2011-03-30
Монгол зураг -1 (Өгүүллэг)

Блогт орж буй уншигчиддаа зориулаад Монгол зураг зохиолыг цуврал болгон хүргэж байна. Зохиогчоос нь албан ёсны зөвшөөрөл авсан бөгөөд уг өгүүллэгийг та бүхэн уншаад заавал сэтгэгдэл үлдээгээрэй.

(өгүүллэг)

Галааг бага байхад эцэг, эх нь социалист нийгмийн хуулийн дагуу заавал ажил, хөдөлмөр эрхлэх үүрэгтэй байв. Эхчүүд 45 хоногийн жирэмсний амралтын дараа ажилдаа орох ёстой тул, хүүхдүүд цэцэрлэг, яслиар явах, үгүй бол таньдаг хүн болон эмээ, өвөөгөөрөө харуулахаас өөр замгүй байлаа. Мань хүн бүх замыг нь туулсан боловч тэр үеийн Монголын ихэнх хүүхдүүдийн адилаар голдуу эмээ, өвөө дээрээ өссөн юм. 

Эмээ нар нь түүнд маш олон домог, түүх, үлгэрүүд  ярьж өгдөг байсан бөгөөд түүний нэг нь Буддын шашны гүн ухаанаас гаралтай хүн амьдралынхаа зурсан, зураг төөргөөрөө амьдардаг тухай байсан нь сүүлийн үед Галаад ихэд бодогдох болжээ. Учир нь мань хүн Австралид олон жил амьдрах болсоноос хойш, сүүлийн үед эх нутгаа байнга бодох болж ганцаардаад байгаа ч юм шиг эргэн тойронд нь хоосон хуурам ч ертөнц оршоод, найз нөхөдгүй болчихсон, заримдаа амиа хорловол яадаг бол тэгвэл миний хойноос эцэг, эхээс минь өөр хэн ч харамсахгүй байхдаа гэсэн хүртэл адтай бодол эргэлдэх болжээ.

Хүний амьдрал гэдэг чинь зураг төөргөөрөө явдаг гэсэн эмэг эхийнхээ яриаг зөвхөн бурханы шашны сургааль гэж үзэж, хүн өөрөө амьдралынхаа төлөө тэмцэж, өөрчилж, сайжруулж хувь заяагаа гартаа атгаж чадна гэдэг бодол багаасаа суусан хүнийхээ хувьд амьдралаа үргэлж, өөрчилж тэмүүлсээр байгаад Австралид амьдран нэртэй компаний инженер, барууны их сургуулийн мастерийн зэрэг, хаус, сайхан машин авчихаад одоо дарвуулт завь, хувийн нисэх онгоц, хүч хурдтай, гоё мотоцикль, ангийн сайхан буунууд зэргийг сонирхдог болсон. Тэгээд бодохоор хүн хувь заяныхаа эзэн мэт боловч сүүлийн үед бодоод байхад Гала хэзээ ч багаасаа гадаадад гарч амьдрал хөөн эцэг, эхээ орхиж явна гэж бодож яваагүйгээ бодоход, хорьхон жилийн өмнө хүн түүнийг чи Австралид улсад амьдарч, ажиллах болно гэж хэлсэн бол хэрхэвч үнэмшихгүй байснаа эргэцүүлээд үзэхээр хүн гэдэг чинь хувь тавилангаараа, зурсан зургаараа амьдардаг гэсэн эмэг эхийнх нь хэлсэн үг үнэн ч юм шиг санагдан толгойг нь гашилгах болжээ.

Багадаа өвөөтэйгээ Богдын музей үзсэн нь санаанаас гардагүй юм. Тэнд нэрт зураач Марзан Шарав гуайн “Монголын нэг өдөр” гэдэг зураг дээр тэр үеийн Монголын нийгмийн амьдралыг, Монголчуудын аж төрөх ёсыг дүрсэлснийг санахаар хэрвээ Марзан Шарав гуай өдийд амьд байсан ахул өнөөгийн Монголчуудын амьдралыг зурахдаа Нью- Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаа хийж байгаа брокер, Хятадын Эрээнээс гахай зөөж байгаа бүсгүйчүүд, Сумогийн дэвжээн дээр барилдаж буй бөх, Германд сурж буй оюутан, Австралид барилга дээр ажиллаж байгаа инженер гээд л их л сонин зургууд зурах байсан байхдаа гэж тэр үе үехэн боддог.

Галаа бол гадаадад гарч амьрал хөөн одсон Монголчуудын анхны давалгаанаар гарч ажиллаж, амьдарч байгаа жирийн нэгэн монгол инженер, эндээ (Австралид) мастер хамгаалаад дэлхийн нэгэн том брэнд компанид ажилд орсноороо Австралид үлдэх замаа тавьсан. Тэр үед тус улсад байнгын оршин суугчийн эрх авахад харьцангуй гайгүй байж дээ хөөрхий. Эхний үед том компанид ажилд орсноо дээдийн заяа мэтээр хүлээн авч маш их баярлаж байж билээ. Мэргэжлийнхээ ажилд орох гэж маш олон газарт танилцуулга, ажлын түүх зэргээ явуулж олон газраас хариу эс аван, эсвэл утсаар ярилцлага өгч заримдаа бүр аль газраас нь утсаар яриад байгаа юм бол гэж будилтлаа ажилд орох хавсралт материалуудыг бөглөж явсан түүхтэй. Тэднээс бараг арваны нэг нь л ярилцлагад орох урилга өгч, ярилцлагад бас л арав орчим газарт орж байснаас нэг албан газрынхан ажилтан нь бүр Монголд тэгээд компьютер байдаг юм уу? гэж үнэн голоосоо асууж байсан сан. Ингэж л явж байхдаа хувь хүний амьдрал, ажил албанд хүртэл улс орных нь нэр хүнд ямар их нөлөөтэйг сайн ойлгож авчээ!

Удалгүй мань хүн ажил албандаа гаршаад, англи хэл нь сайжраад ирэхийн сацуу ажил нь багадаад, хавь ойрынхон хамтран ажилладаг улсууд нь гологдоод ирэхийн сацуу наандаж ахлах инженер цаашдаа бүс нутгийнхаа удирдагч менежер болох амбан санаатай болж эхэлсэн. Хэдийгээр энэ хүслээ биелүүлсэн боловч энэ нь бас л бага санагдаад ирэв. Ер нь мань хүний их санаа, байнга байгаагаа голдог дээшээ тэмүүлдэг санаархал нь эх орноо орхиж гадаадад амьдрахад хүргэсэн юм.

Галаа бол нэр шигээ гал, дөлтэй, тэмүүлэл, хүсэл эрмэлзэлтэй гучин хэдтэй залуу. Өргөн шанаатай, далд давхараатай нүдтэй, нуруулаг залуу бөгөөд нүдээрээ инээмсэглэн гэрэл цацруулах мэт хардаг болов ч заримдаа нүд нь гэнэт хурц гүнзгий хар ангал мэт сэтгэгдэл төрүүлэхээр болон хувирах нь сонихон.

…Чикаго хотын төвийн нэгэн байгууллагын хүлээлгийн танхимд Монгол зураг өлгөжээ. Галаа ресипшн хүүхэнд ирснээ мэдэгдэн, уулзах хүнээ хүлээж байх хоорондоо хананд өлгөсөн тосон будгийн зургийг сайтар харж авахаар ширтлээ. Зураг дээр Монголчуудын XIX –ээр зууны сүүлч хавийн аж амьдралыг дүрсэлснээрээ “Монголын нэг өдөр” гэдэг алдарт зургаас сэдэвлэсэн юм уу гэлтэй. Гэхдээ орчин үеийн Монгол зураач зурсан байлаа. Ер нь барууны компаниудын үүдний хүлээлгийн танхимд уран зураг, авсан шагналууд, эртний газрын зураг, түүх соёл, бэлэг дурсгалын зүйлсүүд байх нь элбэг бөлгөө. Энэ бол түүнтэй тохиолдсон хоёр дахь Монгол зураг юм. Монгол зураг тааралдах болгонд Галаагийн урам зориг сэргэн ажил нь бүтэх шиг болдог билээ. Бас эртний газрын зураг болгон дээр Монгол орныг дүрсэлсэн байх нь олонтоо бөгөөд тэр болгонд мань хүнд их урам зориг, түүх соёлоороо бахархах сэтгэгдэл төрүүлэн ойр хавьд байсан хүмүүст “энийг хардаа Монгол ийм том газар нутагтай байсан юм” гэж хэлмээр, гайхуулмаар санагддаг. Эрт үеийн газрын зургууд голдуу XY-XYII-оор зууны үеийнх байдаг юм. Тэр үед хэдий Монгол орон хуваагдмал байсан боловч ямарч том байсан юм бэ дээ. Хянганы нуруунаас Дон мөрөн хүртэлх нутаг нэвтдээ, Байгаль нуурын хойноос Цагаан хэрэм, Хөх нуур гээд алс өмнө зүгийн нутгууд туждаа л Халимаг, Зүүнгар, Ойрад болон Монголынх гээд л тэмдэглэгдсэн байдаг нь бахархууштай.

Сүүлийн үед барууны дундаж давхаргын дээд хэсгийнхэн Монгол зургийг их сонирхох болсон. Магадгүй Монгол улс нээлттэй болсон, Чингис хааныг болон түүний байгуулсан эзэнт гүрнийг үнэлэх үнэлгээ сүүлийн хориод жил өөрчлөгдсөнөөс гадныхан ихээр сонирхох болсонтой холбоотой байх. Нөгөө талаар Монгол орны байгаль их өвөрмөц хурц өнгүүдтэй, зураачид нь ч гэсэн үндэснийхээ хэв шинжийг орчин үеийн урсгалуудтай хослуулж Монголын гэх дүр төрхөөр ертөнцийг амилуулж, өөрсдийн өвөрмөц дүр төрхөө илэрхийлж чадаж байгаад оршино.

Тиймээс Австралийн үндэсний музейд Монгол зураачийн зурсан зураг арван хэдэн мянган доллараар үнэлэгдэн тавьсан. Энэ хэдий амжилт боловч уугуул үндэстнийхэн (aboriginal) зарим зургууд хэдэн зуун мянган долларт хүрч арилжагддагийн дэргэд бол бас л чамламаар үзүүлэлт.  Хэрвээ сайтар соёл урлагаар дагнасан Монгол менежер байвал хувийн орон сууцны (house) хэмжээнд үнэлүүлчих зураг Монголд байгаа,  тэд зурж чадна гэдгийг Галаа сайн мэдэх болсон. Хамгийн гол нь сайн менежмент, танил тал, энэ талын туршлага, сурталчилгаа бас ам панаалын чадал мэдэх билээ.

Иймд саяхнаас мань эр зөвхөн мэргэжлийн хүрээний мэдээллийн технологийн бизнесээсээ хальж энэ талаар сонирхож эхэлжээ. Тэгээд ч холбогдох хүмүүстэй нь танилцаж Монголын уран зургийн үзэсгэлэнг байгаа хотдоо зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Репсишн хүүхэн хэд хэдэн удаа холбогдох оролдлого хийснээ Галаа руу харан инээмсэглэн “Давид (ерөнхий менежэр)  хүнтэй утсаар яриад байгаа бололтой утас нь залгаатай дохио өгөөд байна. Би тэдний тасгийн хэн нэгэнтэй холбоо бариад таны ирснийг мэдэгдэе! Та тэр хавиар суугаад хүлээж байна уу? гэв”

Галаа эргэн тойрноо харвал хүлээлгийн ширээ, түүнийг тойрсон буйдангууд, ширээн дээр нь өдөр тутмын хэвлэл тавьжээ. Хананд өлгөсөн 42” инчийн ЛСД зурагтаар нь Блумбергийн суваг гарах бөгөөд өнөөдрийн хөрөнгийн биржийн индексүүдийн мэдээ явах ажээ. Зургаа харах уу, мэдээ үзэх үү гээд л түр зуур тээнэглэзэж байх хооронд хонгилийн танхимаас өндөр зэгзгэр оффис маягийн дэгжин хувцасласан хүүхэн алхаж ирснээ Галаа руу мэндчилэхэд Галаа өөрийн эрхгүй 6-7 секунд алмайрч орхих хоорондоо ёстой юун танил дуу, таньдаг хүүхэн энд байдаг билээ гэсэн маягийн түмэн бодол, дурсамж, эргэцүүлэл нь урсаад өнгөрөх шиг боллоо. Хүүхний цайвар цэнхэр нүд ч гэсэн хэдхэн хормын дотор томорч, хөмсөг нь сөхөгдөж ирсэнээ маш хурдан буцаад хэвэндээ орчихов.  Хүүхэн ч сайхан “амьтан” ажээ. Сайхан хүүхнийг харах дургүй, түүнтэй ярих дургүй эр хүн гэж хаа ч байлаа. Ямар ч байсан энэ хүүхний аяглах харц байдал нь түүнд тааламжтай байгаагаа илэрхийлж байна. Над шиг гоонь бие эрд аятайхан хүүхэн байна даа гэсэн юм тэр хооронд бодогдоод амжив.

Хүүхэн та “Галаа Батнасан гэж уу? Сайн явж ирсэн үү?” гэж сурмаг аргаүй бүтэн нэрийг нь хэлсэнд Галаа үл ялиг гайхширч орхив. Баргийн гадаад хүн түүний бүтэн нэрийг тийм амархан хэлдэггүй л юм даа. Надыг дагаад явна уу? гэж эелдэгээр хэлсэнд Галаа уулзалтын өрөө рүү нь дагаж алхах завсар юу билээ? Хэн билээ? Таньдаг хүн шиг санагдах юм гэж? өөртөө асуулт тавьсаар дуртай нь аргагүй дагалаа.

Хүүхэн өөрийгөө Женни Спиэрман гэж дахин танилцуулаад: Би Давидын туслах болон оффис менежер хийдэг. Та сайн явж ирсэн үү? Давид одоогоор завгүй тул надыг зохицуулж байгаарай гэсэн. Ингэхэд та надыг танихгүй байна уу? гээд асуулт хариултыг нэг амьсгаагаар л урсгаж орхилоо. Галаа таниж байна ч гэж хэлэх хэцүү үгүй ч гэж хэлэх хэцүү байсан тул аан тийм үү гэсэн маягтай хэдэн үг бувтнав. Женни та зурган дээрээсээ хамаагүй залуу харагддаг юм байна. Би Анн –ийн дүү нь байна та надыг одоо таниж байна уу гэхэд? Ёстой л гэнэтийн учрал гэх үү цохилт гэж нэрлэх үү гэдэг шиг юм болж Галаа өөрийн эрхгүй юу гэнээ л гэж дуу алдлаа.

Зураг төөргөө гэж… Энэ Америкт Аннын дүүтэй тааралдаж байдаг. Оффисийн үүдэн дээр Монгол зураг байсан нь бас учиртай байжээ.

Ё. Гантулга

Австрали

2009 оны 8 дугаар сар 7

http://gantulga.wordpress.com

Бичсэн: EDUCATION | цаг: 15:57 | Уран зохиол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1775520 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax