2011-01-06
БАГА АНГИЙН ХҮҮХДЭД ӨГҮҮЛБЭРТЭЙ БОДЛОГО БОДУУЛЖ СУРГАХ АРГЫГ ЭЗЭМШҮҮЛЭХ НЬ.


Хураангуй

Бодлого бол сурагчдын оюун ухааныг хөгжүүлэх, мэдлэгээ бататгах, хэрэглэх шинэ мэдлэг олж авах, асуудалд олон талаас нь нягт нямбай хандах боломж олгодог сургалтын чухал хэсэг юм. Бодлого нь математик сургалтыг амьдралтай холбох гүүр болж өгдөг. Сурагчид бодлого бодох явцдаа амьдралд хэрэгцээтэй практик чадвар дадал эзэмшинэ. Бодлогын агуулга нь тухайн үзэж буй сэдэвтэй уялдсан байхаас гадна танин мэдэхүйн агуулгатай бусад хичээлтэй нягт холбоотой байх шаардлагатай.

Түлхүүр үгс.

            Практик, анализ, менежмент, томъёолох, өгөгдөл, схемчлэх

           

УДИРТГАЛ

            Боловсролын шинэчлэл,сургуулийн хөгжлийн чухал хүчин зүйл нь багш юм. Хэдийгээр сургалт нь суралцах, сургах хоёр талын үйл ажиллагаа боловч сурах үйл ажиллагаанд суралцагчдыг татан оролцуулж тэднийг идэвхжүүлэх, сургалтыг үр дүнтэй явуулах нь багшийн мэдлэг боловсрол, заах арга,ур чадвараас ихээхэн шалтгаалдагийг бид бүхэн мэдэх билээ. Багш өөрөө хөгжүүлэх сургалтын арга зүйн онолын өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Хөгжүүлэх сургалтын арга зүйн тухай онолын хувьд сэтгэл судлал,сурган хүмүүжүүлэх ухаан,залуур зүйн ухаануудын уулзвар дээр хэрэгжих нарийн нийлмэл үйл явц юм.

      

            Багш бүр өөрийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй, бүтээлчээр хандан үнэлгээ дүгнэлт өгч тулгамдаж буй тодорхой асуудлыг сонгон нарийвчлан судалж түүний үр дүн, баримт нотолгоо болон өөрийн туршлагад тулгуурлан судалгааны ажлын аргазүйд суралцах, түүний үндсэн дээр өөрийн практик үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлэхэд “Бага ангийн хүүхдэд өгүүлбэртэй бодлогыг бодуулж сургах” аргыг эрж хайх  явдал байлаа.

            Судалгаанд дараах зорилтыг тавьж, сурган хүмүүжүүлэх судалгаанд үндсэн аргууд болох ажиглалт, ярилцлага, асуулга,  баримт бичиг судлах аргуудыг ашиглав.

            Үүнд:

            -Бага ангийн хүүхдэд “Өгүүлбэртэй бодлого бодож сургах” аргуудын үйл ажиллагааны бодит байдалд шинжилж үнэлгээ өгөх.

            -Туршин судлах буюу шийдвэрлэвэл зохих асуудлыг тодруулан чиглэлээ сонгох, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх.

            -Судалгааны ажлаа төлөвлөх, баримт нотолгоо цуглуулах, түүнд боловсруулалт, анализ дүгнэлт хийх.

            -Судалгааны ажлын нотолгоо, гарсан үр дүнг судалгааны үгүүллийн хэлбэрээр тайлагнах.

            Бид өдөр тутмын практик үйл ажиллагаандаа шийдвэрлэвэл зохилтой мэргэжлийн онцлог бүхий олон янзын асуудлуудтай тулгардаг. Багшийн хувьд бидэнд тэдгээрийг шийдвэрлэх олон сонголт байдаг хэдий ч хамгийн үр өгөөжтэйг нь сонгох тэр бүр амар байдаггүй. Бага насны хүүхдийг хөгжүүлэхэд тэднийг өөрсдөөр нь хийлгэх, мэдрэхүйн эрхтэн, гар хуруугаар нь тэмтрүүлж мэдрүүлэх арга чухал учир хөгжиж, сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэх /үйл ажиллагааг төлөвлөж явуулах/ асуудалд багш нарын санал санаачлага, цаг хугацаа илүү их шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар бодит боломж муу байгаа нь нууц биш юм. Хүүхэд хөгжүүлэх тал дээр илүү түлхүү ажиллах, цаг хугацаа, онол арга зүй, багшийн ажлыг оновчтой удирдах менежментийг боловсронгуй болгох асуудлуудыг шинжлэх ухааны үндэстэй, бодитой шийдэх шаардлагатай байгаа нь боловсролын шинэчлэлийн нэн чухал зорилт болж байгаа билээ.

            Боловсролын салбарт хүч хөдөлмөрөө зориулж буй хэн бүхэн мэргэжлийн ажлынхаа бодит байдал, орчин нөхцлөө сайтар таньж мэдсэнээр өөрийн мэдлэг чадвар ажлын арга зүй, итгэл үнэмшлээ эргэн цэгнэж үйл ажиллагааныхаа чанарыг дээшлүүлэхийн төлөө ажиллана гэсэн өргөн утга агуулгатай байгаа билээ./Модуль-2 А.Хортон “Үйлийн судалгаа Тулгуур асуудлууд” 33-р хуудас/

            Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь ухамсартай үйл ажиллагаа тул багш бүр өөрсдийн хийж буй үйл бүрийг сурган хүмүүжүүлэх онол, үзэл баримтлалын үүднээс тайлбарлаж чаддаг, гаргасан шийдвэр бүр нь үндэслэл сайтай байхыг шаарддаг.

            Түүнчлэн багш бүрт мэргэжил нэгт нөхдийн үйл ажиллагааг сайтар ажиглах, туршлага судлах, солилцох,сургалтын бэрхшээлүүдийг хамтран олж тогтоох, оношлох, задлан шинжилгээ хийх, тэдгээрийг шийдвэрлэх шинэ арга замыг хамтдаа хайж эрэлхийлэх, боловсруулах бие биенээсээ суралцах шаардлагатай болдог. Үүнд хүрэх дөт зам бол үйл ажиллагааны хамтарсан судалгаа юм. /Модуль-2 Багшийн эрэл хайгуул: Практик үйл ажиллагааг хөгжүүлэх нь” УБ хот 2007 он

            Йимд судалгааны үндэслэлээ “Бага ангийн сурагчдын сэтгэн бодох үйл ажиллагааг идэвхжүүлэх, сурах сонирхлыг өдөөх, математикийн хичээлийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх үүргийг нэмэгдүүлэх, ”Өгүүлбэртэй бодлого бодуулж сургах аргыг” эрж хайж олох, математикийг судлах явцдаа хичээл хоорондын холбоог сайжруулахын тулд  1, 2-р модульд бичсэн сэдэв болох  “Өгүүлбэртэй бодлогыг бодуулж сургах арга барилд сургах нь” сэдвийн хүрээнд судалгаагаа үргэлжлүүлэн хийж туршлаа. Багшлах суралцах үйл ажиллагаа нягт уялдаатай явагддаг хэдий ч хоорондоо ялгаатай гэж үздэг. Энэ нь сургалтын явцад багш ба суралцагчийн гүйцэтгэж байгаа үүргүүдтэй холбоотой. Суралцах үйл ажиллагаа сэтгэл зүйн зарчим,зүй тогтлуудад илүү тулгуурладаг бол багшлах үйл ажиллагаа сурган хүмүүжүүлэх ажлын үр дүн ,туршлагад илүү тулгуурладаг гэж зарим судлаачид үздэг. /Shuell,1988,1992/  Суралцах үйлийн талаар Шуиллийн санал болгож байгаа загвар, багшлах үйл ажиллагааны үр дүнг сайжруулах,суралцах үйлийг зөв төлөвлөхөд ач холбогдол бүхий хоёр чухал санааг агуулснаараа онцлог юм.

       1. Суралцах үйлийн бүрэлдэхүүн хэсэг бүрт тохирсон, үр дүнтэй аргыг хэрэглэх нь боломжтой гэж үздэг.

       2. Суралцах үйл багш ба суралцагчийн аль алиных нь санаачлагад тулгуурласан байж болно гэж үздэг.

            Энэхүү эрдэмтний дэвшүүлсэн хоёр санааны 1 дэхийг би дэмжиж байгаа бөгөөд энэ судалгаанд чиглэл болгосон болно.Судлах зүйлийн агуулга, тухайн ангид суралцаж байгаа сурагчдын онцлог зэрэг олон хүчин зүйл суралцах үйлийн бүрэлдэхүүн хэсэг тус бүрийг гүйцэтгэх арга, замыг сонгон авахад нөлөөлөх ажээ. Өөрөөр хэлбэл сургалт явагдаж байгаа тухайн тодорхой нөхцлөөс шалтгаална гэсэн үг. Жишээ нь “Бага ангид өгүүлбэртэй бодлогыг бодуулах аргыг эзэмшүүлэхэд ямар аргыг хэрэглэх нь зүйтэй вэ? Суралцагч ном сурах бичиг, сургалтын материалтай ажиллаж байгаа бол өгүүлбэрийг хэд хэдэн удаа дахин дахин уншуулсаны дараа самбарт буюу үзүүлэнд тод томруун бичиж, өгүүлбэрийн утгыг яриулах,  амьдрал практиктай холбон асуудал дэвшүүлэх ярилцах, зураглан бичих, томьёолох, жишиж харьцуулах, зурган диаграмм ашиглах зэрэг аргуудыг хэрэглэх нь тохиромжтой юм. Мөн сэдвийн онцлох шаардлагатай үгсийг үгээр онцлон тэмдэглэх, тайлбарлах аргуудыг хэрэглэж болдог. Суралцах үйлийн бүрэлдэхүүн хэсэн тус бүрт тохирох аргыг сонгон авахад сургалт явагдаж байгаа бодит нөхцлийг харгалзах хэрэгтэй юм.

            Өөрөөр хэлбэл судалгаандаа миний дэвшүүлж байгаа гол санал бол “Өгүүлбэртэй бодлогын өгөгдлийг шууд бодуулж сургахад биш, харин бодлого бодох аргыг эзэмшүүлж чадсан эсэх нь чухал юм.   

            Йинхүү мэргэжил нэгт багш нараасаа өөрийн санал бодол дүгнэлтийг хуваалцахаар  дараах асуултыг боловсруулан судалгаа авч үзэхэд:

            Өгүүлбэртэй бодлого бодуулж сургахад хамгийн бэрхшээлтэй зүйл юу вэ?

            а/.Өгүүлбэрийг ойлгуулахад  /сурагч талаас/

            б/.Товч бичиглэл хийлгэх

            в/.Томьёолох

            г/.Бодолт хийх

            д/.Схемчлэх  /зураглал хийх/

            е/…………………………………..

            …………………………………..

      

            Өгүүлбэртэй бодлого бодуулж сургахад ямар аргыг хэрэглэхэд тохиромжтой вэ?

            …………………………………………

гэсэн асуулт боловсруулан 20 багшаас судалгаа авахад 80 хувь нь бодлогын өгүүлбэрийг ойлгуулах гэсэн хариулт өгсөн байлаа.

Үүнээс үзэхэд:

Багш нар хугацаанаас болоод өөрөөр хэлбэл сургалтын программ,  стандартад нийцүүлэхийн тулд, бусад сэдвүүдийг хугацаанд нь багтаахын тулд өгүүлбэртэй бодлогыг орхигдуулж, сурагчдад бодлогыг бодуулж

сургах аргыг эзэмшүүлэхийг төвөгшөөж, дутуу дулимаг ханддаг байх эсвэл бага ангийн хүүхдүүд өгүүлбэртэй бодлогыг бодохдоо уншиж ойлгох чадвар муу, эсвэл хийсвэр зүйлийг бодит зүйл уруу шилжүүлэн сэтгэж чаддаггүй учир  өгүүлбэртэй бодлогод бодолт хийж шийдвэрлэж чаддаггүй байх гэсэн таамаглал дэвшүүлж байна. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд бодлогын өгүүлбэрийг яриулах, товч бичиглэл хийлгэх, томьёолох аргад сургах нь зүйтэй.

            Йинхүү өөрийн даан авч буй 2-р ангийн сурагчид дээр “арифметик үйлдлийг өгүүлбэртэй бодлогот хэрхэн гүйцэтгэх” тал дээр ажиглан туршиж үзэхэд:

           

Туршилт-1

            Биеийг тамирын тэмцээнд нэг сургуулиас 67, хоёр дахь сургуулиас 29-р цөөн,гурав дахь сургуулиас дээрх 2 сургуулийн сурагчдаас 17-оор олон сурагчид оролцсон бол гурав дахь сургуулиас хэдэн сурагч оролцсон бэ? Гэсэн бодлогын өгөгдлийг өгч сурагчдаар болон багшийн уншлагыг хэд хэд уншуулжсаны дараа эхний үед 29-р цөөн гэвэл яах вэ?, 17-р олон гэвэл яах вэ?, 5 дахин их гэвэл яах вэ?, 9 дахин их гэвэл яах вэ? гэсэн математик хэллэгийг шууд мэдүүлэх оролдлого хийж үзлээ. Ингэж туршиж үзэхэд хүүхэд зөвхөн 6-аар, 3-аар цөөн, 5 дахин бага, 9 дахин их гэдгийг шууд харахаас биш яг өгүүлбэрийг утга нь юу  юуг олох ёстой вэ? юуны тухай ямар бодлого вэ? гэдгийг олж харж чадахгүй байлаа. Энэ аргыг ангидаа хэд хэдэн удаа туршиж үзсэний дараа мэргэжил нэгт зарим нэгэн багш нарын хичээлд сууж үзэхэд мөн л дээрх аргыг хэрэглэж байгаа нь 8 багшийн хичээлд сууж  үзсэнээр энэ аргыг нийтлэг хэрэглэдэг болох нь харагдаж байгаа нь нотлогдож байлаа. 

 Өөрийн даасан 2б ангийн 28 сурагчиддаа туршилт судалгаа авсныг нэгтгэвэл:

 

Өөрийн дааж буй 2-р ангийн 28 сурагч дээр туршиж үзэхэд

Бодлогын өгүүлбэрийг ойлгож байгаа

Товчлол хийх

Томъёолох

Бодолт хийх

Схемчлэл зураглал хийх

Тааварлан бодож байгаа

5

3

3

5

4

25

 

            Туршилт – 2 

            Дээрх судалгаанд үнэлэлт дүгнэлт өгч, анализ хийсний үндсэн дээр дааж авч буй 2-р ангийн сурагчдадаа хичээллэж буй явцдаа бодлогын өгүүлбэрийг ойлгуулах нь чухал гэдгийг дүгнэж, хичээл дээр сурагчдыг нэг нэгээр нь өгөгдлийг уншуулж,  утгыг  яриулах дасгал хийж эхэллээ. Зарим нэг сурагчийн хувьд маш сайн утгыг ярьж байхад, өөр сурагчийн хувьд эхний өгүүлбэрийг хэлээд сайн ярьж чадахгүй байлаа. Йим сурагчийг дахин суулгаж утгыг яриулах дасгал хийж нэлээд дадлага хийлгэсний дараа

 

Өөрийн дааж буй 2-р ангийн 28 сурагч дээр туршиж үзэхэд

Бодлогын өгүүлбэрийг ойлгож байгаа

Товчлол хийх

Томъёолох

Бодолт хийх

Схемчлэл зураглал хийх

Тааварлан бодож байгаа

15

8

5

10

14

8

 

Сургалт нь  суралцагч бүрийн хувьд утга учиртай байх ёстой. Эзэмшиж байгаа мэдлэгийнхээ утгыг ухаарч ойлгох, өөртөө тохирсон зөв арга барилаар ажиллах, мэдлэгээ амьдрал орчиндоо тохируулан хувиргах зэрэг чадваруудыг эзэмшихэд нь багш суралцагчаа чиглүүлэн өдөөж, хамтран ажиллах нь чухал гэдгийг олж харлаа.

            Өгүүлбэртэй бодлого бодуулж сургахад сонсох үйл ажиллагаа:

            Энэ бол суралцахуйн хамгийн чухал элемент юм. Сонсохуйн сэрлээр ихэнх мэдээллийг авах бөгөөд тэрхүү мэдээллийг хэр зэрэг боловсруулснаар мэдлэгийн чанар, ажилд хандах хандлага шууд шалтгаалдаг. Сонсох гэдэг зөвхөн авиа, үг хүлээн авах бус түүний учир утгыг тунгаан авах нийлмэл үйл юм. Ялангуяа хичээлийн үед багшийн хүүхдүүдэд хэлэх үг бүр нь тусгай зориулалттай, утга агуулгатай байдаг тул багш бодлогын өгөгдлийг уншиж өгөхдөө сурагчдыг анхааран сонсож,  тунгаан бодож утгыг зөв ойлгож сурах чадварт сургах нь нэн чухал. Иймээс багш хүн цөөн жинтэй үг хэлж, сурагч өөрөө зарж багшийн үгнээс ухаарал авч ургуулан бодож ажиллах нь чухал. Багш хүний анхны үүрэг нь шавиа ийм байдалд сургах явдал болно.

            Бодлогын өгөгдлийг уншиж сурах үйл ажиллагаа:

            Энэ нь үндсэндээ сурах гол арга зам. Уншиж сурах нь сурах арга барилын чухал элемент. Унших гэдэг нь үг үсэг гаргах төдийг биш, харин уншсан үг өгүүлбэрийнхээ учрыг тунгаан ухаарч мэдээллийг боловсруулж мэдлэг болгож авах улмаар хэрэглэхэд бэлэн байдлаар хадгалах явдал гэж ойлгож болно. Аливаа хичээлийн багшийн нэг гол үүрэг нь зааж байгаа хичээлээрээ хүүхдийг тухайн /жишээ нь өгүүлбэртэй бодлогын өгөгдлийг/ уншиж ойлгодог болгох явдал юм. Иймээс багш өгүүлбэрээ унш гэж шаардахын өмнө "Яаж унших вэ?", "Ямар өвөрмөц нэр томьёо гарах вэ?", "Тэдгээрийг юу гэж ойлгох вэ?" гэдгийг урьдчилан ухааруулж ойлгуулахыг чухалчлах ёстой.

 

 

            Бодлогыг ажиглаж сурах үйл ажиллагаа:

            Ажиглах нь харахаас ялгаатай гэдгийг юуны өмнө ойлгох хэрэгтэй. Тухайлбал тодорхой зорилготойгоор анхаарлаа төвлөрүүлж оюуны харьцуулан жиших үйлтэй хослуулж харахыг л ажиглах гэж ойлгож болно. Ажиглах чадвар суугаагүй тохиолдолд тэндээс олж авсан мэдээллийг ухааран ойлгож мэдлэг болгож чадахгүй. Иймд багшийн гол үүрэг нь сурагчдын ажиглах үйлийг зөв зохион байгуулж тэднийг ажиглах арга барилд сургах явдал байдаг. Багш за бодлогын өгүүлбэрийг уншиж дууссан бол "Наашаа хараарай харж байна уу" гэсэн шаардлага нь нэг их ач холбогдолтой биш. Харин түүний оронд "За яагаад ийм байгааг харья", "Эдгээрийн ямар ялгаатайг харья" гэвэл сурагчдын харахын зорилго, чигийг ойлгож ажиглаж эхлэх болно. Тэгээд багш, тэрхүү ялгаа учир байдлыг яаж, юунаас нь олж харахыг бас чиглүүлж өгөх нь чухал. Тэгэхгүй бол хүүхдүүд тэр бүр хаана, юуг нь олж харахаа мэдэхгүй. Ажиглах чадвар гэдэгт гол зүйлийг онож олж харах, харьцуулан жиших үйл ихээхэн чухал үүрэгтэй.

            Ургуулан бодох үйл ажиллагаа:

            Сонсох, унших, ажиглах нь танин мэдэхүйн зөвхөн мэдээлэл цуглуулах алхмууд бөгөөд эндээс сэрж мэдэрч авсан мэдээллээ цааш боловсруулах үйл нь ургуулан бодохоос эхэлнэ. Сонссон, харсан, уншсанаас ургуулж өөрийн хуучин төсөөлөл мэдлэгтэйгээ жишиж шинэ мэдээллээр хуучнаа баяжуулан шинэчлэхээс мэдлэг эзэмших үйл явц эхэлдэг зүй тогтолтойг багш хүн байнга анхаарч үүний дагуу хүүхдийн сурах үйл ажиллагааг хөтлөхийг хичээвэл зохино. Хичээлийн эхний хэсэгт хүүхдийг идэвхтэй байдалд оруулж чадвал тэд багшийн хэлсэн, үзүүлсэн, өөрсдийн уншсан бүхнээс ургуулан бодох болно. Улмаар тэд өөрсдийнхөө мэдлэг туршлагатай холбож бодохоос гүнзгийрч уншсан, сонссон, харсан зүйлээ шууд харьцуулж сөргүүлэн,урвуулан тавьж бодох чадвартай болно. Иймд багш бүхэн хүүхдэд ургуулан бодох боломж олгохыг хичээх шаардлагатай. Ингэснээр тэдний сэтгэхүйг хөгжүүлэх үндсэн суурь тавигдах болно.

            Хичээл нь багш сурагчийн хамтын үйл ажиллагаа мөн.Гэхдээ үүнийг яаж хэрэгжүүлдэг нь хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Үр дүнгийн хувьд гэвэл олонхийн хувьд тодорхойгүйгээс гадна яг нарийн тооцвол тийм ч хангалттай биш байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх байх. Сургалтын арга гэдэг бол суралцагсдын сурах үйл ажиллагааг зохион байгуулах арга техник юм. Ямар ч хичээл дээр сурагчийн гүйцэтгэх үндсэн үйл ажиллагаа нь танин мэдэх үйл ажиллагаа байдаг. Танин мэдэх үйл ажиллагааны гол онцлог нь танин мэдэх сонирхолтой холбоотой байдагт оршино. Танин мэдэх сонирхолтой уялдаагүй үйл ажиллагаа нь ихэвчлэн гүйцэтгэх шинжтэй ба хөгжүүлэх, төлөвшүүлэх үр нөлөө багатай байх тул сургалтыг аль болох танин мэдэх сонирхолд тулгуурлан зохион байгуулахыг чухалчилдаг. Сурагчдын хичээлээр гүйцэтгэх үйл ажиллагааны төрөл хэлбэр нь хичээл бүрийн хувьд өөр өөр байх нь ойлгомжтой. Гагцхүү багш өөрөө мэргэжлийн хичээлдээ ямар ямар голлох үйл ажиллагааг яаж зохион байгуулахаа оновчтой сонгон төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлагатай.

Дүгнэлт

Багш бид цаг хугацаагүй шахам ажиллаж байдаг улс. Үүнийхээ хажуугаар өөрийн практик үйл ажиллагаанаас өмнөө тулгараад байгаа бага ч боловч үйлийг ялган харж, түүнийгээ системтэй төлөвлөх замаар үйл ажиллагааны судалгааг тасралтгүй хийх нь бид өөрийгөө хөгжүүлэн өөрчлөх хамгийн сонирхолтой , үр дүнтэй боломж ч байж болох юм.

            Бага ангийн сурагчдаар “Өгүүлбэртэй бодлого бодуулж сургах”алхмуудыг судалж үзэхэд:

1.Бодлогын өгөгдлийг сонсож ойлгож сурах.

2.Бодлогын өгүүлбэрийн утгыг уншиж ойлгодог болох.

3.Бодлогыг ажиглаж тооцоолох арга эзэмших.

4.Ургуулан бодох гэсэн үе шатаар бодуулж сургах нь илүү үр дүнтэй гэдгийг “Outreach” төслийн хүрээнд модуль бүрд хийсэн судалгааныхаа явцад олж харлаа.Энэ судалгааны ажлын явцад хамгийн чухал нь бодлогын өгүүлбэрийн утгыг ойлгуулж ухааруулах явдал гэсэн гол шинэ санааг дэвшүүлж байна. Харин хийсвэр сэтгэлгээ нь нилээд хөгжүүлэх шаардлагатай. Энэхүү судалгаагаа үргэлжлүүлэх бөгөөд энэ явцдаа өөр олон бэрхшээлтэй асуудлаа давхар шийдэж чадаж байгаагаас гадна сайжруулах шаардлагатай өөр олон санааг өөрийн практик үйл ажиллагаанаас олж харж байгаагаа мэдэрч байлаа. Дээрх судалгаанаас авч үзвэл ойлгох, ургуулах, ажиглах сэтгэлгээ нь монгол хүүхдэд давамгай байдаг юм байна. Үүнд суурилсан сургалтыг зохион байгуулах аргыг цаашид үргэлжлүүлэн судлах болно.

 Хязгаарлагдмал тал

Энэ судалгаанд бүх багш нар хамрагдаагүй зөвхөн “Бага ангийн заах аргын нэгдлийн багш” нар хамрагдсан бөгөөд сургуулийн нийт сурагчдыг судалгаанд хамруулж хараахан чадаагүй,  зөвхөн өөрийн дааж авч буй 2-р ангийн сурагчид дээр туршилт судалгаа хийсэн.

Энэхүү өгүүлэлдээ “Бага ангийн хүүхдэд өгүүлбэртэй бодлого бодох аргыг” эзэмшүүлэх тал дээр ажиглалт судалгаа хийж хийсвэр сэтгэлгээнээс бодит сэтгэлгээнд, бодит сэтгэлгээнээс хийсвэр сэтгэлгээнд шилжих оюуны олон талт процессыг багтаасан “Өгүүлбэртэй бодлогын” утгыг ойлгож ухаарах, нөхцөлийг тодорхойлох улмар ургуулан бодох, бодож сургах нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх учиртай юм.Цаашид судалгааны хүрээгээ улам өргөжүүлэн судалж,гарын авлага болгон бичих болно.

            Зохиогчийн тухай

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р сургуулийн багш Д.Содгэрэл. Заах аргач зэрэгтэй.

Ном зүй

Ц.Нямжав “Арифмитикийн өгүүлбэртэй бодлого бодох аргууд” УБ., 2002 онБ.Балдулмаа “Бага сургуулийн математик боловсролын стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж” УБ., 2000 онД.Бүндэн “Бага сургуулийн 2-р ангид үзэх арифметик бодлого, түүнийг бодох аргачлал” УБ., 2005 онМодуль 2 “Багшийн эрэл хайгуул” “Практик үйл ажиллагааг хөгжүүлэх нь” УБ., 2007 онМодуль – 3 “Багш судлаач” УБ., 2007 онЛавай “Боловсролын онол, арга зүйн сэтгүүл” ¹ 1, 2, 3 УБ., 2006 онБоловсрол судлал” сэтгүүл 2007 оны ¹1Ш.Ичинхорлоо “Сурган хүмүүжүүлэх судалгааны арга зүй” УБ., 2006 он“Чанартай боловсрол – хөгжлийн баталгаа” илтгэлүүдийн эмхтгэл

 


Дашдоржийн СОДГЭРЭЛ /Хэнтий. Хэрлэн сумын 4 сургуулийн багш, Боловсрол судлалын магистр/

D.Sodgerel_@yahoo.com

 

 

 

 

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 14:52 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Дургүй байгаа бол шахах гээд хэрэггүй. Эвтэйхэн онгироох арга чухал. цэцэрлэгт явж байгаагүй бол олон цагаар бүр сууж чадахгүй. Тиймээс том хүүхэд шиг байлгах гэж шахах хэрэггүй. Өгүүлбэртэй бодлогыг бие дааж уншаад хийх үе биш. Тиймээс та өөрөө ойлгомжтой уншиж өгөх хэрэгтэй.
Бичсэн: edu цаг: 13:37, 2012-04-30 | Холбоос | |


Зөвлөгөө авмаар байна
Манай хүүхэд одоо 6настай сургуульд явдаг эрэгтэй хүүхэд байгаа юм. Урьд цэцэрлэгт явж байгаагүй. Хүү маань хичээлдээ сайн төвлөрч анхаардаггүй, эргэн тойрныхоо хүүхэдтэй ярьдаг,тоглодог гэж багш нь хэлэх юм. Дээрээс нь өндөр болохоороо хамгийн ард суудаг. Хүүгээ яавал хичээлдээ анхаардаг дур сонирхолтой болгох вэ?
Монгол хэлэндээ гайгүй. Тооны хичээлээ анхаараад хийхээрээ гайгүй. Гэхдээ өгүүлбэртэй бодлогыг биеийг нь даалгаад уншуулаад хийлгэх гэхээр чадахгүй. Өөр хүн уншиж өгч тайлбарлаж байж ойлгох юмаа.Энэ насанд ингэж хийлгэх нь зөв үү аль эсвэл заавал өөрөөр нь уншуулж ойлгуулж бодуулах ёстой юу? яавал хүүхдээ тооны хичээлд сайн болгох вэ? энэ чиглэлийн дугуйлан секц гэж байдаг уу? Хэрэв байдаг бол хаана байдгыг зааж өгөөч ...............Анхаарал тавьсанд баярлалаа.
Бичсэн: Ганаа (зочин) цаг: 12:21, 2012-04-19 | Холбоос | |


jishee bodlogo
gehdee jishee geed jijig jijig bodlogo taviul deer yumshig baina tegvel arai iluu sain oilgoh baih gej bi bodoj baina
Бичсэн: Зочин цаг: 22:24, 2011-01-26 | Холбоос | |


Сарангэрэлд
Боломжтой бол хаягаа тодорхой үлдээвэл бололгүй яахав
Бичсэн: Зочин цаг: 10:10, 2011-01-13 | Холбоос | |


сайн байна үнэхээр л бага ангийн багш нарт тулгамдсан асуудал мөн шүү харилцан арга туршлагаа солилцож болох юм. гоё шүү
Бичсэн: сарангэрэл (зочин) цаг: 13:48, 2011-01-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1782163 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax