2011-01-10
2010 ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШИЛД БАГШ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ” ОНОЛ-ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН ТУХАЙ


2010 оны шилдэг илтгэл шалгаруулах “хүүхдийн хөгжил, төлөвшилд багш, сургалтын байгууллагын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх арга зам”  онол-практикийн бага хурал 2010 оны 11 сарын 29-өөс 12 сарын 2-ны өдрүүдэд нийслэлийн Оюуны ундраа цогцолбор сургуульд дээр зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Онол-практикийн бага хуралд 20 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс шалгарсан 29 илтгэгч ирж оролцсон болно. Хуралд оролцсон илтгэгч нарын 75,9% нь оны шилдэг илтгэл шалгаруулах улсын уралдаанд анх удаа, 17,2% нь хоёрдах удаагаа оролцож байгаа бол дөрөв болон түүнээс дээш удаа оролцож байгаа багш 6,8%-ийг эзэлж байгаа нь залуу багш нар судалгаа, шинжилгээний ажлын арга барилд ихээр суралцаж байгааг харуулж байна. Үүний нэг баталгаа бол 30 хүртэл насны оролцогчид нийт илтгэгч нарын 24,1%-ийг эзэлж байгаа явдал юм. Мөн боловсролын салбарт тодорхой туршлага хуримтлуулсан, хийсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүн, тэргүүн туршлагаасаа хуваалцахаар ирсэн 31-50 насны багш нар 65,5% байв. Сургууль, орон нутгийн түвшинд шалгаран ирсэн илтгэгч нарын 44,8% нь зэрэггүй, 3,4% нь заах аргач, 48,3% нь тэргүүлэх, 3,4% нь зөвлөх зэргийн багш нар байв. Дээрх сэдвийн хүрээнд илтгэл бичин оролцож байгаа илтгэгч нарын дотор сургуулийн захирал 1, сургалтын менежер 2 байсан бөгөөд бусад илтгэгч нарын 31% нь хэлний, 20,7% нь байгалийн ухааны багш байсан бол бага ангийн багш 2, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажилладаг илтгэгч 4 байв.

Улсын уралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс харахад зарлагдсан сэдвийг нарийвчлан, өөрийн сургууль, цэцэрлэгийн хүрээнд судалгааны ажил хийн сэдвээ нарийвчилсан нь харагдаж байна. тухайлбал, анги удирдсан багшийн зүгээс хүүхдийн хөгжил, төлөвшлийг хэрхэн удирдан залж, дэмжлэх үзүүлэх асуудлыг хөндсөн илтгэл 6, зүрх сэтгэлийн боловсролын асуудлаар 3 илтгэл ирсэн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх багшийн дэмжлэг, төрөлжүүлсэн сургалтаад дамжуулан хүүхдийг хөгжүүлэх, сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хүндлэх, суралцахуйд хүмүүнлэг зарчмыг тооцох зэрэг асуудлуудыг хөндсөн илтгэлүүд байв.

Уралдаанд оролцсон нийт 29 илтгэлээс дараах илтгэлүүд шалгарав.

 Эзэлсэн байр

Илтгэгч

Аймаг, хот

Илтгэлийн сэдэв

1-р байр

Х.Нарантуяа

Дорнод, 12-р цэцэрлэг

Хүүхдийг сургуульд бэлтгэхэд багшийн үүргийг дээшлүүлэх арга зам

2-р байр

Ц.Цэвэлмаа

Дундговь, Сайнцагаан сумын сургууль

Суралцагчдын хөгжил, төлөвшилд хамтын үнэлгээ ашиглах замаар нөлөөлөх асуудал

2-р байр

М.Дорж, Л.Нэргүй, Х.Цацрал, Т.Туруунаа, Т.Намшир

Дархан-Уул,

9, 19 болон ОИ болон ОД цогцолбор сургууль

Хүүхэд төлөвшүүлэх хөтөлбөр, технологи арга зүйн зарим асуудал

3-р байр

Н.Мөнхтуяа, Ц.Пүрэвсүрэн

Завхан, Чандмань-Эрдэнэ цогцолбор

Монгол хэлний хичээлийн гэрийн даалгавар хүүхдийг хөгжүүлэх төлөвшүүлэх боломж

3-р байр

Г.Чогдонхорлоо

Төв, Хүмүүн цогцолбор сургууль

Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хүндэтгэх нь сурагчдын төлөвшил хүмүүжилд оруулах том хувь нэмэр мөн

3-р байр

М.Энэбиш

Сүхбаатар, Баруун-Урт сумын сургууль

Сурагчдын хөгжил төлөвшилд анги удирдсан багшийн оролцоо

Шагналт байр

Ж.Батболор

Архангай, Хашаат сумын сургууль

Хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүргийг дээшлүүлэх арга замын эхний алхамыг зөв тодорхойлох

Шагналт байр

Б.Цэцгээ

УБ, Багануур, Боловсрол цогцолбор сургууль

Социометрийн судалгаагаар анги хамт олны төлөвшлийг тодорхойлох нь

 

Энэ жилийн хувьд хамтын бүтээл нилээд ирсэнээрээ онцлог байв. 2-6 хүнээс бүрдсэн багийн хамтын бүтээл нийт 8 байсан бөгөөд 2-р байранд орсон Дархан-Уул аймгаас шалгарч ирсэн илтгэл 4 өөр сургуулийн 5 багшийн бүтээл байсан нь багш нар зөвхөн сургуулийнхээ хүрээнд хамтарч ажиллаад зогсохгүй, сургууль хоорондын багш нарын хамтын ажиллагааны үр дүнд судалгаа, шинжилгээний ажил хийж эхэлж байгааг харуулж байна.

Шалгарч ирсэн илтгэлүүдийн чанар чансаа жил ирэх тусам өсөж, багш нар судалгаа хийх арга барил болон МХТ-ийг ашиглах чадвар сайжирч байгааг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ цаашид анхаарах нийтлэг зүйлүүд ажиглагдаж байна. Тухайлбал, илтгэлийнхээ нэрийг оновчтой сонгоогүй, дэвшүүлсэн зорилго хэт ерөнхий, илтгэлийн агуулга, зорилт, дүгнэлт зэргээс зөрсөн, гаргасан дүгнэлтүүд нь хийсэн судалгааны ажлаас нь гараагүй, өөрийн туршлага, боловсролд тулгамдаж байгаа бүхий л асуудлыг хөндсөн, мөн судалгааны аргууд нь зөвхөн асуулгын судалгаагаар хязгаарлагдсан, үг үсгийн болон найрууллагын алдаатай, ишлэл болон ном зүйг зохистой хийгээгүй зэрэг дутагпдал байсан бөгөөд хурал дууссаны дараа холбогдох зөвлөлгөөг комиссын зүгээс оролцогч нарт хэлж өгсөн юм.

Шагналт байр эзэлсэн багш нар өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн бол нийт оролцогчидод улсын хэмжээний эрдэм шинжилгээний онол-практикийн хуралд оролцсон тухай батламж гардуулсан бөгөөд Монголын багш нарын холбооны зүгээс өөрийн “Алтан эрдэнэ” болон “Есөн эрдэнэ” медалиудыг нэр бүхий багш нарт гардуулан өгсөн юм.

Оны шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгуулахад нийслэлийн Оюуны ундраа цогцолбор сургууль бүх талын дэмжлэг үзүүлсэнийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Комиссын нарийн бичгийн дарга

Боловсролын хүрээлэнгийн ЭШАА, доктор Ж.Нарантуяа

 

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 08:53 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1782201 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax