2011-02-01
АЛБАН БУС БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

БСШУ-ы сайдын 2010 оны12 дугаар сарын

10-ны өдрийн 556 дугаар  тушаалын

1 дүгээр хавсралт

 

 

АЛБАН БУС БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ТАЛААР

БАРИМТЛАХ БОДЛОГО

 

 

Нэг. Ерөнхий зүйл

Улам бүр даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл нь боловсрол бөгөөд боловсролоор дамжуулан хүний амьдрах эрх, иргэдийнхээ амьдралын чанарыг хангах, улмаар иргэний нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нь дээшлүүлэх  бодлогыг дийлэнх улс орон, тэдгээрийн засгийн газрууд баримталж байна.

 

Монгол Улсын төрөөс иргэдийнхээ насан туршид сурч хөгжих хэрэгцээг албан болон албан бус боловсролын нэгдлийг боловсронгуй болгох замаар хангана гэж үзээд Боловсролын тухай хуулинд “Монгол Улсын боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байна” (1995 он), “Иргэн нь боловсролыг албан болон албан бус сургалтаар эзэмшиж болно” (2002 он) гэж заасан юм.

 

Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэх, зах зээлийн эдийн засгийн харилцааг тогтворжуулах, иргэдийн сайн сайхан амьдралыг биежүүлэн баталгаажуулахын тулд Засгийн газраас гаргаж байгаа хүчин чармайлтад боловсролын тогтолцооны нэгдмэл байдал, түүнчлэн албан бус боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, менежментийн чадавх чухал нөлөөтэй юм.

 

Албан бус байдлаар эзэмших насан туршийн тасралтгүй боловсрол нь боловсрол эзэмших иргэний эрхийн салшгүй хэсэг бөгөөд нийгэм-соёлын тэгш бус  байдлаас үүдэлтэй хүн бүрийн ялгаатай хэрэгцээг хангах, мэдлэгт суурилсан нийгмийг цоглоон байгуулах засгийн газрын үйл ажиллагаа, улмаар хүмүүс хэрэгцээт мэдлэг, чадвар, хандлагын үнэт зүйлсийг эзэмших, өөрийнхөө бололцоонд тулгуурлан амьдралаа зөв авч явах гол хэрэгсэл билээ.

 

Албан бус боловсролын энэхүү үйлчилгээг иргэдэд үзүүлж, хүн бүрт хувийн амьдрал төдийгүй эдийн засаг, соёл, нийгмийн орчноос үзүүлж байгаа бэрхшээлийг даван туулах, бусадтай хамтран оршиж, чанартайгаар нийгэмшин амьдрахад шаардагдах бодит чадварыг эзэмшүүлэх арга зам бол албан бус боловсролын сургалт мөн.

 

Албан бус боловсролын сургалт нь нээлттэй хөтөлбөрийн шинж чанарыг өөртөө агуулж, бичиг үсгийн болон бага, суурь, бүрэн дунд боловсрол,  амьдарч, аж төрөх ухаан хийгээд иргэний боловсролын зорилго, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээг цогц байдлаар илэрхийлсэн, суралцахуй ба багшлахуйн үйл ажиллагааны нэгдэл байна.

 

Сургалтыг төр, иргэний нийгмийн байгууллага, иргэдээс суралцагчийн хэрэгцээ, сургалтын байгууллагын нөөц бололцоо, орон нутгийн онцлог, цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн, сургалтын нээлттэй хөтөлбөрийн хэлбэрээр уян хатан, тасралтгүй байдлаар зохион байгуулахад албан бус сургалтын мөн чанар оршино.

 

Иймд Боловсролын тухай багц хууль, ”Төрөөс боловсролын тухай баримтлах бодлого”, “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас албан бус боловсролын сургалтын талаар баримтлах бодлогыг дараахь байдлаар тодорхойлж байна.

 

Өнөөгийн нийгэм дэх ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг, ёс суртахууны доройтол, шилжих хөдөлгөөн, сургууль завсардалтаас үүдэлтэй иргэдийн боловсрол эзэмших явцад тулгарч буй бэрхшээлийг багасгах нь энэхүү бодлогын үндэслэл болж байгаа бөгөөд бодлогын хэрэгжилт нь эдгээр асуудлыг албан бус сургалтын хүрээнд шийдвэрлэх боломжийг олгоно гэж үзэж байна.

 

Хоёр. Сургалтын зорилго

 

Иргэдэд албан бус хэлбэрээр бичиг үсгийн болон ерөнхий боловсрол болон амьдарч, аж төрөх ухааны чадвар дадлыг эзэмшүүлэх замаар, насан туршийн тасралтгүй боловсрол эзэмших иргэний эрхийг хангахад оршино.

 

Гурав. Сургалтад баримтлах зарчим

Албан бус боловсролын сургалтад дор дурдсан зарчмыг баримтална.

-       Сургалтын агуулга, арга зүй нь нээлттэй, уян хатан, чөлөөтэй, олон хувилбартай, хүмүүнлэг байх;

-       Иргэдийн сурч боловсрох, хөдөлмөрлөх, оролцох эрхийг хүндэтгэсэн байх;

-       Иргэдийн нас, хүйс, амьдралын төвшин, амьдарч буй газраас нь үл хамааран суралцах боломжийг адил тэгш олгосон байх;

-       Иргэдийн суралцах хэрэгцээнд тулгуурласан, тасралтгүй байх;

-       Хүмүүнлэг, ардчилсан ёс, соёл, зан заншил, хүйсийн тэгш эрхийг  дээдэлсэн байх;

-       Шинжлэх ухаанч, ард түмний уламжлалт зан үйл, өрхийн үйлдвэрлэл, арга технологи дээр суурилсан,  эрүүл ахуй, техник технологийн аюулгүй ажиллагааг хангасан байх;

-       Сурган хүмүүжүүлэх ухаан, насанд хүрэгчдийн сургалтын болон холимог бүлгийн сургалтын аргазүйг ашигласан байх;

 

Дөрөв. Сургалтын агуулга, хэлбэр

Албан бус сургалтын үйл ажиллагаа иргэдэд бичиг үсгийн болон ерөнхий боловсролыг дүйцүүлэн олгох, амьдрах, аж төрөх ухаан, хөдөлмөрийн дадал, мэргэжлийн баримжаа олгоход чиглэсэн “заавал судлах” ба “сонгон, гүнзгийрүүлж судлах” агуулгатай, танхимын болон танхимын бус гэсэн үндсэн хэлбэртэй байна. Танхимын бус сургалтын хэлбэр гэдэгт бие даасан, экстернат, зайны сургалт, явуулын буюу гэр бүл, хот айл дахь шавь сургалт зэргийг ойлгоно.

 

Бичиг үсгийн сургалт нь анхан (бичиг үсэгт тайлагдах) ба дунд, гүнзгий шат (бичиг үсгийн дараах)-ны агуулгаас бүрдэнэ. Бичиг үсгийн анхан шатны сургалтын гол зорилтот бүлэг нь бичиг үсэгт тайлагдаагүй 15 болон түүнээс дээш насны хүн ам байна. Сургалтын агуулга нь суралцагчдад унших, бичих, тооцоолох, ойлгох, ярих, жиших, хэмжилт хийх чадвар болон байгаль, нийгмийн үзэгдлийг танин мэдэх, амьдрал ахуйдаа ашиглах, эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалах энгийн дадал, хэвшил эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Бичиг үсгийн дараах шатны сургалт нь анхан шатны мэдлэг, чадвараа гүнзгийрүүлэх явцад амьдрах, аж төрөх ухаанд сургахад чиглэгдэнэ. Бичиг үсгийн анхан шатны сургалтыг танхимын; дунд, гүнзгий шатны буюу бичиг үсгийн дараах сургалтыг танхимын болон танхимын бус хэлбэрийг хослуулан зохион байгуулна.

 

Бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалтын агуулга нь ерөнхий боловсролын тухайн шатны агуулгын 70-аас доошгүй хувьтай дүйцэх бөгөөд суралцагчийн хэрэгцээнээс хамааран амьдрах, аж төрөх ухаан, эрүүл мэндийн болон хөдөлмөрийн дадал, мэргэжлийн баримжаа олох зорилгоор гүнзгийрүүлэн судалж болно. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын гол зорилтот бүлэг нь сургуулийн гадна буй хүүхэд залуус, насанд хүрэгчид байх ба сургалтыг танхимын болон танхимын бус, экстернат хэлбэрээр зохион байгуулна. Танхимын сургалтад суралцагчдын нас, сэтгэхүйн онцлог, боловсролын төвшнээс хамаарч дагнасан болон холимог бүлгийн хэлбэрийг ашиглана. 

 

Амьдрах, аж төрөх ухааны сургалт нь харилцааны чадвар эзэмшүүлэх, шийдвэр гаргах, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, ажил амьдралаа төлөвлөж, бүтээлчээр сэтгэх, өөрийгөө хянан жолоодох зэрэг амьдрах ухааны ерөнхий чадваруудаас гадна өрхийн орлогоо бүрдүүлэх, жижиг бизнес эрхлэх, хөдөлмөрийн дадал, мэргэжлийн баримжаа олгох, эрүүл аж төрөх, зөв зан үйл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ. Амьдрах, аж төрөх ухааны сургалтыг сургалтын орчин бүрдсэн боловсролын болон мэргэжлийн байгууллага, хот айлыг түшиглэн танхимын болон танхимын бус хэлбэрээр зохион байгуулж болно.

 

Тав.  Сургалтын хугацаа

Албан бус боловсролын сургалт нь бичиг үсгийн сургалтын хөтөлбөр, дүйцсэн сургалтын хөтөлбөр, амьдрах, аж төрөх ухааны сургалтын хөтөлбөрт тавьсан зорилтоо хэрэгжүүлж дуусах хүртэл хугацаанд үргэлжлэх ба энэ нь сургалтыг зохион байгуулж буй хувь хүн, байгууллага, суралцагчийн онцлог, боловсролын төвшин болон сургалтын агуулгаас хамаарч уян хатан байна. Бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалтын үргэлжлэх хугацаа ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанаас ихгүй байна.

 

Зургаа. Сургалтын төлөвлөгөө

Албан бус боловсролын сургалтад үндэсний төвшинд боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн төлөвлөгөөг мөрдөх ба энэ нь  дараах зүйлийг тусгасан бүтэц, зохиомжтой байна:

 

-       Албан бус боловсролын сургалтын төрөл, төвшин, агуулга ба хэлбэрийг оновчтой илэрхийлсэн байх;

 

-       Бичиг үсгийн сургалтын анхан, дунд, гүнзгий шатны агуулгын залгамж холбоог сургалтын хөтөлбөрөөр нарийвчлан гаргах боломжийг бүрдүүлсэн байх;

 

-       Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын бага, суурь, бүрэн дунд боловсролын төвшин бүрээр эзэмших цогц чадамж ба ерөнхий боловсролын үндсэн хичээлийг хооронд нь дүйцүүлсэн  байх;

 

-       Бичиг үсгийн, дүйцсэн сургалт ба амьдрах, аж төрөх ухааны сургалтыг танхимын болон танхимын бус хэлбэрээр зохион байгуулах боломжийг олгосон байх;

 

-       Албан бус боловсролын сургалтын нээлттэй, уян хатан байх зарчимд үндэслэн сургалтын төрөл, хэлбэр ба төвшинг орон нутгийн онцлог, суралцагч бүлгийн хэрэгцээнд тохируулан сонгон авч, орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар батлуулан мөрдөх боломжийг сургалтын байгууллага, багшид олгосон байх;

 

-       Бичиг үсгийн анхан шатны болон бага боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө нь суралцагчдад өөртөө итгэх итгэл, хүмүүнлэг эрх зүй, ёс суртахууныг төлөвшүүлэхэд; суурь болон бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын төлөвлөгөө нь шинжлэх ухаанч үзэл, хандлага, үнэт зүйл төлөвшүүлэхэд; бичиг үсгийн дараах болон амьдрах, аж төрөх ухааны сургалтын төлөвлөгөө нь хөдөлмөрийн дадал, мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрал ахуйг нь дээшлүүлэхэд тус тус чиглэсэн байх;  

-       Албан бус боловсролын салбарын хүний болон санхүүгийн нөөцийн өнөөгийн байдал, хэтийн төлөвийг тооцсон хэрэгжих боломжтой байх;

 

Долоо. Сургалтын хөтөлбөр

Албан бус боловсролын сургалтын чиглэл бүрээр үлгэрчилсэн хөтөлбөрийг үндэсний төвшинд боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батлан хэрэгжүүлнэ. Сургалтын хөтөлбөр нь суралцах хэрэгцээ бүхий насанд хүрэгчид, сургуулийн гадна буй хүүхэд, залууст бичиг үсгийн болон ерөнхий боловсролын, амьдрах, аж төрөх  ухааны мэдлэг чадвар эзэмшүүлэх үйл ажиллагааны үлгэрчилсэн агуулгыг тодорхойлсон удирдамж баримт бичиг тул сургалт эрхлэгч байгууллага орон нутгийн онцлог, уламжлалт зан заншил, суралцагчдын хэрэгцээ, боловсролын төвшин, хөдөлмөр эрхлэлт болон эдийн засгийн дэд бүтцийн байдлыг харгалзан хувилбартайгаар боловсруулан хэрэгжүүлэхийг дэмжинэ. Албан бус боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд дараах шаардлагыг харгалзана:

-       Хөтөлбөрийн зорилго, агуулга, аргазүй, үнэлгээ нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас мөрдөж буй шаардлагад нийцсэн байх;

-       Бичиг үсгийн сургалтын хөтөлбөр нь бичиг үсэгт тайлах, бичиг үсгийн чадвараа дээшлүүлэх явцдаа амьдрах, аж төрөх ухаанд суралцах боломжийг олгосон байх;

-       Дүйцсэн сургалтын хөтөлбөр нь бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын үзэл баримтлал, агуулга, үнэлгээний стандартад нийцэж, арга зүйн хөгжлийн үндсийг баримталсан байх;         

 

-       Амьдрах, аж төрөх ухааны сургалтын хөтөлбөр нь зөв зан үйлд суралцаж, тогтвортой нийгэмд ажиллаж, аж төрөх, амьдралын төвшнөө дээшлүүлэхэд нь туслах боломжийг суралцагчид бүрдүүлсэн байх;

 

-       Сургалтын хөтөлбөр нь албан бус боловсролын сургалтын зорилтот бүлгийн хэрэгцээнд нийцсэн, суралцагч ба багшид хэрэглэхэд тохиромжтой, энгийн бүтэц, зохиомжтой байх;

 

Найм. Сургалтын үнэлгээ

 

Албан бус боловсролын сургалтын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ нь өөрийн, хөндлөнгийн гэсэн үндсэн хэлбэртэй байна. Өөрийн үнэлгээг  сургалт зохион байгуулсан байгууллага, албан бус боловсролын Гэгээрлийн төв, ерөнхий боловсролын сургууль хамтран явуулах ба хөндлөнгийн үнэлгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүнээс эрх олгосон мэргэжлийн байгууллага хийнэ.

 

Бичиг үсгийн болон бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын стандартын биелэлтийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн анги дэвших, сургууль төгсөх шалгалттай хамтатган авна. Суурь, бүрэн дунд боловсролын стандартыг амжилттай эзэмшсэн иргэдэд боловсролын зохих баримт бичгийг олгоно.

 

Амьдрах, аж төрөх ухааны сургалтын үр дүнг суралцагчид гарсан ахицыг харгалзан үнэлэх ба сургалтыг  амжилттай дүүргэсэн иргэдэд Гэгээрлийн төв, зохион байгуулагч бусад байгууллагаас батламж буюу гэрчилгээ олгож болно.

 

Ес. Сургалтыг хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавх

 

Албан бус боловсролын багш бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг  тодорхой төлөвлөгөөний дагуу боловсролын салбарын бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор багшийн ажлын байран дээрх сургалт, төвлөрсөн ба орон нутгийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хэлбэрээр зохион байгуулна.

 

Үндэсний төвшин дэх сургалтыг албан бус боловсролын асуудлыг хариуцсан төрийн байгууллага, орон нутаг дахь сургалтыг орон нутагт боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус хариуцан сургалтын тодорхой хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд  зохион байгуулах ба боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэгдсэн бодлого зохицуулалтаар хэрэгжинэ.

 

Албан бус боловсролын багш бэлтгэх тогтолцоог бий болгох үүднээс багш бэлтгэдэг сургуулийн сургалтад албан бус боловсролын сургалтын онол, арга зүйн асуудлыг тусган хэрэгжүүлэх талаар шат дараалсан арга хэмжээг авна. 

Тэтгэвэрт гарсан багш болон төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийг албан бус боловсролын сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулахыг дэмжих ба тэдэнд цалин хөлс, урамшуулал олгоно. 

 

Арав. Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн

 

Насан турш суралцахуйд чиглэсэн боловсролын шинэчлэл, албан бус боловсролын уян хатан, нээлттэй сургалтын бодлогын хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүний агуулга, арга зүйг шинэ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хувилбартай, сонголттой болгох зарчмыг баримтлан шинэчлэн хөгжүүлж, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлнэ.

 

Амьдрах, аж төрөх ухаан, мэргэжлийн баримжаа, хөдөлмөрийн дадал олгох сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмж, дадлага ажлын хэрэглэгдэхүүнээр хангаж, сургалтын орчин бүрдүүлнэ. Албан бус боловсролын сургалтын хэрэглэгдэхүүнийг орон нутгийн хөгжлийн онцлог, дэд бүтцийн хөгжил, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдалтай уялдуулан олон хувилбартай болгоно.

 

Арван нэг. Сургалтын санхүүжилт

Албан бус боловсролын бичиг үсгийн сургалт, бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалт, амьдрах, аж төрөх  ухааны сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг үндэс болгон улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүжилт олгоно.

 

Олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, буцалтгүй тусламжид хамруулах боломжийг хөхүүлэн дэмжинэ. Албан бус боловсролын сургалт зохион байгуулж буй байгууллага суралцагчийн төлбөр ба өөрийн үйл ажиллагааны орлого, аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллага, иргэдийн тусламжаар үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. 

.

 

                                                           о   о  О  о  о

Бичсэн: EDUCATION | цаг: 12:58 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Албан бус сургалтанд яаж бүртгүүлэх юэ.Ямар хугацаагаар хичээллэх вэ.Би Монгол бмямгийн сургалтанд хамрагдмаар байна.
Бичсэн: Зочин цаг: 08:42, 2016-04-12 | Холбоос | |


alban bus bolovsrol
saın baıtsgaanuu? bı turk ulsad surdag eddın zasgın oyutan baına.magistrin diplomnii ajlaa yaduural bolon bolovsrolıın talar hııj baıgan. yalanguya hodoo oron nutgıın yaduurlıg buurulhad hodoo oron nurgıın amjırgag saıjrulhad chıglesen hotolbor boloh alban bus bolovsrolıın talar bıchıj baıgan. ene sedev mongold hun burıın meded baıdaggu, 1990d onos hoısh hereglej ehelsen zuıl bolohor bı ch gesen ehende ene tuhaı meddeggu baıla. harın busad orond ene ıh tugeemel yum baınale.
ene sedevteı holbootoı ıluu ıh medeelel hıgdsen ajluud sudalgaa bolon anketuud haanas olj boloh ve .
bayarlala ta buhend amjılt husıe
Бичсэн: Oyun-Erdene (зочин) цаг: 22:14, 2014-08-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1775240 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax