2010-01-20
Гэмшил /Богино өгүүллэг/

“Та ямар намайг хүн гэж тоодог биш, ингэж байхаар анхнаасаа төрүүлээгүй бол дээр байсан юм” гэсээр Бадрал хаалга саван гарч түргэн түргэн алхлав. Түүний ард нугаснаасаа салах шахам савуулсан хаалга гунигтайяа чийхарч асгарах бороонд норсоор үлдлээ. Цухалдсандаа багтрах шахсан Бадрал гарынхаа араар нулимсаа хайнгахан арчаад юу ч юм амандаа үглэнэ. Хэрэв хэн нэг нь түүний хажууд байсан бол гомдож цөхөрсөн өнчин хүүгийн зовлонг ойлгох хүнгүй, нулимсаа урсгаж яваа Бадралыг харахад хичнээн өрөвдөлтэй дүр зураг бууна гэхэв. Гэхдээ “-Муу ч гэсэн намайг төрүүлсэн ээж минь шүү дээ, би арай л хатуу үг хэлчихлээ, энэ муу уурыг дээ” гэж бодохоос эргээд ормоор санагдавч, Загдад бууж өгөхгүйн төлөөх шаралхуу зандаа хөтлөгдөн: “Гэхдээ л энэ муу Загд” гэснээ гараа зангидан шууд л гудамжны үзүүр лүү зүглэв.

Дөнгөж дунд сургуулиа төгсөөд  удаагүй байгаа тэрээр үргэлж л “ээж” хэмээх тэр эрхэм нандин хүний мөрөөсөл болж ирсэн бол өнөөдөр түүндээ тунирхан гомдож яваа нь энэ.
Хар усан бороон дундуур хаалга хэмхлэх шахан нүдсээр ахуйд угаасаа нойр нь хүрч өгөхгүй сэрвэлзэн байж, мойног хуруугаараа оймс нэхэх аядан суусан Дулам эмгэн гайхаж:
“-Үгүй, энэ хар борооноор хэн нь юм бол доо? За, очлоо очлоо” хэмээн үглэсээр хаалга нээвүү үгүй юу шалба норсон Бадрал ус үсчүүлэн байж орж ирэв.
“- Пээ, чи чинь усан хулгана болчихож. Хүү минь, юу болоо вэ? Алив наад гутлаа тайл“  гэх эмгэнийхээ тэвдсэн дуугаар Пүрэв гуай сэрэв.
Даарсандаа бөмбөгөнөн чичирсэн Бадрал үүдний дэргэдэх жижиг сандал дээр толгой гудайн хөдөлгөөнгүй сууна. Пүрэв гуай паржигнасан бүдүүн хоолойгоор аргадах зэмлэхийн аль нь үл мэдэгдэм:
“-Юунд муу эхийгээ зовоож байдаг юм бэ дээ, хөөрхий минь. Одоо удахгүй хойноос чинь ороод л ирнэ. Ганц удаа ч гэсэн чамайг буцаад очвол баярлана даа. Намайг тэгсэнгүй л, ингэсэнгүй гэхээс биш эхийгээ ер нь баярлуулж үзсэн хүн үү чи?” гэхэд Бадрах бухимдалаа барьж ядан:
“-Тэр чинь миний ээж бишээ, биш байсан бол дээр байсан юм. Надаас илүү тэр архичин Загд нь хэрэгтэй биз” гээд огшиж ирсэнээ чимээгүй боллоо.

“-Миний хүү тэгж болдоггүй юм, ямартай ч төрүүлсэн эх чинь шүү дээ” гэсээр эмгэн аягатай цай түүнд барихад, Пүрэв гуай гэнэт таягаа барин гар нь чичирч:
“-Өдий наслахдаа ийм эрэг хаднаас төрсөн мэт хүнийг үзсэнгүй. Хөгшин би хүртэл одоо хэрнээ бурхан болсон ээжийхээ хойноос сэтгэл өмөрч суудаг. Надад чам шиг ижий минь гээд дуудах хүн байсан бол... ” гээд сүрдмээр болсоноо үгээ гүйцээж түвдэлгүй түргэн гэгч гаансаа авч амандаа зуусанаа:
“-Алив тэр гал хаа байнаа?” гээд мунгинаж байсанаа алгуурханаар царайгаа төв болгон Бадрал руу харж:
“-Бага залуу чам шиг л байлаа. Ижийхээ өмнөөс ганц ч үг сөрж үзээгүй юм даг. Харин нэг удаа саахалтын хүүхдүүдтэй шагай наадаж ээждээ шагналыг нь авчрана гэж. Тэр үед  “яваад хэрэггүй ээ” гээд байхад нь хэлэлгүй сэмхэн явчихаад долоо хоноод ирсэн чинь.  Муу ижий минь намайг хайж яваад... ” гэснээ хоолойнд нь ямар нэг юм тээглэх шиг болоод шүлсээ гүдхийтэл залгиж:
“-Бурхан болсон байсан даа” гээд шүүрс алдав.
Асгаран орох бороо дээвэр нүдэхийн зэрэгцээ алсад цахилах цахилгаан тооноор гялсхийж, тэнгэр нүргэлэн дугарах нь даанч нэг сүрдмээр.

Энэ үеэр олон жилийн тэртээх амьдралын бэрхээс шалтгаалан аргагүйн эрхэнд хүүгээ эцэг эхдээ үлдээсэнээр үрийхээ өмнө буруутан болж яваа Уранаа Бадралыг хайхаар усан бороон дунд шавар туучин гүйнэ. Түүний ийнхүү явааг гүн нойрондоо амгалан нойрсох түүний нөхөр Загд,  охин Солонго хоёр эс мэдэх тул хээв нэг унтаж, хөшигний завсараар цахилгаан цахихад буруу харан яраглана.
Эмээ өвөөгийн дэргэд ганцаардмал өссөн жаал хүү нэг л өдөр дүүтэй, түүгээр ч үл барам энэ орчлонд ээжтэй байж гэдгээ мэдээд баярлахын ихээр баярлан байсан тэр мөчөөс хойш даруй хоёр жил өнгөрчээ. Гэвч яагаад ч юм тэдний дэргэд дасч өгөхгүйн дээр  нэг хэсэгтээ л “ээж” гэж дуудахад ч хол хөндий мэт санагддаг байв. Түүнээс хойш Бадрал гэр хорооллын намхан хашаануудын нэгэнд хэнд ч үл анзаарагдам шавар байшинд ээжтэйгээ, түүний нөхөр гэх Загд, мөн өчнөөн жил уулзаагүй дүү Солонгын хамт амьдралаа. Амьдрах ч гэж дээ, ундууцан бачимдах болгонд балчир ахуйд нь хаяж явсанд нь ээжийгээ буруутган уурсана. Бас болоогүй өнөөх Загд хааяа халамцуу ирж яшиг төвөг удахын хэрээр заримдаа тэнд байх суух газараа олж ядна. Энэ удаад мөн л Загдаас болсон хэрэг. Загд:
“-Чиний энэ хүү чинь ирсэн цагаас хойш амар тайван байж чадахаа байлаа. Энэ гэрт чинь миний байр суурь гэж юу байна айн!” гэж ирээд л агсамнаж гарна. Тэр бүрийд Уранаа бүсгүй аргадах аргаа олж ядан:
“-Хүүхэд шүү дээ энэ чинь. Та нар эвтэй байхад яадаг юм” гэж дэмий л цухалдана. Иймэрхүү байдлыг тэвчиж, тэвчээр алдсан Бадрал эхэндээ Загдыг согтуу ирэхэд чимээгүйхэн гараад явчихдаг  байсан бол одоо түүнтэй ана мана үг сөрж, эцэстээ ийнхүү хэд хэдэн удаа өсгөсөн хоёр буурайдаа ирэх болов.
Асгаран шаагих бороо улам ширүүссээр.

Бадрал энд ирэхэд хаана ч байснаас илүүтэй амарч аваад явдагсан энэ шөнө яагаад ч юм нойр нь хүрэхгүй хэдэнтээ хөрвөөн хэвтэнэ.
“Ямар ч шөнө дунд байсан миний хойноос хүрээд л ирдэгсэн”  гэж ээжийгээ далдхандаа үгүйлэх Бадрал:
“-За, энэ хар борооноор,  дээр нь тэгж хэлүүлсэн хүн юу гэж л намайг хайж ирээ аж” хэмээн өөрийгөө тайвшруулж, элдвийг бодлоо ч яагаад ч юм сэтгэл санаа нь нэг л тогтож өгөхгүй байлаа. Уур гомдол нь ч гарч, борооны шаагих дуунд хичээн байж чимээ чагнавал эмээ өвөө нь аль хэдийн унтсан бололтой. Хэр барагтайд ундууцах нь байтугай амьдралдаа хэн нэгэн рүү муухай харж  үзээгүй боловуу гэмээр хэтэрхий ч гэмээр амгалан өвөө нь энэ удаад тэгтлээ бухимдсан нь Бадралын хувьд үнэхээр гэнэтийн явдал байлаа. Өвөөгийнх нь хэлэхийн аргагүй тэр байдал, шимшрэн байж хэлсэн үг нь, тэр харц нүдэнд нь дахин дахин харагдах тусам Бадралын зүрх эмтрэх шиг болно. Чингээд хичнээн ёсгүй авирласандаа гэмшихийн ихээр гэмшиж:
“-Ерөөсөө явъя байз, нээрээ л ээжийгээ би баярлуулж үзээгүй юм байна, тэр хүн байгаагүй бол өдийд би...” хэмээн бодоод хувцасаа сэмээрхэн өмсөөд гарч одов.
Чийг үнэртсэн бороон дундуур балчиг шаварт халтиран явж байтал харанхуйн дунд цахилгаан гялсхийхтэй зэрэгцэн чанх өмнө нь хүн байх шиг харагдав. Гайхан байж дахин нэг харвал ээж нь газарт тэрийн хэвтэж байх нь тэр. Бадрахын нүд харанхуйлах шиг болов. Тэвдэж сандарсаар чичрсэн гараар ээжийгээ тэврэн усан бороон дунд даарч бээрсэнээ ч үл хайхран ухаан балартах мэт явахдаа:   “-Намайг дулаан гэрт хэвтэж байхад миний төлөө ингээд явж байх гэж, дандаа л үг сөрж байдаг миний энэ амыг дээ” хэмээн халаглан явсаар гэртээ ирэхэд, архи нь гарсан Загд нүдээ бүлтийлгэсээр Уранаа руу нэг, Бадрал руу нэг харж, Уранааг тэврэн оруулаад:

“-Солонгоо, хурдан алчуур чийглээд ир. Юу болох нь энэ вэ?” гээд Бадрал руу хандан:
“-Аан муу гай авчирсан амьтан. Чамаас л боллоо” гэж элдвээр хашгирсаар Бадралыг гэрээсээ хөөн гаргав. Дэмий үг хэлж эхийгээ гомдоосондоо гэмшин яах учираа олохгүй балмагдсан Бадрал: “Би ээжийгээ заавал баярлуулна” хэмээн өөртөө амлаад эргэж харан:
“-Загдаа, энэ чинь миний ээж, наад хаалгаа онгойлго” гэж байдаг чадлаараа хашгиртал Солонго хаалга нээж:
“-Ээж түрүүнээс хойш таныг дуудаад байна” гэв.
Бадрал арай ядан нүдээ нээж харцаараа түүнийг хайж хэвтэх ээж рүүгээ дөхөн гэмшсэндээ юу хэлэх учираа олохгүй мэгдэж:
“-Ээжээ, бие нь яаж байна?” хэмээн болгоомжтойхон асуухад хариу үл дугарав.
“Ээжээ, намайг уучлаарай, би таныг ерөөсөө баярлуулж байгаагүй, би...” гээд нүдэндээ  нулимс хуруулан байтал:
“-Ээж нь одоо ч гэсэн баярлаж байна аа” гэхэд бүр ч гэмшсэн Бадрал итгэлгүйхэнээр:
“-Гэхдээ..., гэхдээ би таны төлөө юу ч хийгээгүй шүү дээ” гэхэд ээж нь зөөлөн дулаахан харцаар инээмсэглэн:
“-Миний хүү чинь надад өдөр бүр инээж өгдөг шүү дээ” гэлээ.

"Монголын Мэдээ" сонинд хэвлэгдсэн

Бичсэн: EDUCATION | цаг: 11:08 | Уран зохиол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730643 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax