Сурагчдын оролцоогүйгээр идэвхитэй сургалтын тухай ярихын ч хэрэггүй юм. Хэлэлцүүлэг явуулах, сурагчдаас хариулт авах /тасралтгүй/ олон арга бий. Эдгээрийн зарим нь цагийн нөөц хязгаарлагдмал байгаа үед, зарим нь цаг хугацаа хүрэлцээтэй үед хэрэглэхэд тохиромжтой. Та аль болохоор нөхцөл байдалдаа тохируулан, оновчтой сонгож, заримыг нь хооронд нь хослуулан хэрэглээрэй.
1. НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Суралцах дунд нээлттэй асуулт тавьснаар энэ үйл ажиллагаа эхэлнэ. Асуултанд илэн далангүй чин сэтгэлээсээ хариулахыг шаарддагаараа энэ арга нь сонирхол татдаг юм. Хэрэв та хэлэлцүүлэг сунжрах вий гэж санаа зовж байвал, "Би 4-5 сурагчаас дараах зүйлийг асуух гэж байна" г.м-ээр урьдчилан анхааруулж болно. Сурагчдыг ярилцлагандаа идэвхтэй оролцуулахын тулд "Миний асуултанд хариулах хүүхдүүд гараа өргөнө үү", "Миний асуултанд та нарын хэд нь хариулах гэж байна" г.м-ийн асуултыг тавих хэрэгтэй. Олон сурагч гараа өргөсний дараа хэн нэгийг нь цохон яриулж болно.
2. КАРТААР ХАРИУЛАХ: Шифртэй карт тарааж өгөөд, нэргүй хариулт авахыг хүснэ. Картаар хариулах нь цаг хэмнээд зогсохгүй, сурагч өөрийн санал бодлыг ичиж зоволгүйгээр чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодгоороо давуу юм.
3. САНАЛ ХУРААХ: Богино хэмжээний шуурхай шалгалтын нэгэн хэлбэр болох энэ арга нь сурагчидтай эргэх холбоог аль болох түргэн тогтоож, зөв ойлгосон эсэхийг нь хурдан шалгах шаардлагатай үед хэрэглэхэд нэн тохиромжтой. Энэ нь тарааж өгсөн тусгай хуудсан дээр зөв хариултыг бөглөх, эсвэл тохируулах хэлбэртэй байж болно. Мөн хариултыг амаар авч ч болно. Энэ аргыг бас чухал мэдээ, тоо баримтыг түргэн тогтоолгох зорилгоор хэрэглэж болно. Хэрэв та бичгээр шалгах хэлбэрийг ашиглавал, сурагчдыг аль болохоор хурдан хариулах нөхцлөөр хангасан байх ёстой. Үүний тулд таны зохиосон бөглөх хуудас цөөн, оновчтой асуултад товч тодорхой хариулт өгөхөөр хийгдсэн байх шаардлагатай. Харин аман хэлбэрээр шалгах гэж байгаа үед хариултаа хуруугаараа төлөөлүүлэн үзүүлэх, эсвэл хариулсан хуудсаа харуулахыг анхааруулаарай.
4. ЖИЖИГ ХЭСГЭЭР ХЭЛЭЛЦЭХ: Нэг жижиг хэсэг нь 3 ба түүнээс олон суралцагчдаас бүрдэх бөгөөд мэдээллийг тэмдэглэж, хамтран ажиллана. Асуудлыг хэлэлцэх хүрэлцээтэй цагтай үедээ та жижиг хэсгийн хэлэлцүүлгийг ашиглах хэрэгтэй. Энэ нь суралцагч бүр идэвхтэй оролцож сурах гол аргуудын нэг юм.
5. ХОЁУЛ ХАМТАРЧ СУРАЛЦАХ: Суралцагчдыг хос хосоор нь хувиариалан, тухайн даалгавар дээр ажиллах, гол асуултын дагуу хэлэлцэх заавар өгнө. Энэ аргыг та жижиг хэсгээр хэлэлцэх хангалттай цаг байхгүй боловч хүн бүрийг татан оролцуулахыг хүссэн үедээ хэрэглээрэй. Энэхүү хосоор ажиллаж буй хэсэг нь том хэсэгтэй харьцуулахад сурагчдын хоорондын харилцааг урамшуулж хөгжүүлэх, цогц үйл ажиллагаа явуулах үүднээс харвал хэсгийн зохион байгуулалтын оновчтой хэлбэр юм.
6. ШУУРХАЙ ЯРИЛЦЛАГА: Сурагч бүрээс товч хариулт авах үндсэн асуулт тавина. Сурагч бүрийн санаа бодлыг түргэн сонсох шаардлагатай үед энэ аргыг хэрэглэнэ. Өгүүлбэрийг эхэлж орхиод, сурагчдаар санааг гүйцээлгэж болно. Жишээ нь, "Удирдлагыг үр дүнтэй болгоход нөлөөлөх нэгэн хүчин зүйл бол ..." гэсэн эхлэлийг сурагчид гүйцээн, дор бүрдээ хариулна. Бусдын хариултыг давтахаас аль болох зайлсхийхийг хичээх хэрэгтэй. Иймд та сурагч бүрд ярилцлаганд шинэ санаа нэмэрлэхүйц асуулт тавьж өдөөх хэрэгтэй.
7. САМБАРТ ГАРАХ: Цөөн тооны сурагч ангийнхныхаа өмнө гарч, өөрсдийн үзэл бодлыг танилцуулна. Чингэхдээ мэдээллийн самбар ашиглаж болно. Үүнийг тодорхой тооны оролцогчдоос санал цулглуулах замаар бүтээнэ. Самбарыг ерөнхийлөн дүгнэх цагийн нөөцтэй, өөрийнхөө асуултанд нухацтай хариулт авах боломжтой үед ашиглана. Сурагчдын оролцоог нэмэгдүүлэхийн тулд самбарт мэдээлэл хийж байгаа хэсгийг байнга солих хэрэгтэй.
8. ДАВХАР ТОЙРГООР ЯРИЛЦАХ: Сурагчдыг хоёр хэсэгт хуваан, давхар тойргоор суулгана. Дотор талын тойрогт суусан сурагчид асуудлыг хэлэлцэн, гадна талын тойргийн сурагчид ярилцлагыг анхааралтай сонсоно. Дараагийн ээлжинд гадна талын тойрогт сууж байсан сурагчид дотор талын тойрогт шилжин сууж, ярилцлага дахин үргэлжилнэ. Эл аргыг хэрэглэснээр ярилцлагыг нийтийг хамарсан байдлаар өрнүүлэх боломжтой. Энэ нь хэдийгээр цаг үрдэг ч гэсэн том ба жижиг хэсгийн хэлэлцүүлгийг холбож өгдгөөрөө ач холбогдолтой аргын нэг юм.
9. ТОГЛООМ ТОГЛУУЛАХ: Сурагчдын үзэл бодол, мэдлэг, чадварыг илрүүлэх сонирхолтой үйл ажиллагаа, хөгжөөнт тоглоомыг ашиглаж болох юм. Гагцхүү тоглоомууд нь тэднийг идэвхжүүлж, үйл ажиллагаанд татан оруулахуйц байх ёстой.
10. ДАРААГИЙНХАА ХҮНИЙГ ЯРИАНД УРИХ: Үзэл бодол, саналаа хуваалцахыг хүссэн сурагчийг гараа өргөхийг хүснэ. Гар өргөсөн сурагчдаас хэн нэгийг нь урьж яриулна. Үг хэлсэн сурагч, дараагийнхаа хүнийг ярианд урих байдлаар энэ үйл ажиллагаа үргэлжлэх юм. Энэ аргыг ярилцлага ба үйл ажиллагаа нь хүүхдийн сонирхлыг үнэхээр татаж чадна гэдэгт итгэлтэй байгаа үедээ, мөн хүүхдүүдийг үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулахыг хүссэн үедээ хэрэглээрэй.