2009-11-08
Үйлийн судалгаа, түүний процедурын талаарх зарим ажиглалт

Шинжлэх ухааны доктор,
профессор Ч.Пүрэвдорж
(МУБИС)

 

            Эрх чөлөөний үзэл санаа түгэн дэлгэрсэн цаг үед хувь хүний хийгээд нийгмийн амьдралд боловсролын гүйцэтгэх үүрэг шинээр тавигдаж эрдэм мэдлэг зөвхөн энэ биеийн чимэг төдийгүй аж амьдралаа эрхлэх арга хэрэгсэл, амьд хүний эдэлбээс зохих салшгүй эрх болж өөрчлөгдлөө. Өөрөөр  хэлбэл хөгжсөн нийгэмд хэн боловч боловсрол олох эрхийг авч төрдөг гэсэн хэвшмэл ойлголт хэдий нь бий болсон бөгөөд боловсрол нь хүний түгээмэл эрхийн нэг болжээ. Асуудалд ийм байр сууринаас хандвал төр, иргэн хоёрын харилцааг боловсролын хүрээнд шинээр төсөөлөх хэрэгтэй болов. Үүнийг барагцаалан хэлбэл боловсролын талаар баримтлах төрийн бодлогоо өөрөөр тавина гэсэн үг юм. Тийм учраас боловсролын үйлчилгээний чанарыг хэрхэн үр ашигтай, хүртээмжтэйгээр нэмэгдүүлэх вэ, боловсролын салбарт бүтээмжийг хэрхэн өсгөх вэ гэсэн асуудлыг хүний эрхийн үүднээс авч үзэх нь манай боловсролын салбарын судалгааны нэн шинэ чиглэл боллоо.          Энэ бол зөвхөн боловсрол судлаачид төдийгүй эрдэм мэдлэгийг эрхэмлэгч хүн бүрийн санаа тавих эрхэм чухал зүйл болов уу гэж бодож байна. Асуудал энэ мэт өөрөөр тавигдвал шийдийг нь өөр аргаар хайх түүнчлэн сэтгэхүйгээ шинэчлэх хэрэгцээ нэгэнт бий болсныг амьдрал харуулж буйн энгийн жишээний илрэл болов уу. Сэтгэхүйг өөрчлөх чухал сэжим нь юуны өмнө амьдрал практикаа бодьтой байдлаар нь ухаарах явдал юм. Ингэхийн тулд багш нар, ер хэн боловч практик үйл ажиллагаагаа судлан улам сайжруулах арга хандлагаа тодорхойлоход хүрдэг байна. Боловсрол хийгээд менежментийн шинэчлэлд өргөн хүрээгээр хэрэглэдэг судалгааны аргуудын нэг нь үйлийн судалгаа бололтой.

            Үйлийн судалгаа нь удирдлагын доод түвшин түүнчлэн ажлын байран дээрх өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх, тэдгээрт гүйцэтгэдэг ажил үйлчилгээг сайжруулах чухал хэрэгсэл учраас ажиллагчид хийгээд менежерүүдийн аль алины нь анхаарлыг татна. Курт Левин (Kurt Lewin) өнгөрсөн зууны дунд үеэс менежментийн хошуучлалын онол практикт ихээхэн амжилт гаргасан судлаач бөгөөд өнөөдөр түүнийг олон зүйлээр үйлийн судлагааны үндсийг тавилцсан гэж үздэг.  Орон байрны асуудал, ажил эрхлэлт, сүшиг бишрэл, нийгэмшил, сургалт зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан нийгмийн эмзэг бүлгийн амьдралд өөрчлөлт гаргах боломжийг судлахад энэхүү судлагааны аргыг Левин голчлон ашигладаг байжээ. Үйл ажиллагааг судалгаатай хослуулсан Левины хандлага судлаачид хийгээд багш нар түүнчлэн боловсролын хамтлагийн (Community) анхааралд зүй ёсоор өртсөн байна. Тийм учраас багш хувь хүн түүнчлэн нэг сургууль, нэг заах аргын нэгдэлд ажиллаж буй багш нарын хэсэг, тэдэнтэй байнгын холбоотой судлаачид, бусад сонирхлын бүлгүүд хамтран багшлах, суралцах, боловсролыг удирдах мэтийн аль ч асуудлыг энэ аргаар судалж болох юм.  Үүнийг боловсролын судалгааны аль ч хүрээнд ашиглах бололцоотойг эрдэмтэд ( Louis Cohen, Lawrence Manion, Keith Morrison) зөвлөж байна. Тухайлбал:

§  Уламжлалт аргаа шинэ аргаар солих мэт багшлахуйн арга зүйг судлахад

§  Багшлахуй хийгээд суралцахуйн ганц судлагдахуун бүхий хэлбэрийг суралцахуйн олон эх үүсвэр бүхий хэлбэртэй  интеграцлах мэт сурахуйн стртатегийн судалгаанд

§  Тасралтгүй хэмжсээр арга зүйгээ сайжруулах  зэрэг үнэлгээний процедурыг судлахад

§  Ажлын дэвшил бүхий хандлагыг урамшуулах буюу амьдралын тодорхой зүйлд хамаарах суралцагчийн үнэт зүйлийн тогтолцоог бүрдүүлэх мэт хандлага, үнэт зүйлийн судлагаа хийхэд

§  Багшлах ур чадвар сайжруулах, сурахуйн шинэ арга зүйг бүтээх, анализийн хүч нөөц нэмэгдүүлэх, өөрийн ухамсрыг (Self - awarenness) дээшлүүлэх  зэрэг багшлахуйн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах судалгаанд

§  Зан үйл төлөвшлийн арга тенхиктэй аажим танилцуулах мэт менежмент хийгээд хяналтын асуудлыг судлахад

§  Сургуулийн амьдралын засаг захиргааны хэсэгт хамаарах зарим зүйлийн үр дүнг нэмэгдүүлэх зэрэг захиргааны судалгаанд тус тус хэрэглэх бололцоо бий гэжээ. 

 

            Үйлийн судалгааг хэрэглэх хүрээг тодорхойлж дээр тоочсон зүйл нь зөвхөн тэдгээр хүрээнд л үйлийн судалгааг хэрэглэж бусад хэсэгт болохгүй мэт явцууруулалхгүй харин боловсролын үйлчилгээнд өөр хаана хэрэглэж болох бүтээлч эрэл хайгуул хийж багшлах мэргэжлийн практикт тусгах, санаа авахуулах үүднээс судлаач эрдэмтэд энэхүү жагсаалтыг гаргасан болов уу гэж бодогдоно.

            Үйлийн судалгааг ажил амьдралын олон хүрээнд хэрэглэх боловч боловсролын үйлчилгээ түүний судалгаанд чамгүй ашиглаж иржээ. Тийм  учраас үйлийн судалгаа нь олон улсын боловсрол судлаачдын сонирхлыг зүй ёсоор татаж тэд үүнийг янз бүрийн байр суурьнаас төсөөлснөөс цөөнийг боловч жишээлэн дурдвал үйлийн судалгааг: 

§  Үйл болоод судалгааны хослол (Horkins,1985 )

§  Үйл хийгээд эрэгцүүллийн хослол (Ebbutt, 1985)

§  Оношлогоо, үйл, эрэгцүүлийн хослол (McNiff ,2002)

§   Судалгаа хийгээд практикийн хооронд тавьсан гүүр (Somekh, 1995)

§   Үйлийг төлөвлөх, ажиглах, илүү сайн эрэгцүүлэх (Kemmis and Mc Targart,1992)

§  Шийдвэр гаргах, практикийг үнэлэх, сайжруулах (Corey, 1953)

§  Практикийн ажилтан асуудлыг шинжлэх ухаанчаар судлах (Corey, 1953)

§  Зөвхөн багшлах практикт төдийгүй онолд ч хувь нэмрээ оруулдаг (Elliott, 1991)

§  Практик шинэчлэлийг ойлгох, сайжруулахын тулд хийдэг (Horkins, Ebbutt, 1985 )

§  Шийдвэр гаргах, практикийг үнэлэх, сайжруулахад ашиглах (Corey, 1953)

§  Багшийн сурах хэрэгцээнээс улбаатай алив юм, үзэгдлийг бий болгосон гол үйлийг эрж хайх ажлыг бид үйлийн судалгаа буюу үйлийн явцад суралцахуй хэмээх (Б.Жадамбаа, 2007)

§  Үйлийн судалгаа нь асуудлыг шийдвэрлэх, өөрчлөлт авчрах явдал (А. Xorton 2007) гэх мэтээр үзжээ.

 

            Ийнхүү өнгөрсөн зууны дөчөөд оны эцсээр Курт Левин анх удаа үйлийн судалгаа (Action Research) гэсэн нэрээр хэрэглэсэн багшлахуй, боловсрол судлал, менежментийн энэхүү ухагдахууныг судлаачид хэдийгээр янз бүрийн байр сууринаас үзэх боловч тэдгээрт нийтлэг тал орших нь тод ажиглагдана. Юу гэвэл мөнөөхөн үйлийн судалгаа нь үйл гэгчийг судалгаа, эрэгцүүлэл, сургалт, оношлогоо зэрэгтэй хослуулан практикийг шинэчлэх, асуудал шийдвэрлэхэд хэрэглэдэг цогцолбор бүтээлч үйл ажиллагаа болох нь харагдаж байна.

            Үйлийн судалгааг энгийн хоёр үе шатнаас бүрдэнэ гэсэн үзэл буй. Тухайлбал:

§  Эхнийх нь оношлогооны үе. Энэ үед тухайн асуудлыг задлан шинжилж таамаглал дэвшүүлнэ

§  Дараа нь эмчлэн засах үе байх бөгөөд энэ үед дэвшүүлсэн таамаглалыг өндөр мэдрэмж бүхий саруул ухаанаар интервенцлэх (хөндлөнгөөс оролцох) замаар шинжилгээ хийх, туршилт явуулах зэрэг болно.

            Харин Курт Левин  үйлийн судалгааг төлөвлөх, үйлийг явуулах, ажиглах, эрэгцүүлэх гэсэн дөрвөн үе шаттай гэжээ. Гол санаагаа тодорхойлох, тухайн байдлыг илэрхийлсэн өгөгдлийг хайж олохоос үйлийн судалгаа эхэлдгийг К. Левин онцолсон байна. Левины боловсруулсан үйлийн судалгааны загвар нь тухайн нэгэн асуудлаар анализ хийх, тандан судлах, санаа олох, интервенцийг төлөвлөх, төлөвлөснөө хэрэгжүүлэх, интервенцийн үр дүнг үнэлэх зэрэг мөчлөгийг тус бүрдээ агуулсан нэгэн хэсэг спиралаас бүрдэнэ гэж  McKernan үзсэн байна. Харин үүнд эсрэг холбоо байх нь эрэгцүүллийг амжилтанд хүргэнэ гэж Эббутт (Ebbutt) сануулжээ. Эдгээр баримтлал нь Altricher, Gstettner нарын боловсруулсан үйлийн судалгааны дөрвөн үе шат бүхий загварт тусгалаа олсон байна.

 

Тэрхүү дөрвөн үет загвар нь:

1.    Эхлэлтийн цэгээ олох

2.    Нөхцөл байдлыг тодруулах

3.    Үйлийн стратегийг боловсруулж практиктай холбох

4.    Багш нарын мэдлэгийг илрүүлэх эдгээр болно.

 

            Мөн Zuber-Skerrit үйлийн судалгааны мөчлөг бүхий шүүмжлэлт (Critical) загварыг боловсруулжээ. Тухайлбал:

  1. Стратегийн төлөвлөлт
  2. Боловсруулсан төлөвлөгөөний (үйлийн) хэрэгжүүлэлт
  3. Ажиглалт, үнэлгээ, өөрийн үнэлгээ
  4. 1-3 дахь шатны үр дүнг шүүмжлэл, өөрийн шүүмжлэлтэйгээр эрэгцүүлж судалгааны дараагийн мөчлөгт шаардагдсан шийдвэр гаргах эдгээр болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


            Zuber-Skerrit –ийн боловсруулсан үйлийн судалгааны энэхүү шүүмжлэлт загвар 1952 онд Курт Левины “гэсгэлэнгээс хөдөлгөөнд түүнээс дахин царцалт” гэсэн байгууллагын шинэчлэлийн онолд үндэслэсэн бөгөөд үүнийг нэгдүгээр зурагт дүрслэн үзүүлэв.

            Бидний багш Фил Бейлис үйлийн судалгаагаар суралцагчдын хэрэгцээг таньж мэдэх тухай зөвлөлгөөндөө дор дурдсан үе шатыг санал болгосон байдаг.  Үүнд:

§  Олон арга хандлагыг судалж хамгийн оновчтойг нь сонгох

§  Арга хандлагаа сонгосон тохиолдолд түүнийг туршаад үзэхэд ямар үр дүн гарахыг урьдчилан харах (төлөвлөх)

§  Туршин хэрэгжүүлэх

§  Мэдээ баримт цугуулах (гарах үр дүнгээ үнэлэх)

§  Сурах/сургах үйлийн бусад асуудлуудтай холбон мэдээ баримтаа боловсруулах

§  Мэдээллээ ашиглан сургалтын хөтөлбөрөө үнэлэх

§  Үүнийгээ өөрөө болон бусад багш нартайгаа хэлэлцэн эрэгцүүлэх

§  Үр дүнгээрээ цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх эдгээр болно.

 

Cycle Diagram

 

 

Зураг 2   Үйлийн судалгааны мөчлөг

 

 

Эрдэмтэд судлаачдын бүтээл тууривлаас өнгөцхөн боловч ажиглахад үйлийн судалгаа нь үйл хийгээд судалгааны нэгдэл бөгөөд бүтээлч эрэгүүллийн тусламжтайгаар өөрийнхөө практик үйл ажиллагааг сажруулдаг цогцолбор ажиллагаа гэдэг нь харагдана. Үүнийг хоёрдугаар зураг дээр тоймлон үзүүлэв. Мэргэжлийнхээ практик үйл ажиллагааг сайжруулж шинэчлэхэд үйлийн судалгааг ашиглах оновчтой учраас  түүнийг нэг удаа хийгээд орхихгүй харин байнга тасралгүй явуулж нэг мөчлөгөөс нөгөө рүү шилжих маягаар спиралчилсан дэвшил хөгжилд хүргэдэг бололтой. Тийм болохоор судалгааны энэ арга зүйг багшлах үйл ажиллагаанд оршдог тогтсон арга барил, нэг маягийн загвараас ангижрахад илүү өргөн ашиглаж иржээ.

 

 

 

 

 Мэдээллийн эх үүсвэр

 

  1. Колин Робсон “Бодит ертөнцийг судлахуй”, Монсудар, Нээлттэй нийгэм форум
  2. Ч.Пүрэвдорж  “Байгууллагын менежмент”
  3. Б.Жадамбаа Үйлийн буюу ажиллах явцдаа суралцахуй- Европын холбооны темпусын OUTREACH  JEP-24166  төслийн Модуль 2 Багшийн эрэл хайгуул: Практик үйл ажиллагааг хөгжүүлэх нь, УБ, 2007
  4. Фил Бейлис Үйлийн судалгаагаар суралцагсдын хэрэгцээ сонирхлыг танин мэдэх нь - Европын холбооны темпусын OUTREACH  JEP-24166  төслийн Модуль 2 Багшийн эрэл хайгуул: Практик үйл ажиллагааг хөгжүүлэх нь, УБ, 2007
  5. Second Handbook of Research on Teaching / American Educational research Association, Edited by Robert M.W.Travers
  6. Louis Cohen, Lawrence Manion, Keith Morrison Research Methods in Education, Sixth Edition
  7. http://www.routledge.com/textbooks/
  8. Action Research International (jornal): http://www.scu.edu.au/
Бичсэн: EDUCATION | цаг: 13:58 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1777233 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax