Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр 16 оронд оюутан, магистрант, докторант суралцуулахаар илгээдэг бөгөөд 2010 оны 12 дугаар сарын байдлаар манай 3000-аад иргэн тухай орны Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна.
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын түвшинд суралцах оюутныг "Гадаадад суралцуулах оюутныг сонгон шалгаруулах журам" , магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг "Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам" /Хоёрдугаар хавсралт/-ын дагуу шалгаруулж байна. Монгол улсын болон гадаадын байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрт дээр дурдсан журмуудаас өөрөөр заасан болон гадаадын холбогдох байгууллагаас сонгон шалгаруулалтыг зохион байгуулах талаар өөр тусгайлсан нөхцөл, журмыг шаардсан тохиолдолд гэрээ, хэлэлцээрийн заалтууд болон хүлээн авах талаас шаардсан нөхцөл, журмыг баримтална.
Засгийн газрын тэтгэлэгтэй суралцуулах орон, сурах мэргэжлийн чиглэл, хүний тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцлийг шалгалт эхлэхээс өмнө яамны хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлдэг бөгөөд сонгон шалгаруулалттай холбогдох зардлыг шалгуулагчид хариуцдаг. Япон, Солонгос,Хятад, Чех улсад суралцах хүмүүсийн шалгалтыг Элчин сайдын яамд нь бие даан зохион байгуулж байна. Бусад оронд суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг манай яам тухайн орноос манай оронд суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг.
Улс | Чех | Энэтхэг | ОХУ | Польш, Унгар, Украйн, Казакстан | БНХАУ ӨМӨЗО | Турк Вьетнам Лаос | БНСУ, Куба | Япон |
Хугацаа /сараар/ | XI-XII | I-II | III | II-IV | III, V | IV-V | V | V-VI |
Суралцуулах тухай эцсийн шийдвэр хүлээн авсан суралцагч нь сургуульдаа үнэ төлбөргүй суралцах, мөн амьжиргааны тэтгэлэг авах бөгөөд замын зардлыг суралцагч өөрөө хариуцна.
2010-2011 оны хичээлийн жилд ОХУ-д 232, БНХАУ-д 253 (үүнээс 180 нь ӨМӨЗО-д), Японд 65, Туркт 64, Энэтхэгт 30, Польшид 19, Вьетнамд 18, Өмнөд Солонгост 17, Чехэд 11, Лаост 8, Унгарт 5 Казахстанд 4, Украйнд 3, Болгар, Кубад тус бүр 2 хүнийг хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу сургалтад хамруулахаар шалгаруулсан. Нийт 733 хүний 541 нь бакалавр, 192 нь магистр, докторын түвшинд суралцах юм.
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг "Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам" /Нэгдүгээр хавсралт/-ын дагуу сонгон шалгаруулж байна. Яамд, тэдгээрийн харьяа байгууллага, агентлаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын мэргэжлийн чиглэлийн захиалгыг авч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд нийцүүлэн тухайн жилд гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах хүний тоо, мэргэжлийн чиглэлийг тогтоож, захиалагч байгууллагын нэр, бүртгэх болон шалгаруулах нөхцөл, хугацааны хамт яамны вэб хуудсанд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана. Энэ санхүүжилтэд хамруулах олон улсын нэр хүндтэй их сургуулиудын нэрсийн жагсаалтыг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудаас гаргасан мэдээлэлд үндэслэн тогтоож, яамны вэб хуудсанд байршуулна.
Шалгаруулалтыг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр зохион байгуулна. Шалгалтын агуулга нь шалгуулагчийн мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практикийн ач холбогдол, суралцаж ирээд хийх ажлын талаар үнэлгээ өгөхөд оршино. Шалгуулагчдын оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, тухайн чиглэлээр хамгийн өндөр оноо авсан шалгуулагчийг хяналтын тоонд багтаан шалгаруулна.
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцагч нь "Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам" /Тавдугаар хавсралт/-ын дагуу захиалагчтай гэрээ байгуулж, санхүүжилтэд хамрагдана. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах тухай тодорхой нөхцөл болон захиалагч, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүргийг тодорхой тусгасан байна.
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулах арга хэмжээ нь 1997 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд гадаадын 30 гаран орны их, дээд сургуульд нийт мянга гаран хүнийг суралцуулсан байна.
Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй "Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг" төслийн хүрээнд 2002 оноос хойш жил бүр 20 хүнийг Японы нэр хүнд бүхий их сургуулиудын магистрантурт голдуу мэдээллийн технологи, эдийн засаг, хууль, удирдлага, олон улсын харилцааны чиглэлээр шалгаруулан суралцуулж байна. Энэ тэтгэлэгт сургалтын талаарх нарийвчилсан мэдээллийг төслийн гүйцэтгэгч байгууллага болох Японы олон улсын хамтын ажиллагааны төвийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газраас авна уу.
Утас: 327052, Вэб хуудас: http://www.jice.org/
Та бүхэн Олон улсын болон олон нийтийн байгууллагуудын шугамаар олгогдож буй бусад тэтгэлгүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын зөвлөгөө, мэдээллийн төв (EARC)-ийн www.earcmn.org гэсэн вэб хуудаснаас авч болно.
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР