2011-11-24
Аугаа их эрдэмтэн Михайл Васильевич Ломоносов (1711-1765 он)

Алс цагаан тэнгисийн хязгаарт нутагтай ядуу тариачин Василий Дорофеевийнд нэгэн хүү төрсөн нь хожим Петербург, Стокгольм, Болоны Шинжлэх ухааны Академийн гишүүн болсон анхны орос хүн, тал бүрийн авьяастай аугаа их эрдэмтэн Михайл Васильевич Ломоносов байлаа. Миша хүү багадаа эхээсээ хагацан, арван наснаас аавынхаа хүнд хүчир ажилд туслалцаж, Умард мөсөн далай, Цагаан тэнгисээр аялан явдаг байжээ. Тэр багадаа уншиж сурсан боловч, унших ном нь даанч ховор, олдсон ганц нэг ном нь шашны сургууль дүүрэн байдаг байв. Харин Смотрицкийн “Хэл зүй”, Магницкийн “Тоо бодлого” гэдэг хоёр номтой санамсаргүй тааралдсан нь сониуч хүүгийн өмнө шинжлэх ухааны шинэ ертөнцийг нээв. Энэ шинэ ертөнц 16 настай хүүгийн хамаг санаа бодлыг эзэмдэн улмаар түүнд бүх амьдралаа зориулахаар шийдсэн юм. Тэгээд Москвад очиж эрдэм сурахаар 1730 оны өвлийн тэсгим хүйтэн нэгэн өдөр загасчны хөсөг бараадан халаасандаа гурван рубльтэй, үүргэвчиндээ хоёр номтой явган гарчээ. 1731 оны эхээр Москвад ирж слав, грек, латин хэлний академи (Спасскийн сургууль)-д язгууртны хүүхэд гэдэг нэрээр орж амжжээ. Эхний нэг жил гурван ангийн хичээлийг сурч, дөрөвдүгээр ангид шууд дэвшин оржээ. Энд суралцсан таван жилийн дотор шинжлэх ухааны номуудыг ихэд шамдан сонирхож уншсаар нэг мэдэхэд сургуулийнх нь өгдөг мэдлэг түүнд чамлагдах болжээ. Удалгүй түүнийг Шинжлэх ухааны Академийн дэргэд байсан гимназид, дараа нь Германд явуулж хим ба уул уурхайн мэргэжилд суралцуулжээ. Тэнд “Шингэн дэх хатуу биеийн хувирлын тухай” гэдэг анхныхаа эрдэм шинжилгээний бүтээлийг туурвисан байна. 1741 онд эх орондоо буцаж ирсэн боловч Академийн ерөнхийлөгч Шумахер зэрэг герман хүмүүсийн хавчилтанд өртөн дөрвөн жилийн дараа сая л химийн профессор болжээ. Тэд оросын их сургууль байгуулах гэсэн түүний саналыг эрс эсэргүүцэн “Ганц Ломоносов нь бидэнд саад болж байхад арван Ломоносовын хэрэг байна уу” гэцгээж байв. Гэвч 1755 онд М.В.Ломоносовын санаачилга, төслөөр Москвагийн их сургууль байгуулагдаж, хожим нь түүний нэрээр нэрлэгдэх болсон юм. М.В.Ломоносов шинжлэл судлалын ажлаа үргэлжлүүлж “Химийн уусгагчдын үйлчилгээний тухай”, “Дулаан ба хүйтний шалтгааны тухай физик ойлголт” гэдэг бүтээлүүдээ бичив. 1744 онд бичсэн “Математик химийн элементүүд” гэдэг гайхамшигт бүтээлдээ бодисын байгуулалтын атом-молекулын сургаалыг бий болгосон байна. Түүнчлэн 1745 онд бичсэн “Дулаан ба хүйтний тухай”, 1754 онд бичсэн “Жин ба материйн тоо хэмжээний харьцаа” гэдэг ажлуудаараа физик, химийн шинжлух ухааны гол хуулиудыг нээгч болсон юм. М.В.Ломоносовын нээсэн “бодисын жингээ хадгалах” хуулийг Ф.Энгельс XIX зууны гурван гайхамшигт нээлт гэж үнэлсэн билээ. М.В.Ломоносовын физикт хийсэн ажлууд дотор атмосферийн цахилгаан үзэгдлийг судалсан нь онцгой байр эзэлдэг. Бас тэрээр цаг уурын судлалыг ихэд сонирхож энэ шинжлэх ухааны хөгжилд чухал хувь нэмэр оруулжээ. Тэр далайн аялал, геологи, минералоги, уул уурхайн ажил, төмөрлөгийн үйлдвэрийн талаар олон бүтээл туурвижээ. Гэвч материалист их эрдэмтний байгалийн шинжлух ухаанд оруулсан аугаа нээлтүүд амьд ахуйд нь бараг үнэлэгдээгүй бөгөөд үнэлэн дэмжих хүн ч тэр цагт өдрийн од шиг байв. М.В.Ломоносов зөвхөн байгалийн шинжлэгч төдийгүй орос шүлэг холболтын онол боловсруулж, өдий төдий магтаал, найраглал, шүлэг бичсэн авьяас төгөлдөр яруу найрагч байснаас гадна “Тамир Селим хоёр”, “Демофонт” гэдэг шүлэглэсэн эмгэнэлт жүжгүүдээрээ Оросын драмын урлагийн санг баяжуулжээ. Слав шашны биш жинхэнэ орос ардын ярианы хэл дээр үндэслэж шинжлэх ухаан, урлаг, уран зохиол хөгжинө гэсэн М.В.Ломоносовын санаа 1757 онд зохиосон “Оросын хэлний зүй”-д нь тусгалаа олж, олон дахин хэвлэгдсэн энэ номоор оросын бүхэл бүтэн үе боловсорчээ. М.В.Ломоносов бас түүхч эрдэмтэн байв. Түүний “Орос үндэснтий эхний үеэс 1054 он хүртэлх эртний түүх” гэдэг өргөн хүрээт бүтээл нь түүхийн талаарх үндсэн материал болон үлдсэн байна. Оросын дүрслэх урлагийг хөгжүүлэхэд шавь нарынхаа хамт “I Петр”, 30 кв м том талбай эзэлсэн “Полтавын батали” гэдэг шигтгэмэл зургууд нь өнөө үе хүртэл хадгалагдаж үлдсэн юм. Олон тооны шинэ нээлтээрээ дэлхийн шинжлэх ухааныг баяжуулсан сод ухаантан М.В.Ломоносов хавчилт, хяхалт, бурангуй ёсны эсрэг зоригтой тэмцэн эрдэм ухааны оргилд хүрсэн боловч нүсэр их ажилдаа ядарч туйлдан 54 насандаа ертөнцөөс хальжээ. Гэвч тэрээр хийсэн бүтээсэн бүтээлээрээ өөрийн насыг үүрдийн болгон уртасгажээ.
эхсурвалж: Монголын хүүхэд залуучуудын нэвтэрхий толь-III



Халаасандаа гурван рубльтэй хүү дэлхийн суут хүн болсон нь Хэвлэх


Манай сайт суут хүмүүсийн тухай цуврал материалыг нийтлэхээр “Тэдний ертөнцөөр аялахад” гэсэн булан нээж байгаа билээ.  Энэ удаад  М.В.Ломоносовын тухай өгүүлэхээр бэлтгэлээ.


Ядуу тариачны хүүг  дэлхийн суут хүн болохыг хэн ч тааж байгаагүй нь мэдээж. Ном аваад унших мөнгөгүй ч юм юмхны мөн чанарыг олох гэж оролддог хүүхэд байжээ.

Арван настай байхад нь хайрт ээж хорвоогоос хальж  амь зогоохын тулд эцэг нь далайд гарна. Аавынхаа  хүнд хүчир ажилд туслан Умард мөсөн далай, Цагаан тэнгисээр олон хоног аялдаг байсан гэдэг. Энэ нь түүний нүдийг нээхэд нөлөөлсөн гэж Ломоносов судлаачид онцолдог юм билээ.
1730 онд 19 насандаа Москва орж ном сурахаар халаасандаа гурван рубльтэй, үүргэвчиндээ хоёр номтой явган гарчээ.

Москвад ирээд язгууртны хүүхэд гэж заль хэрэглэн Латин, Слав хэлний академид орж суралцсан байна. Эхний нэг жилд л гурван жил үзэх бүх хичээлийг үзэж дуусчихаад шалгалт өгөөд шууд дөрөвдүгээр ангид орж байсан гэхээр үнэхээр гайхамшигтай, төрөлхийн онцгой авьяастай байсны илрэл юм.

Шинжлэх ухааны номыг шимтэн уншсаар багшийн заах хичээлийг голдог байж. Тэгээд Шинжлэх ухааны гимназид сураад дараагаар нь  Герман руу явж уул уурхайн чиглэлээр сургууль дүүргэсэн байна. Тэнд сурч байхдаа “Шингэн дэх хатуу биеийн хувиралын тухай” эрдэм шинжилгэнэний анхны бүтээлээ туурвисан нь судлаачид, эрдэмтэдийн дунд шуугиан тарьжээ.


Түүний энэ онцгой авьяасыг тухайн үеийн нэртэй гэгддэг зарим эрдэмтэд дарах гэж оролддог, хорлох гэж элдэв явуулга хийдэг байсан гэнэ. Ломоносов тэр бүх бэрхшээлд өвдөг сөхөрч байгаагүй.

Уйгагүй зүтгэсээр Москвагийн их сургуулийг санаачлан байгуулсан түүхтэй. Хожим нь түүний нэрээр нэрлэх болсон. Ухаантай хүмүүсийг амьдарч байхад нь хайрлаагүй, ойлгоогүй атлаа мөнх бусыг үзүүлсний дараа л суутыг нь  мэдэрч  алт, хүрлээр хөшөө босгож магтан дуулдаг даа. Түүний нэгэн адил Орост энэ хүний нэрээр нэрлэсэн, бас хөшөөг босгосон газар олон бий.


Оросын анхны эрдэмтэн М.В.Ломоносовын  бүтээл, судалгаа   дэлхийн шинжлэх ухааны  түүхэнд  үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэрбээр физик, химийн үндэсийг тавьж, матери болон хөдөлгөөн хадгалагдах зарчмыг томъёолж, атом-молекулын сургаалийг номлосон. Тэр үедээ бүх юмс үзэгдэл  оюун санаанаас үүснэ гэх үзлийг няцааж байсан юм.


Дэлхийн бөмбөрцгийн хойд, өмнөд туйл, Хойд тэнгисийн усан замыг судлаж , Сибирийн баялгийг нээж эзэмшихийн чухлыг онцлож байсан гээд бод доо. 1770,1780 оны үед шүү дээ.  
Түүнчлэн геофизик, зурагзүй, нэн ялангуяа цаг уурын судлалын олон асуудлыг  судалжээ. Оросын суут эрдэмтэн М.В.Ломоносов, Д.И.Мeндeлeeв нар xүнд аппарат агаарт нисч болох онолын үндсийг анх боловсруулсан юм.


Атом-молекулын сургаалын шинжлэх ухааны үндэс суурь 18дугаар зууны сүүлч 19 дугаар зууны эхэнд бий болсон  гээд бодоход 17 дугаар зууны үед амьдарч байсан  Ломоносов түрүүлээд харчихсан байж. Тэгэхээр   аргагүй л цаг үеэсээ хэдэн зуун жилээр түрүүлж төрсөн хүн гэж хүлээн зөвшөөрөхөөс  аргагүй.


Оросын аугаа их суут эрдэмтэн М.В.Ломоносов " Математикийн химийн үндсүүд" бүтээлдээ бодисын бүтцийн тухай корпускулын онолын чухал үндэслэлүүдийг томьёолжээ. Энэ онолын үндэслэл нь: 1. Бодис бүхэн "корпускул" хэмээх бодисын шинж чанарыг хадгалсан жижиг хэсгүүдээс тогтоно. 2. Янз бүрийн бодисууд корпускулын найрлагаараа ялгаатай 3. Корпускулууд байнгын хөдөлгөөнд оршино 4. Корпускулууд " элентүүд" ээс тогтоно. "Элементүүд" корпускулын адил байнгын хөдөлгөөнд оршино. 5. Атомууд тодорхой масс ба хэмжээтэй байна 6. Дан бодисын молекул ижил атомуудаас , харин нийлмэл бодисын молекул өөр өөр атомуудаас тогтоно гэжээ. 
Ломоносовоос хойш 70-аад  жилийн дараа Английн эрдэмтэн Джон Дальтон атомын сургаалыг химид хэрэглэсэн гэдэг юм билээ.  Дальтоны атомын онолын үндэс нь Ломоносовын сургаалыг үндсэндээ давтсан гэдэг. Харин  Далтон дан бодисуудын молекул байхыг үгүйсгэсэн нь Ломоносовын сургаалыг нэг алхамаар хойш татаж,   энэ  нь химийн цаашдын хөгжилд саад болсон гэж судлаачид үздэг юм билээ.


Ломоносов нь орчин үеийн шинжлэх ухаанд их ач холбогдол бүхий хийн кинетикийн онолын үндэсийг тавьж, энэ онолыг удирдлага болгож, “Хийн харимхайн хүч”-ний талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй анхны зөв тайлбарыг хийсэн нь өндөрөөр үнэлэгддэг.


Аянга, цахилгааны ниргэлтийн талаар туршилтуудыг М.В.Ломоносов, Г.В.Рихмантай хамтарч хийж байсан байна.

Ломоносов анх удаа цахилгааны ниргэлт, аянгын үүсэх мөн чанарыг дэлгэрэнгүй тайлбарлаж, бүдүүвчийг гаргасан нь хийн мандлын цахилгааны үзэгдлийн онолын үндэс болжээ. Тэгээд аянга зайлуулагчийг зохион бүтээсэн юм.


М.В.Ломоносов нь хийн мандлын цахилгааны үзэгдлийг судлах явцдаа агаарт босоо чиглэлээрх хөдөлгөөн байдгийг илрүүлж, тэр нь хийн мандалд цахилгаан цэнэгүүд үүсэх шалтгаан болно гэдгийг тогтоожээ.
Мөн хийн мандлын өндөр давхаргад цахилгаанжиж, гэрэлтэх үзэгдэл болдогийг жинхэнэ утгаар нь тайлбарласан нь эдүгээ бидний сайн мэдэх туйлын туяа юм.


1761 оны 5 дугаар сард нар, дэлхий хоёрын хооронд орших тойрог замынхаа яг тэр хэсгээр сугар гараг өнгөрч, нарны тэргэлээр үзэгдэх хөдөлгөөнийг үүсгэх ёстой байв. Ломоносов астрономын энэ ховор үзэгдэл ажиглах явцдаа сугар гарагийн үүсэл, түүний хийн мандлын талаар анх удаа үг хэлсэн эрдэмтэн юм.


Ломоносов  шинжлэх ухааны түүхэнд онцгой гавьяа байгуулсан төдийгүй зохиолч, сэтгэгч хүн байлаа. Оросын уран зохиол, урлагийн бүтээлд үлэмж өөрчлөлт хийсэн эрдэмтэн. Тэрбээр XVIII зууны Оросын томоохон яруу найрагч байж, орчин үеийн оросын уран зохиолын хэлний үндэсийг тавьж, хэл шинжлэлийн суурь судалгааны анхдагч болсон төдийгүй зураач, түүхч, ард түмнийхээ гайхамшигт соён гэгээрүүлэгч, Оросын шинжлэх ухааны хөгжлийн төлөө цогтой тэмцэгч байжээ.

Ямар сайндаа тэрбээр “Испани хэлээр бурхантай, Франц хэлээр нөхөдтэй, Герман хэлээр дайсантай, Итали хэлээр бүсгүйчүүлтэй ярихад зохимжтой хэмээн” ярьдаг байсан гэдэг.


Тэрбээр дэлхийн бөмбөцгийн хойд туйлын бүсийн түүхт томоохон судалгааг гардан хийсэн экспедицийг зоригжуулан дэмжигч байсан юм. Энэ экспедиц нь гурван арван жилийн турш Хойд мөсөн далайн эргийн олон мянган километр үргэлжлэх бүсийн тодорхойлолтыг гаргаж, Америк тив орж, Калифорнид хүрч судалгааны нүсэр ажлаа дуусгасан байна.

Ийнхүү Оросын суут эрдэмтэн М.В.Ломоносов нь байгалийн аугаа их шинжлээч, цаг уурч байсан төдийгүй далай судлаач, химич, физикч, газарзүйч, түүхч, философич, хэл шинжлээч, яруу найрагч, уран зураач, өөрөөр хэлбэл түүний суут ухаан оролцоогүй шинжлэх ухааны салбар бараг үгүй. М.В.Ломоносов  1745 оны 8 дугаар сард профессор /академич/-ын албан тушаалд томилогдсон анхны орос хүн болжээ.Түүнийг 1760 онд Шведийн ШУА, 1764 онд Болоны ШУА-ийн хүндэт гишүүнээр сонгожээ.


Олон шинэ нээлтээр дэлхийд гайхуулсан сод ухаантныг тухайн үеийн лам хуврагууд үзэн ядаж, дарамт шахалт дор амьдарч байлаа. Бурангуй ёсны эсрэг зоригтой тэмцэгч энэ хүн 54 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.

Асар их ажилладаг байснаас гадна хавчилт, мөрдлөгө, шахалт, дарамт нь стресст оруулсан гэж үзэх хүмүүс ч бий. Энэ агуу хүн урт наслаагүй ч түүний бүтээл туурвил үеийн үед дурсагдаж, шинжлэх ухааны түүхэнд түүний  нэр алтан үсгээр бичээстэй бий. 
Д.Сугармаа
эх сурвалж: http://times.mn


Бичсэн: EDUCATION | цаг: 13:39 | Танин мэдэхүй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735750 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax