2015-02-11
ХҮН ЧАНАР

Хүн чанар маань үргэлж намайг шоглож явдаг юм. Сэтгэлийн минь дотор уйдаж гансарсан хүн чанар маань хийх юмаа олж ядаад л намайг тийнхүү гоочилдог байх. Тэр яг л сармагчины монш гэсэн үг. Юм л болбол дүрсгүйтэн тонгочиж хэл амны бай болно. Миний хүн чанар их хачин л даа. Ерөөсөө зүгээр байж чаддаггүй юм. Би ч гэж би. Түүнийг номхотгож чадахгүй дураар нь гаргаж орхиод бусдын ад болно. Өчигдөр гэхэд л тун дажгүй царайлаг бүсгүйд хүн чанараасаа болоод арай л алгадуулчихсангүй. Түүнтэй би зөөврийн тэрэгний буудал дээр тааралдсан юм л даа. Уул нь бүсгүй хэрэндээ л их гоёж гоодсон байсан. Харамсалтай нь түүний өмд өгзөгөн дээрээ тун ч эвгүй саарал толбо болчихсон байсан юм. Мэдээж тэр хаа нэгтээ анзааралгүй суугаад л тийм болчихсон байлгүй. Би ч эхэндээ таг дуугүй л өнгөрөе гэж бодсон юм. Гэтэл гайтай хүн чанар амар заяа үзүүлэхгүй хэл ам таталдаад байхаар нь тэсгэлгүй хэлчихсэн юм. Амьхандаа түүнийг бусдын нүдэнд сайхан л харагдуулах гэж л тэр шүү дээ. Гайхалтай нь бүсгүй намайг, миний хүн чанарыг ерөөсөө ойлгосонгүй. Бараг л харцаараа хяргах шахам харснаа:

“ -Чамд ямар хамаатай юм бэ?” гэж хашгирах шахам хэлснээ надаас зугатах нь холгүй л гүйж одов. Тэр зөөврийн тэрэг ирэхийг ч хүлээж тэвчсэнгүй бололтой. Би яах вэ дээ. Мөнөөх муу хүн чанараа зүхсээр л хоцорсон юм. Энэ бол миний хүн чанарын надад тарьдаг гайгийн хамгийн энгийн жишээ л дээ. Яг үнэндээ би хүн чанараасаа болоод найз нөхөд, хамаатан садан, ах дүүс, айл хөршийнхөндөө ад болчихсон хүн. Энд нэг жишээ хэлье л дээ. Манай хөрш залуу байнга л архи дарс уудаг эр. Уухаараа хавь орчноо түйвээж орхино. Өглөө, орой, өдөр, шөнө ер ялгаа байхгүй. Юм л болбол эхнэрээ балбан, хүүхдүүдээ орилуулж гарна. Түүнийг нэг удаа тийнхүү эхнэр, хүүхдээ орилуулаад байхаар нь би тэссэнгүй гэрт нь орсон юм. Би ч гэж дээ. Миний нөгөө л гайтай хүн чанар нь тэр байхгүй юу? Тэгтэл ёстой хөгийн юм болдог юм байна. Нөхөртөө балбуулж байсан хөрш хүүхэн маань намайг харангуутаа л нүүр, амыг минь самардах нь холгүй дайрч давшилж гарлаа. Тэр хүүхний хэлж байгаагаар би тэднийхний муу муухайг л харах гэж орсон юм байх. Сайн сайхан үед нь шагайдаг ч үгүй гэнэ. Бушуухан л гарлаа. Хэлэх ч үг алга. Тэр өдрөөс хойш манай хөршийнхөн намайг ерөөсөө нэг нүдээрээ үзэхээ больсон. Хөрш залуу маань надтай эрүүл тааралдахаараа хоолойгоо засаад нэг сүрхий дүр эсгэнэ. Согтуудаа болохоор духаараа хялайж харан мөргөлдөх гэж байгаа бух шиг царайлна. Эхнэр нь болохоор хаа тааралдсан газраа тас намжир хаян нүдээ цэхэлзүүлнэ. Нэг иймэрхүү л дүр төрхтэй болцгоосон юм. Энэ мэтээр хавийхан маань намайг хүн чанараас минь болоод үзэхээ больжээ. Ах дүүс, хамаатан саднууд маань бүр сүүлдээ зугтдаг болсон. Миний хүн чанар тэднийг юунаас ч юм учиргүй айлгадаг бололтой юм билээ. Би яахав дээ хүн чанарынхаа үгэнд ороод л тэднийг сайн сайхан амьдрахын төлөө хүн хичээх хэрэгтэй, амар хялбар замаар явсан болгон хаа нэг тийшээ төөрдөг л гэж хэлдэг юм. Энэ үг маань л тэднийг учиргүй айлгадаг байх. Заримд нь болохоор тав, арван төгрөг ч юм уу зээлдүүлж орхино. Би бол яг өөрөө харамч хүн л дээ. Гэтэл гайтай юм шиг хүн чанар маань дотроос хатгаад өгүүлчихдэг юм. Тэгээд л гай болно. Эцэстээ мөнгө ч үгүй, ах дүү ч үгүй л хоцордог юм. Арга ядахдаа би биш хүн чанар маань л өгчихсөн юм гэж өөрийгөө тайвшруулдаг болсон.

* * *

Сүүлийн үед энэ хүн чанараасаа л холдох юмсан гэж өдрийн бодол, шөнийн зүүд болдог боллоо. Харамсалтай нь ерөөсөө салж болдоггүй юм чинь л тэр байдаг юм байна. Хэзээ нэгэн цагт л тэр хүн чанар миний дотор үүр, үндсээ бөхөөс бөх барьж орхижээ. Эсвэл урьд насандаа хийсэн нүгэл хилэнц маань л намайг хүн чанар гээч юмтай учруулсан байх. Гудамжаар хөлхөгч мянга мянган хүмүүст хааяа би атаархдаг. Тэд хүн чанаргүй байгаа байх даа гэж бодохоос л яагаад ч юм атаархал төрдөг. Харин би үхэж байж л хүн чанараасаа салах байх. Тэр үед бас хэн нэгэн азгүй амьтанд миний хүн чанар очоод наалдчих байх даа. Тэгж бодохоор л ерөөсөө үхмээргүй санагддаг юм. Хүн чанар гээч энэ нэг юмтайгаа мөнхөд зууралдаж, бусдад түүнийг халдаахгүйн төлөө их л олон зүйлийг бүтээмээр бодол ч төрөх юм. Хачин юм шүү.

2004 он. Ц.Буянзаяа
Бичсэн: EDUCATION | цаг: 11:48 | Уран зохиол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730822 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax