны түвшинг нэмэгдүүлнэ.
 5.1.11.“Хөх морь” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тоонот төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулан төслийн байгууламжийн ажлыг эхлүүлнэ.
 5.1.12.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг 12.3 хувиар бууруулна.

 

ЗУРГАА.НИЙСЛЭЛ БА БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

 Улаанбаатар хот

 6.1.Улаанбаатар болон дагуул хотыг орон зайн оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл, амьдралын таатай орчин бүхий ногоон хот болгож хөгжүүлнэ.
 6.1.1.Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичгийг үндэслэн 20 жилээр төлөвлөнө.
 6.1.2.Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг эрчимжүүлж, соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж бүхий Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн 1000, Толгойт, Шархад, Дарь-Эх дэд төвүүдийг шинээр байгуулна.
 6.1.3.Хотыг дахин хөгжүүлэх төслийн хүрээнд орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулж, ногоон орон сууц, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.
 6.1.4.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын арга хэмжээний хүрээнд сайжруулсан түлшний 2 дахь үйлдвэрийг байгуулна.
 
6.1.5.Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчдын ая тухтай зорчих нөхцөлийг хангасан ухаалаг, эко, цахилгаан хөдөлгүүрт дан болон давхар автобус, цахилгаан соронзон болон дүүжин замын тээврийн хэрэгслийг хэрэглээнд үе шаттайгаар нэвтрүүлнэ.
 
6.1.6.Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сарниулж, ачааллыг тэнцвэржүүлсэн, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулна.
 6.1.7.Олон улсын стандартад нийцсэн явган хүний болон унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барьж байгуулан, тоосжилтыг 50 хувь бууруулна.
 6.1.8.Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Туул, Сэлбэ, Дунд голын урсацын тохируулга хийж, голуудын орчинд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлнэ.
 6.1.9.Хог хаягдлын менежментийг сайжруулж, гэр хорооллын айл өрхийг үнс хадгалах зориулалтын савтай болгож, дахин боловсруулах бүх төрлийн үйлдвэрийг байгуулна.
 6.1.10.Улаанбаатар хотын цэвэр усны шинэ эх үүсвэрийг бий болгож, “Төв цэвэрлэх байгууламж”-ийг шинээр барьж ашиглалтад оруулан, тус цэвэрлэх байгууламжаар цэвэрлэгдсэн усыг дулааны III, IV цахилгаан станцын технологийн хэрэгцээнд ашиглана. Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартад нийцсэн бие даасан цэвэрлэх байгууламж бүхий ноолуурын үйлдвэрүүдээс бусдыг хотоос гаргаж, Ус сувгийн удирдах газрын харьяа урьдчилсан цэвэрлэх байгууламж Харгиаг татан буулгана.
 6.1.11.Дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
 6.1.12.Богдхан төмөр замын төслийг түшиглэн “Хөгжлийн алтан тойрог” байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.
6.1.13.Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй, найдвартай зорчих “Сургуулийн автобус” төслийг үргэлжлүүлнэ.

        

Бүс, орон нутаг, хөдөөгийн хөгжил
 6.2.Бүс, орон нутаг, хөдөөгийн хөгжлийг дэмжиж, дэд бүтцийг хөгжүүлэн орон нутаг дахь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.
 6.2.1.Төвлөрлийг сааруулах бодлогыг Улаанбаатар хотын удирдлагатай хамтарч үндэсний хэмжээнд цогц байдлаар хэрэгжүүлнэ.
 6.2.2.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
 6.2.3.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу аймгийн төвийн статусын асуудлыг тодорхой болгоно.
6.2.4.Дархан, Эрдэнэт зэрэг улсын зэрэглэлтэй хот байгуулах болон аймгийн төвүүдийг хот болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
6.2.5.Бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын шаталсан тогтолцоог хөгжүүлж, орон нутагт томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг бодлогоор дэмжинэ.
 6.2.6.Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тус сангийн үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх, ил тод байдлыг сайжруулах, олон нийт оролцох, мэдээлэл хүргэх дэвшилтэт арга хэлбэрийг нэвтрүүлнэ.
 6.2.7.Аймгуудад эхний ээлжийн инженерийн шугам сүлжээний төв магистраль шугамыг шинэчлэх, шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, “Сумын хөгжил” арга хэмжээг хэрэгжүүлнэ.
 6.2.8.Инженерийн хангамжтай орон сууц болон хувийн сууцны хангамжийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.
 6.2.9.Орон нутгийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулна. Аймгийн төвүүдийн гэр хорооллын айл өрхүүдийг ухаалаг тоолуурт шилжүүлж, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үзүүлж, агаарын бохирдлыг бууруулна.
 6.2.10.Аймаг, сумын төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэж, хог боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар байгуулна.
 6.2.11.Хувийн хэвшлийн санаачилгыг дэмжих замаар сумдын халуун усны болон нийтийн ахуйн үйлчилгээг сайжруулна.
 6.2.12.Сум, орон нутагт ажиллахаар анх удаа очиж байгаа багш, эмч, төрийн албан хаагчдыг орон байраар түр хангах цогц арга хэмжээг төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлнэ.
 6.2.13.Түүхий эдийн нөөцөд тулгуурлан орон нутгийн онцлогт тохирсон ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
 6.2.14.Хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэр, аж ахуй эрхлэгчдийн худалдаа, борлуулалтыг дэмжих дэд бүтцийг бий болгон бизнес эрхлэх нэн таатай орчныг бий болгоно.
 
 
-----оОо-----
УИХ-ын тогтоол бүхий холбоос: https://www.legalinfo.mn/law/details/15586?lawid=15586 

 
Бичсэн: EDUCATION | цаг: 09:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1773919 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax