2011-01-14
Сурагчдын эх хэлний хичээлд хандах хандлагыг судлах нь

Түлхүүр үг: Сурагчдын эх хэлний талаарх эерэг ба сөрөг хандлага, монгол хэлний яруу тансаг байдал болон өнөөгийн хүмүүсийн хандлагын тухай,  монгол хэлний сургалт судалгааны тухай, монгол хэлний хичээлийн үнэ цэнэ,

Сэдэв сонгосон учир:Миний бие өмнөх судалгааны ажлаа “Багш сурагч нэг бүрийн харилцаа, хандлагад нөлөөлөх нь ” сэдвээр бичиж байсан бол энэ удаагийн сэдвээ өөрийн мэргэжлийн дагуу өнөөгийн сурагчдын эх хэл болон монгол хэлний хичээлд хандах хандлагыг судлахыг зорилоо. Өнөөгийн хүн бүр монгол хэлний сургалтад ямар байдлаар ханддаг нь бид бүхэнд ойлгомжтой. Хүүхдийг дөнгөж төрсөн цагаас нь англи, орос, хятад хэл сургах гэж улайрч байгаа нь өнөөгийн нийгмээ дагасан байдал боловч нөгөө талаас эх хэлнийхээ тансаг төгс төгөлдөр байдлыг умартан, үндэсний ёс заншил соёлоо үл хүндлэх байдал нь давамгайлж байгаа нь илт. Хэт европжих байдал хүн бүрийн сэтгэлгээнд эх  хэлээ  хоёрдох хэл гэсэн бодлыг суулгаж, ирээдүй хойч үе болсон сурагчдад ч энэ байдал нь нөлөөлж байгааг нуух юун.

Сургуулийнхаа 9-11дүгээр ангийнханд монгол хэл уран зохиолын хичээл ордог болохоор энэ талаарх тодорхой ажиглалт хийсэн байсан. Мөн өмнөх төгсгөсөн ангийхандаа багаас нь эхэлж хичээл орж байсан болохоор энэ судалгааг хийхэд материал элбэг байсан гэж хэлж болно.Иймээс “Сурагчдын монгол хэлний хичээлд хандах ерөнхий хандлага” гэсэн сэдвийг сонгож авсан болно.

Хураангуй

            Дэлхий нийтийн хэрэгцээ, хэрэглээ улам бүр даяарчлагдаж шинжлэх ухаан технологи,  мэдээлэл, хүний хүчин зүйл нийгмийн хөгжилд улам шийдвэрлэх үүрэгтэй болж байгаа өнөө үед хөгжлийн эх сурвалж нь эх хэлний боловсрол гэж үзэх үзэл нь улам бүр чухалчлагдаж байна.

            Тиймээс  ирээдүйн иргэд болох  өсвөр үе,сурагчдын эх хэлний талаарх ерөнхий хандлагыг өөрчлөх нь багш бидний гол үүрэг болоод байна. Эл судалгаандаа дараах асуудлыг хөндөж бичлээ.

1.    Хандлагыг өөрчлөх

2.    Монгол хэл бичиг уран зохиолын хичээл гэж салгаж заалгүй хооронд нь уялдуулж заах, арга барилаа шинэчлэх

3.    Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх

4.    Бага дунд ангийн монгол хэлний сургалтын уялдаа холбоог нягтруулах 

5.    Монгол соёл, зан заншил, үндэсний бахархлыг бахархах сэтгэлийг төрүүлэхүйц

6.    Багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл заах арга, аргазүйг шинэчлэх, орчин үед нийцүүлэх

Resume

Everything has developed the whole world

The science information and human have been an important factor of social development. So, the education of language is an original source of development.Consequently, we need to change the general attitude about native language of the junior who is our future. This is our extremy objective.The reseach consists many things.  

1.    To change their attitude

2.    To reform our teaching scills and to interconnect Mongolian literature and Mongolian script

3.    To develop their full of initiative thinking

4.    To make more  compact of link training Mongolian at the elementary  and middle grades

5.    To make up environs cohich make an impression pleased coith our traditional culture,national civilization

6.    To restore the teacher`s method and skills and in order to submit the present

7.    To change their opinions and experience

There are special problems in my research.

Оршил хэсэг

Монголын ард түмний үнэт өв болсон ховор нандин бүтээлүүд, бичгийн дурсгалууд үеэс үед дамжин өв уламжлагдаж, ард олныг соён гэгээрүүлэх их үйлст үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа билээ. Ийм учраас Монголын ард түмний болоод хүн төрөлхтний соёлын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг дэлхий дахинд үнэлж байдаг нь бахархалтай. Тиймээс ч монгол болон монголч эрдэмтэд монгол хэлний гайхамшгийн тухай бахдан бишрэн хэлсэн нь тоймгүй олон.

Тухайлбал: “Эх хэл бол үндэсний шавхагдашгүй их баялаг мөн.”

“Яаж ч гоёж гангаллаа гэсэн

Яс угсаагаа далдартал гоёод хэрэггүй

Ямар ч ном, олон хэл сурлаа гэвч.

Яруу сайхан монгол хэлээ мартаж болохгүй.       Р. Чойном

“ Эх хэлээ хайрлацгаа...Энэ маань өвөг дээдсээс бидэнд үлдсэн цул эрдэнэ. Энэхүү хүчит зэвсгийг хүндэтгэн хэрэглэ. Чадвартай эзэмшвэл гайхамшгийг бүтээнэ шүү “                   И. С. Тургенев

 “Эх хэлээ мэдэхгүй мэдрээгүй нэгэн ойд төөрсөн сармагчин лугаа адил.”

Эх хэлнийхээ яруу тансагийг мэдрэх тусам бичихгүй магтан дуулахгүй байхын аргагүй юм.”

 “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл, үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон.        Д. Нацагдорж .” гэх мэтээр бичсэн нь бий.

      Өнөөдөр манай дэлхийн хүн ам 6000 орчим хэлээр ярилцаж байна. Тухайн үндэстэн ямар хэлээр ярилцах нь үндэс угсаа төдийгүй түүх, улс төр, нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалан хэл нэг талаар арвижин баяжиж байхад нөгөө талаар ядууран устаж үгүй болох аюул нүүрлэсээр байдаг. Ийм аюул тулгараад байгаа хэл дэлхий дээр 1300 гаруй байна гэсэн мэдээ бий.

Монгол хүн бид өөрсдийн эх хэлээ хайрлан дээдлэхгүй бол монгол хэл минь мөхөх аюул ойрхон байгааг санаж, иргэн хүн бүр энэ асуудалд ямар нэгэн байдлаар  анхаарлаа хандуулах буй .

 

Үндсэн хэсэг

                 

Судалгааг  4 бүлгийн 6 ангийн 216 сурагчаас энэхүү судалгааг авсан бөгөөд нэр хаяг тавиулаагүй болно.

1.    Ангиудаас  бүх хичээлүүдийн сонирхлын судалгааг авч анализ дүгнэлт хийсэн.

2.    Дуртай, дургүй хичээлүүдийн шалтгаан өөрөөсөө болон бусад

3.    Хичээл заах чадвар, арга барил сүүлийн үеийн сургалтын аргыг хэрэглэж байгаа эсэх Багшийн заах ур чадварзэрэг асуултыг тусгасан.

Профессор Ф.Бейлисийн 3:18 судалгаанаас санаа авч асуулгаар тухайн

сурагчдын хандлагыг илрүүлэх аргыг туршиж үзсэн. Хавсаргав

            Сурагчдаас авсан хичээл сонирхлын судалгаанд 6-11 анги монгол хэл  ялангуяа монгол бичиг маш муу хувь үзүүлэлт буюу 18,6% тай байсан. Энэ бүхний шалтгааныг дурдсан байдлыг тоймловол:

·         Монгол хэлний хичээл нь маш хүнд дүрэм ихтэй, сонирхол татах зүйл байхгүй, ойлгомжгүй байдаг

·         Багш нар нь хэт хурдан заадаг, гүйцэт ойлгодоггүй, залхдаг

·         Бусад хичээлүүдийг бодвол даалгавар их өгдөг,

·         Багш нар ойлгогдохоор заадаггүй, заах арга муу

·         Орчин үеийн арга хэрэглэдэггүй

·         Нэгдсэн нэг нэр томъёотой биш.

·         Хичээлүүдийг ойлгохгүй явсаар гүйцэж чаддаггүй

·         Уран зохиолын ном хүртээмж үгүйгээс уншдаггүй

·         Монгол бичгийн хичээл амьдралд ойр биш гэх мэт шалтгааныг дурдсан байв.

Ер нь сурагчдын ерөнхий хандлага нь судалгаанаас ажиглагдаж байв.

Өнөөдөр хүн бүр л аялал жуулчлал, орчуулагч, сэтгүүлч гэсэн мэргэжлийг сонгож байгаа нь маргашгүй үнэн. Энэ бүхэн хоёр гуравдахч  хэлийг судлах нь мэдэх нь бидний ирээдүйд хамгийн чухал гэдэг үзэлтэй холбоотой юм. Нэг бодлын цаг үе нийгмийн хөгжилтэй холбоотой боловч энэ бүгд нь биднийг инээдтэй байдалд хүргэж байна. Учир нь эх хэлнийхээ үгийн сангийн үгийг бүрэн гүйцэт мэдэхгүй хүмүүс чинь тэр яруу тансаг , төгс сонсголонт үгсийг тэр байдлаар нь биш махчилж, модон үгээр утга учиргүй орчуулж байгаад оршиж байгаа юм.

“Хэлний гэм толгойд ” гэж ард түмэн сургасан учиртай.  Толгой муутай, ядуу сэтгэлгээтэй хүмүүс буруу хазгай ярьж, бэлчээрийн хэдэн үгнээс хэтэрдэггүй. Буруу яривал толгойд халтай тохиолдол ч байдаг.

 

Дараагийн нэг асуудал нь бичгийн соёл гэдэг асуудал маш хурцаар яригдаж байна. Тэр дундаа зөв бичих дүрэм. Өнөөгийн боловсролын системд ч алдаа байж болох юм. Хүн бүр л өөрсдийн дураар үгсийг бичиж байна. Зөв бурууг нь хэлээд алдааг нь засаад өгөх хүн ч алга гэлтэй. Сургалтын аргазүйд ч багш нар бага ангид л нэг хэсэг зөв бичих дүрмийн тухай ярьсан болоод анги ахих тусам бичгийн хэлбэр, зөв бичих дүрмийн тухай мартдаг гэж хэлж болно.  Саяхан үндэсний телевизийн “Нээлттэй ярилцлага” нэвтрүүлгээр “Монгол хэлд дүрэм бий юу? ” гэсэн асуулгад ярилцлагад оролцсон хүмүүс нэгэн дуугаар “Уг нь урьд бидний үед үг буруу бичих байтугай муухай бичдэг хүн бараг байгаагүй. Хүүхдүүдийнхээ ном дэвтэр, хичээл даалгаврыг хааяа нэг шалгахад бөөн алдаа харагддаг. Бүр сонин хэвлэл, зурагтаар хүртэл элдэв зар сурталчилгааг алдаатай бичсэн нь харагддаг. Тийм болохоор уншиж байгаа болон үзэж байгаа хүмүүс, буруу бичиж сурах нь аргагүй юм.” гэсэн зүйлийг сонсоход энэ ч оргүй зүйл биш юм. Үнэхээр л өнөөдөр хоёр хүний нэг нь алдаатай бичдэг гэхэд маргах хүн үгүй биз.  

Гол дараагийн асуудал нь сурагчдын хүйсийн асуудал байлаа. Судалгаанд оролцсон сурагчдын эрэгтэй сурагчид нь сонирхолгүй дургүй хичээл гэж бичсэн байв. Монгол бичгийн хичээлийг бүр ч сонирхдоггүй нь ажиглагдаж байв.      Энэ байдлаас үзэхэд эрэгтэй сурагчид техник технологи, математик, физик, биеийн тамирын хичээлийг бид нарын судлах сурах ёстой гол хичээл гэж боддог нь илт.

Монгол хэлний чиглэлийн их дээд сургуульд суралцагсдын 96% нь эмэгтэй хүүхдүүд байдаг нь энэ үзэлтэй холбоотой байдаг болов уу? Үүнээс харахад эрэгтэй сурагчдад багш бид хүрч ажиллах талаар дутагдалтай байгаа

   

Тиймээс сурагчдаас авсан судалгааны дүнд тулгуурлан, дараах ажлуудыг хийж гүйцэтгэх.

1     Хандлагыг өөрчлөх Монгол хэл бичгийн хичээлийн талаарх суралцагсдын төсөөлөл, өмнөх мэдлэг дээр тулгуурлан монгол хэлний түүхэн гарал, өвөрмөц онцлог, давуу талууд, түүхэнд гүйцэтгэж буй үүргийг ойлгуулах, цаашлаад үндэсний бичиг соёл, өв уламжлалаа эрхэмлэн дээдлэх, түүгээрээ бахархах хандлагыг төлөвшүүлэх. Үүнд ганц монгол хэл уран зохиолын багш нар биш сургуулийн бүх сурган хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагаа шаарддагдсан.

2     Монгол хэл бичиг уран зохиолын хичээл гэж салгаж заалгүй хооронд нь уялдуулж заах, арга барилаа шинэчлэх Нэгж хичээл бүртээ хичээлийн залгамж холбоог нарийн төлөвлөж , сурагчдад аливаа даалгаврыг хамтарч ажиллаж хийхээр төлөвлөж хэвшив. Тухайлбал: уран зохиолын бичил эхэд задлал хийгээд тэр эхээ монгол бичигт хөрвүүлэх

3     Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх Сурагчдаар ямарваа даалгаврыг хийлгэхдээ энгийнээс хүндрүүлэх замаар буюу аливаа эхэд задлал хийхдээ эхлээд ойролцоо утга бүхий эх олох, цаашлаад эсрэг утгат эх, тухайн эхтэй ойролцоо утгат эх зохиох , эхийн утгыг хэлц үгээр илэрхийлэх зэргээх ажиллуулж болох юм.

4     Бага дунд ангийн монгол хэлний сургалтын уялдаа холбоог нягтруулах Бага ангийн багштай дунд ангийн монгол хэлний багш нар  хамтарч ажиллах   Мөн сургуулийн Монгол хэлний заах аргын нэгдлийн багш нар ангиудаа сольж хичээл заалаа. Үүний үр нэг багшийн тогтмол хэв маягийг эвдэх, бие биенийхээ заах арга барил, шинэлэг санааны тухай харилцан ярилцах, туршлага судлах зэргээр хамтран ажиллаж эхэлсэн.

5     Монгол соёл, зан заншил, үндэсний бахархлыг бахархах сэтгэлийг төрүүлэхүйц орчин бүрдүүлж эхэлж байна. Сургалтын анги танхимыг монгол үндэсний ахуйг мэдрүүлэхүйц тохижуулсан байх. Тухайлбал: Уран зохиолын кабинет нь монгол гэр, тоглоом наадгай, таван хошуу малын холбогдолтой бүх зүйл хэрэглэл , бүх төрлийн номын баяжилттай, судартай байх нь чухал юм. 

6             Багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл заах арга, аргазүйг шинэчлэх, орчин үед нийцүүлэх, Байнга шинийг санаачлагч, эрэлхийлэгч,бүтээлч байх  

7             Хичээлийг амьдралд аль болох ойр байлгахын үүднээс даалгаврыг аль болох бодит биет үзүүлэн хэрэглэх. Тухайлбал: Сурагчдын өөрсдийн сайн мэдэх шүлэг зохиол, болон сонирхлын дагуу сүүлийн үеийн эх зохиол болон бичил өгүүллэгийг хэрэглэх зэрэг болно.   

Энэхүү асуудлыг шийдвэрлэх гол асуудал нь монгол хэлний сургалтыг чанаржуулах, багш нарын заах аргазүйг чадваржуулах, авъяас чадварыг нээн илрүүлж, тэдний чадавхийг нэгтгэн нэг зорилгод чиглүүлэх, шинэ сэтгэлгээ бий болгох таатай орчинг бүрдүүлэхэд ихээхэн анхаарал тавих хэрэгтэй болж байна. Нөгөө талаас хүмүүсийн сэтгэлгээнд нөлөөлөх асуудал гэж үзэж болно. Сургуулийн түвшинд бол нэгж хичээл бүрийн тэгш байдлыг харгалзан үзэж,  монгол хэлний хичээлийг  гол хичээл гэсэн үүднээс сургалтын цагийг уртасгах, хичээлийг үр дүнтэй заах, орчин үеийн сургалтын аргазүйг нэвтрүүлэх нь  илүү үр дүнтэй болов уу.

Сэдвийн хязгаарлагдмал тал

Энэ судалгаа нь зөвхөн өөрийнхөө хичээл ордог зургаан ангийн сурагчдын Монгол хэлний хичээлд хандах хандлага, идэвх оролцоог ажиглан бичсэн нь нийтийг хамраагүй байж болох юм.Монгол хэлний сургалтын чанар, анги тохижилт ,   багш нарын  заах арга барил зэрэг асуудлыг хөндөх гэсэнгүй. Харин ч монгол хэлний тухай хандлагын зарим нэг шалтгааныг тодруулах гэсэн нь энэ юм. Аливаа  нэг асуудлын тухай ярих болоход зарим нэг асуудлууд уялдаа холбоотой байдаг. Энэ бүхэн дээр нэгдсэн сүүлийн дүгнэлт ч гаргах боломжгүй, тэгэх ч шаардлагагүй юм.

 

 

Дүгнэлт

            Эцэст нь дүгнэхэд монгол хэл бичгийн сургалтыг чанаржуулах, сургалтын орчин бүрдүүлэх, ном сурах бичгийн хангалтыг сайжруулах, багш нарын заах арга барилыг чадваржуулах  зэрэг асуудлыг  нэн түрүүнд хийж гүйцэтгэх хэрэгтэй юм.

Нөгөө талаас зөвхөн сургууль сурагчдын хүрээнд эх болсон монгол хэлний талаарх хандлага гэж ярих нь хязгаарлагдмал болох юм. Иргэн бүр энэ тухай бодох л ёстой болно.  Мөнх наст ижий болсон эх хэл, эх орон юугаа эрхэмлэн хайрлаж, эх хэлнийхээ рашаан ундаргыг булгийн эх шиг ариухан байлгаж  баяжуулсаар хойч үеийнхнийгээ хосгүй сайхан монгол хэлтэй болгохыг болгоход одоогийн бид нар л эрвийх дэрвийхээрээ хичээх ёстой буй за.

Эцэст нь: Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

            Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ

            Сонсох бүр яруу байялгийг тань гайхан баясч

Сод их билэгт түмэн юугаа бишрэн магтму би.”         Б. Ренчин

гэсэн энэ өгүүллэгээ дуусгая. 

 

 

 

Ашигласан материал

1.    Модуль “Багшийн эрэл хайгууль ” УБ 2007

2.    Модуль “ Мэргэжлийн эргэцүүлэл ” УБ 2007

3.    Модуль “ Багш судлаач ” УБ 2007

4.    “Боловсрол судлал” сэтгүүл УБ 2005

5.    Исмаил Боз “Анги удирдах урлаг” УБ 2005

6.    “Нийгмийн ажилтны гарын авлага” УБ 2006

 

 

Энэ аргыг туршиж үзсэн болно.

Асуулга: Хандлагыг илрүүлэх арга

Заавар: Дараах зүйлтэй уншиж танилцаад өөрийн хариултыг өгнө үү? Хэрэв санал бүрэн нийлж байгаа бол өгүүлбэрийн ард А, ихэнхдээ тийм байдаг бол В, тавь тавин хувьтай бол С, ихэнхдээ тийм биш бол D зэрэг үсгэн үнэлгээг тавина уу? Харин хоосон зайнд нь Яагаад? гэсэн тайлбарыг бичнэ үү?

1     Би монгол хэлний хичээлийг маш сонирхолтой гэж боддог.

2     Монгол хэл ер нь сонирхолтой.

3     Монгол хэлний хичээл ер нь цагийн гарз.

4     Монгол хэлний хичээлд би дуртай.

5     Монгол хэлний хичээл уйтгартай.

6     Би монгол хэлний хичээлийн хэцүү даалгаврыг хийх дургүй.

7     Монгол хэлний хичээл битгий ороосой гэж боддог.

8     Монгол хэлний хичээлээр үзэж байгаа зүйлийг цөмийг нь мэднэ.

9     Монгол хэлний хичээл миний дургүй хичээлүүдийн нэг мөн.

Хэнтий аймаг. “Хан Хэнтий” цогцолбор сургууль. МХУЗ-ын багш, Боловсрло судлалын магистр В. Ариунцэцэг


Бичсэн: EDUCATION | цаг: 09:42 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781804 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax