2013-02-14
Валентинийн баярын үүсэл
Гэгээн Валентиний өдрийг 16 гаруй зууны тэртээгээс тэмдэглэн ирсэн түүхтэй аж. Тодруулбал, 269 онд Ромын эзэн хаан II Клавдий дайчдаа эхнэр авахыг нь хориглосон тушаал буулгажээ. Тэрээр уг тушаалын үр дүнд дайчдын эр зориг хатуужиж гэр бүлээ гэхээс илүү эзэн хаант улсаа гэх сэтгэлтэй болно гэж найджээ. Гэвч хайр сэтгэлийн хүч мөнхөд оршдгийн жишгээр сэтгэлтэй хосуудыг энэ тушаал зогсоож чадаагүй аж. Тэр бүү хэл, Ромын Терни хотод хосуудыг нууцаар гэрлүүлдэг Валентин гэх нэгэн гэлэнгийн алдар нэр цуурайтаж эхлэв.


Валентин нь эх дэлхийгээ хайрладаг их романтик нэгэн байсан гэх. Тэрээр хосуудад захидал, цэцэгсийг нь зөөж өгч хайрын захидал бичихэд нь тусалж муудалцсан хосуудыг нийлүүлдэг байсан ажээ.


Чингэтэл Валентиний талаар эзэн хаан олж мэдээд улмаар түүнийг цаазлах тушаал буулгасан байна. Валентин өөрөө болохоор шоронгийн харгалзагчийн охинд ухаангүй дурласан нэгэн байжээ. Тиймээс цаазлуулахын өмнөх өдөр тэр бүсгүйд хайраа илчилсэн захидлыг бичиж “Чиний Валентинаас” хэмээн хаягласан байв. Харамсалтай нь, дээрх бүсгүй түүнийг цаазлуулсны дараа л захидлыг олж уншсан гэдэг.


Итгэл үнэмшилдээ эцсээ хүртэл үнэнч байсных нь төлөө католик сүмийнхэн Валентинийг гэгээнтнүүдийнхээ тоонд оруулсан аж. Харин 496 онд Ромын пап лам Геласиус жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг Гэгээн Валентиний өдөр болгох зарлиг буулгажээ.


Гэгээн Валентиний өдрийг 13 зууны үеэс эхлэн Европ даяар, харин 1777 оноос Америк даяар тэмдэглэдэг болсон түүхтэй. Энэ өдөр дурлалт хосууд маань хайраа илчилсэн ил захидлуудыг бие биедээ илгээдэг болов. Үүнээс гадна хүмүүс энэ л өдөр хуримаа хийж сүй тавихыг эрхэмлэдэг болжээ.

Мэдээж хэрэг, орон бүр өөрийн өнгө аясаар, уламжлал, зан заншлаар энэ өдрийг өнгөрөөдөг. Францын хосууд энэ өдөр бие биедээ үнэт эдлэл бэлэглэдэг бол Данид хатаасан цагаан цэцэгсийг бие биедээ бэлэглэдэг уламжлал тогтжээ.

 

Тэгвэл Англид ганц бие бүсгүйчүүд өглөө эртлэн босч цонхоор харуулдан зогсдог уламжлал бий. Тэд энэ өдөр цонхоор хамгийн анх харагдсан эр нь заяаны хань байх болно гэдэгт итгэдэг ажээ. Харин Саудын Арабт энэ баярыг тэмдэглэхийг хориглодог бөгөөд хоригийг зөрчсөн хүмүүст маш өндөр торгууль ногдуулдаг байна.

 

Гадаадын улс орнуудын уламжлалуудад дурдсанаар, Гэгээн Валентиний өдөр шувууд, тэр дундаа тагтаанууд ижлээ сонгодог гэх. Эр тагтаа өөрийн сонгосон хосоо хэзээ ч сольдоггүй учраас хайрын бурхан Венерагийн элч шувуу хэмээн шүтэгдсээр ирсэн билээ. Тийм учраас энэ өдөр ичиж нэрэлхэлгүй эр хүн дээр түрүүлж очоод түүнтэй гэрлэхийг гуйхад болохгүй зүйл үгүй гэж зарим нэг романтик бүсгүйчүүд үздэг байна.

http://chuhal.mn
Бичсэн: EDUCATION | цаг: 14:28 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774408 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax