2012-04-10
Шүүмжлэл бол доромжлол биш хэмээх “Шинэ сэрэхүй”-гээс төрсөн шүүмжит бодол

Д.Цэвээндорж МУИС, Улаанбаатар сургууль. Доктор (Ph.D)


Нэг.Дургүйг нь хүргэсэн докторууд буюу “дүгнэлт”-ийн оронд ? тавих нь 

Залуу зохиолч, судлаачдад ахмад багш нар нь тээг тушаа болж байна гэж залуу зохиолч П.Батхуяг маань олонтаа цухалджээ. Тухайлбал “Үнэндээ хөгшин нь залуугаа магтаж, залуу нь хөгшиндөө мөргөж багш шавь гэсэн бамбалзуур намагт шигдсэн “уран зохиолчид” (49-р тал) гэх мэтээр хэн нэгний багш шавийн холбоонд жөтөөрхөн хорсдогоо хэдэнтээ илэрхийлж, үүнийгээ шал өөр утгатай Ж.Баяржаргалын шүлгээр дайруулахыг зорин “уран зохиолын ертөнцөд оршихын тулд бусдын хүчинд, бусдын нөмөрт хоргодох түүнд лав таалагддаггүй. Над ч адил…” (49-р тал) гэж монголчуудын шавилан суралцаж ирсэн гэрийн боловсролын уламжлал, багш шавийн гүн барилдлагыг эгнэгт үгүйсгэн дорд үзэж бүх зүйлийг өөрийн хүчээр эзэмшин нэг ч хүнээр хичээл заалгаж “багш” гэж дуудаж үзээгүй “гэгээрсэн хүү” дээд сургуулийн багш хийгээд сургамжлаад суугаад байх болжээ. Хөгшчүүлд баахан дургүй залуу доктор маань Баяржаргал маш их бичих тул “хөгшчүүлийн 108 боть “хөшигний” ард гарах нь. Сайн цаг ер нь наашаа гарсан бололтой” гэж зөгнөжээ. Түүнийхээр бол манай утга зохиолын гол төлөөлөгчид болох ахмадын үе бол муу цаг болж таарч байна. Ийм тулга тойрсон, тугалын бэлчээр шиг бодол зохиолч хүний ёс зүй мөн үү? Хийрхсэн, чамирхсан, бусдыг үл ойшоосон сэхүүн зан ерөөс залуу эрдэмтний хүмүүжил, төлөвшил  нь юм болов уу?

Түүнд Ш.Дулмаа багштай Ш.Лхамноржмаа, Л.Ганзул, Ц.Эрдэнэбаатар, О.Цэнд-Аюуш нарын залуус, Д.Батбаяр багштай Т.Эрдэнэцогт, Д.Цоодол багштай Н.Гантулга, “Чоно” багштай Н.Баянмөнх, П.Нямлхагва, С.Энхбаяр багштай Б.Эрдэнэсолонго, Л.Моломжамц нарын залуучууд огт таалагддаггүй ажээ. Үүнийг “Оршихын тулд… Арга нь бүгдийг зөвтгөх ёсгүй. Лав л уран зохиол хавьцаа…” гэсэн “сургаал” бухимдлаас харж болно. Миний хувьд харин эдгээр залуус уран сайхны ертөнцөд өөр өөрийн өнгө төрхөө олж яваа, ахмад настнаа хүндэлдэг, хүмүүжил сайтай ирээдүйтэй залуус гэж боддог. Тэд “Багшийнхаа нөмрийг алдана гэж эмээгээд бие биеийнхээ тухай зоригтой дуугарч чадахгүй байгаа” юм гэж үү? Бас “Монгол шавь нар багш нарынхаа бараг дордсон хуулбар болчихдог нь харамсмаар” (2008.80) гэж “халаглан” эндүүрсэнд манайхаас бусад оронд багш шавийн холбоо байдаггүй гэж үү? гэсэн асуултууд гарч ирэхээр байна. 

“Хэрвээ та багшгүй бол хэн ч биш, юу ч биш” хэмээн эртний мэргэд сургаж байсан агаад дорно дахины гүн ухаан буюу Буддын шашинд багшийг “гурван эрдэнийн нэг”-д тооцсон нь бий. Энэ тухай О.Дашбалбар найрагч <<“Өсөж торних тусам өөрийг чинь хүн болгосон багш нараа эргэж нэг дурсаж байгаарай” гэж аав минь хэлсэн. Багш бол аврал юм. Сайн багштай хүн сайн шавь болдог. Сайн шавь нь сайн хүн болдог. Сайн хүн нь эх орон, ард түмэндээ сайхан үйлийг бүтээдэг. Бурхан буддагийн шашин үл мөхөхийн учир нь үеийн үед багшийн эрдэм шавьд уламжлагдсаар багш шавийн гинжин холбоо үл тасарсны учир буюу!>> (Хүн ертөнц.2003.57) гэж бичиж байв. Ийнхүү дорно дахин, монголчуудад багшийн үнэн үг, шавийн үнэн сүсэг хоёр эрдмийн өв уламжлалын амин сүнс нь байсан бөгөөд үүнийг одоогийн хэн нэгнийг аялдан дагалдах хэтэрхийллээс ялгаж ойлгох нь хаа хаанаа зүйтэй юм.

Нэгэн эшлэл татаад “Хэн хэллээ дээ? Нэг л гайгүй хүн хэлсэн юм даг” (64-р тал) гэжээ. Ингэж уран бүтээлчдийг ялган зааглаж дорд үзсэн хандлага бидний үеийнхэнд өсөж өндийн бүр итгэл үнэмшил нь болж буйд эмзэглэнэ. Энэ гайтай, гайгүй гэсэн хоёр зааг зөвхөн уран бүтээлч, зохиолчдын хүрээнд хамаатай гэдэг нь шууд л ойлгогдож байна. “Мөн ойрын жилүүдэд соц үеийн дотоодын гутал шиг олноороо үйлдвэрлэгдсэн авъяасын амьсгал ч үгүй доктор шүүмжлэгчдээс (миний бие ч тэдний нэг ээ) “амбицтай шүүмжинцэрүүд” гарахаас усыг шавхаад тос гардаггүйтэй адил олигтой бүтээл гарна гэж горьдохын хэрэггүй байна” (80-р тал) гэсэн “том дүгнэлт” хийсэн байх юм. Залуу эрдэмтдийг дотоодын бүтээгдэхүүнтэй зүйрлэсэн нь яамай даа, Монгол үйлдвэрийнх учраас монгол загвартай л байвал болоо, Эрээний шаахайнаас дээр биз. Жингийн цуваа явж л байдагсан гэж үл ойшоож болох ч харин Батхуягтан өөрөө авъяастай юу, амбицгүй юу гэдгийг зохиолчдын хүрээнийхэн ихэнх нь үгүйсгэж л гадарлах байх. Цаг хугацаа гэж үнэний хэмжүүр, худлын шалгуур одоо ч бидний нүүрэн дээр хэн нь хэн болохыг сараачсаар л биш үү? Залуу доктор боллоо гээд харин ч энэ цолыг хэн нь дааж авч явааг доорхи бүтээлүүд батлах бөгөөд өөрийгөө дайчлах, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх илүү хариуцлага хүлээх, цаг хугацаанд бэлтгэгдэх, бас шулуухан хэлэхэд цалингийн нэмэр болсноос гурван үсэгний төлөө гутлаа чирч царайчилсан мэт хэн нэгний амны бай болж уран зохиолд гай тарьсан мэт гүтгэгдэхийн чинээ төсөөлөөгүй болой. Бачимдах хэрэггүй. Одоо тэгж “олноор үйлдвэрлэгддэг” гэх цаг ч өнгөрсөн. Хэн нь хэнийгээ гэхэв дээ бид. Харин идсэн хоол руугаа нулимах нь эрдэмтэн хүний “жудаг” мөн үү л гэж асуумаар байна. Шүүмжинцэр гэж яривал эрхэм нөхрийн “Яруу найргаар ярилцахуй” (2006), “Шинэ сэрэхүй” (2008)-гээс тэр авъяасгүй, олиггүй гээд байгаа Ш.Баттөрийн “Шинэхэн үеийн модернист яруу найраг” (2002), “Монголын модернист уран зохиол” (2006), “Уран зохиол ба өнөөдөр” (2008), А.Мөнх-Оргилын “Шинэчлэгчдийн тухай тэмдэглэл” (2006), Шилжилтийн үеийн яруу найргийн шинэ төлөв хандлага” (2008), “Шүүмжлэлт сэтгэлгээний эрэл” (2009),  өчүүхэн миний “Монголын уран зохиол дахь Чингис хааны дүрийн судалгаа” (2007), “Монголын утга зохиолын дүрийн онол” (2008), “Эрин цагийн шүүмж” (2009), Г.Галбаярын “Уран зохиол шинжлэлийн лекц” (2002), “XX зууны монголын уран зохиолын хөгжлийн үе шатууд” (2004), “Эртний Грек, Ромын уран зохиол” (2008),  Б.Мөнхбаярын “Монголын орчин үеийн уран зохиолын онол, туурвил зүйн асуудлууд” (2008), О.Шинэбаярын “Б.Ринчений өгүүлэгийн уламжлал шинэчлэл, урлах эрдэм” (2007) зэрэг бүтээлүүд (жич энд бүгдийг дурдсангүй) утга зохиол судлал шүүмжлэлийн хөгжилд багахан ч атугай шинэ чиг хандлага, баримтлалыг эхлүүлэх оролдлого болохоос “гай” тариагүй гэдгийг зэрэг горилоогүй зарим нэг сэдэвт зохиолын түвшинд бичигдсэн, шинжлэх ухааны ул суурьтай хандсан, сэтгэхүйн шинэ өнцгөөс нийгмийн сэтгэл зүйн шүүмжлэлт орчин, сэтгэлгээг бүрдүүлэхийг зорьсон дээрх бүтээлүүд гэрчилнэ.

Шүүжлэл бол доромжлол биш, бас хэн нэгний хараал, цухлын үг уран сайхны шүүмжлэл бус байдаг бөгөөд “нэг их удахгүй дур мэдэн нэн шинэ үе, шинэ мянганыхан зэргээр уран зохиолын “түүх” зохиох гээд байдаг судлаачдын тухай саналаа хэлэхийг бодно” гэж жичилжээ. Зохиолчид руугаа, үе тэнгийн залуус руугаа, ахмад үе, багш нар руу ч тэр бүгдийг дайрч доромжилдог “гэгээрсэн” хутагт нэг гарч иржээ янз нь. “Нутаг нугархаж, багш шавирхаж” явдагт эмзэглэдэг “зохиолч сэтгэгч” маань өөрөөр сэтгэж хүн төрөлхтний сэтгэлгээний орон зай руу дөхөх хэрэгтэй, “адуу мал минь, аав ээжийн аяга, өндөр уул, өргөн гол”-ын тухай бус буюу сэдвийн шинэчлэл хийснээр тэр шинэ сэтгэлгээ рүү дөхнө гэдэгтэй чинь санал нэгдэхгүй буйгаа өчсү. Харин хэрхэн бичиж туурвина гэдэгт л тэр шинэчлэл, түүний эрэл хайгуулын гол зангилаа орших учиртай. Хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжил гээд цоо шинэ, монголчуудаас ангид юм бус, монголчуудын сэтгэлгээ ч бас түүнд багтаж буй. Харин залуу хойч үеэс дорно дахины өв соёлыг бүтээлдээ шингээн өвөрмөцөөр туурвиж тэрхүү сэтгэлгээний хөгжлийг шинэтгэж байгаа нь (П.Нямлхагва) харин хэд билээ?

Бусдын үгээр бамбай хийж зохиомол ярилцлага нэрийн дор тайзны шүлэгчдэд дургүй болохоо илэрхийлэн яруу найрагч дунд яс хаясан мэт зохиомж, “Бусдыг доош хийж өөрийгөө дээш татах” нь ухаантай хүний үйлдэл бус аа.

 

 

 

Хоёр. Хэн нь хэн бэ? гэсэн асуултын дараах ! –ын тэмдэг

Мань мэтийн “ангижав” докторуудаа байтугай ахмад судлаачдаа шүүмжлээд байгаа өнөө “баатрын” шүүмж, судалгааг үзлээ хө. Биш юмаа. Утга зохиолын дотоод мөн чанар руу орохоос зайлсхийсэн, бултсан байдлаар нийтлэлийн аяс, сэтгэгдлийн шинж рүү хэт хальсан төлөвтэй байх юм. Тойрч аргацаалгүйгээр уншвал уншсан шиг уншиж, бичвэл бичсэн шиг бичиж, шүүмжилвэл шүүмжилсэн шиг л шүүмжлэх хэрэгтэй баймаар. Энэ нь зохиолч хүн бичиж, санаа бодлоо илэрхийлэх эрхтэй ч хоосон үгийн цуглуулга хийдэг, онолддог, хэрэггүй олон юмс руу үсчдэг болчихсон хэнээрхлээс үүдэлтэй болой. Батхуягийн шүүмжүүдийг уншиж байхад чихэнд ярих мэт сонсогддогийн учир нь хэрэглээг чухалчилсан урлагийн илрэл юм. Өөрийнхөөрөө ойлгож тайлбарлах нь хүний эрх хэдий ч  үзэл сурталжуулан номлох нь цаг хугацааны дэнс, үнэний шалгуурт бөхөлзөж л байна.

Нэг талаас оршин буйгаа хүлээн зөвшөөрдөггүй, нөгөө талаас суурь мэдлэг боловсрол эзэмшиж чадаагүй нь шинэчлэл хэмээх нэрийн доорх баримжаагүй мухардал руу тэмүүлдэг мэт санагддаг. Харин хөгжлийн төлөөх оюун санааны бүтээлч эрэл хайгуул уран сайхны сэтгэлгээний зөв голдрил юм. Хоосон нуршихдаа өөрийнхөө тухай дөвийлгөн хавчуулж “Минийхээр бол” гэж ирээд л нэгдүгээр биенээс хандаж “тэнгэр мэдтүгэй” хэмээн тангарагласан мэт найруулгын дээд өнгө аясаар уншсан бүхний оюун санааг “хүчиндэж” өөрийнхөө бодол санааг тулгасан бичлэгтэй байх юм. Үүнийгээ цаг үе бүрийн сэтгэгдэл давамгайлсан баримтгүй үгсийн цуглуулга буюу одоогийнхоор уран сайхны шүүмж “паблик” болсон гэж тайлбарлах. Шүүмж паблик байх шаардлагагүй ч байж болно. Учир нь утга зохиолын мэргэжлийн бүтээлд хандсан уран сайхны шүүмж тодорхой үндэслэлтэй, тухайн сэдвээр өмнө гарсан бүтээлүүдээс юугаараа онцлог давуутай болсон, сэтгэлгээний ямар хувь нэмэртэй болохыг урлаг, уран сайхны үнэлэмж, шинжлэх ухааны үүднээс зөвөөр авч үзэж нэгтгэн дүгнэх нь зүйтэй бодогдоно. Харин зохион байгуулалттай шүүмж бол тойм төдий л байдаг. Зохиолч хүний жудаг, бас зам мөр гэж юм бий. Шүлэг зохиол бичдэг нь түүгээрээ л голлож сэтгэлгээний шинэ түвшинд “нээлт” хийх нь илүү чухал мэт. “Би” гэсэн ойлголтыг өөр дээрээ голлоод бусад руу хандах нь зохиолч хүний далд ухамсрын шүүмжид илрэх хандал гэж ойлгогдохоор байна. Бүх зүйлд өөнтөгч хандах нь зохиолч хүний ёс зүйн баримтлал биш ээ! Бичсэн хүндээ хэт шүтэгдэхийг тэмүүлсэн, зулгуйдсан сэтгэгдэл давамгайлаастай нийтлэл хэлбэрийн “шүүмжүүд”-ийг оюун санааны “бие халаалт” нь   гэж үл тоомсорлох ч мэргэжлийн хүн нэг уншаад дахин сөхөх шаардлагагүй санагдах хэрэггүй үгсийн цуглуулга байж боломгүй!

Зохиолчийн бүтээлд хандсан атлаа өөрийнхөө бүтээлийг тулган хүлээлгэх гээд ч байх шиг, тайлбарлах гээд ч байх шиг сонин зохиомж бүхий нэр алдрын “тулааны талбар” уран сайхны шүүмж болох ёсгүй! Мөн хүний анхаарал татах ойлголтоор уран бүтээлд хандаж тайлбар хийх нь ч оновчгүй! Шинжлэх ухааны олон уулзвар дээр сэтгэлгээний тайлал хийхийг оролдсон эрэл байвч амьдрал, зүүд, хүлээлт, хүн гэсэн зохиолын  үйл явдлын гол шугам болсон ухагдахууныг физик, хими, биологи, тоо, хэл шинжлэл, эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны нэр томъёо өгөн тайлбарлахыг оролдсон нь өвөрмөц гаж сэтгэмж, төсөөлөлт оролдлого төдий болжээ. Модернист яруу найраг, жүжгийн зохиол, хүүрнэл зохиол гээд бүгдийг зохиолчийн далд ухамсар, дэвшүүлж буй ухагдахуунаар нь тайлбарлах шаардлагагүй бөгөөд өөрийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн явцуурах, хэтэрхий энгийн хэл найруулга нь судалгааны гэх илтгэлүүдэд нь ч илт анзаарагдах аж. Эрхэм судлаач нөхөр маань Солонгосын “Хон-Гиль-дон” хэмээх кино телевизүүдэд, хот хөдөөгийн кино театрууд, бүр монгол кино нэгтгэлийн архивт ч буй эсэхийг хайж баахан гүйсний эцэст “хожмын монгол үзэгчид үзэх хувьгүй болжээ. Хувьгүй болохоос гадна Солонгосын эртний уран зохиолын гол дурсгалын талаар ямар ч ойлголтгүй хоцрох болж байгаа юм” гэсэн том дүгнэлтэнд хүрчээ. Үүнийгээ В.И.Лениний “Бүх урлагийн дотроос кино үлдэнэ” гэсэн үгээр баталгаажуулж аваад “Бидний үеийнхэн нэг кино үзсэнийхээ дараа нарийн гуулиар лимбэ хийж хашаан дээрээс үсэрч, хоёр гараа хавсарч байгаад шүгэл дугаргаж, бие биенийгээ дуудан орой орцонд цугларцгаадаг байлаа” (Шинэ сэрэхүй.2008.37) гэсэн ямар ч авцалдаагүй өгүүлбэр бүхий дурсан санагалзсан байдлаар эл судалгааны өгүүллээ бүтээжээ. “Монголчуудын нээсэн Хон-гиль-доны тууж” хэмээх эл өгүүлэл нь тэрхүү киногоор дамжуулж манай ард түмэн “эрх чөлөө”-ний үнэ цэнийг мэдэрсэнд буй гэнэ.

Шинэ санаа, бусдаас өвөрмөцөөр харахыг зорьсон байх ч Д.Нямсүрэнгийн “Би цас болно” шүлэг дэх

 

“Энэ биеэрээ би цас болно

Их үс гэзэг шигээ цас болно

Эргэж төрөхдөө би цас болно

Эрээн цавынхаа цас болно (2001.40)

 

гэснийг “үхсэний эцэст цас болох нь яруу найрагчийн туйлын таашаал, зүгээр ч нэг цас бус бударсан их цас болохыг хүсэх нь хувь яруу найрагчид юутай их таашаал өгдөг байсныг мэдэрч болно” гэх буюу “өөртөө туйлын эерэг таашаал төрүүлэх гэж бичдэг байснаараа” (41-р тал) бусад яруу найрагчдаас ялгагдах онцлогтой гэдэгтэй санал нэгдэмгүй байна. Чингэж уран бүтээлчийн тунхаглал, үзэл сэтгэмж, зөн мэдрэмж, зүйрлэлийн эрэл, дүрслэлийн олзлолыг өөртөө буй болгосон сонирхол, таашаал төдийхнөөр өнгөц гөрдөх нь юу л бол. Нэгийн тухай бичихдээ нөгөөг баалах хандлагатай, туурвил зүйн онцлогийг нь тодорхой гаргасан дүгнэлт хийлгүй нэг онцлогийг нь бариад итгэн үнэмшүүлэхэд чиглэсэн, цөхөрч ядсан сэтгэлийн хандлаар судалгааны ажил оролдох нь судлаачаа мухардалд оруулдаг гэмтэйг харуулж байна. Иймд нааш цааш дэвдэгнэлгүй шинжлэх ухаанч байр сууринаас хандах, утгын тэнцвэржилт султай хоосон дүгнэлтээс зайлсхиймээр санагдана. Ингэж утга зохиолын судлал шүүмжлэл ерөнхий рүү шилжвэл уруудах шат руугаа л орно гэсэн үг юм. Харин бодлогын шинжтэй, уран зохиолын хичээлийн цаг багасгасан тухай шүүмж нь арай дөмөг болж уу гэж бодогдлоо.

Түүний  үзэл бодлыг хувь хүн, зохиолч хүний оюун санааны эрх гэж тооцоод тэр бүр авч үзээгүй гэдгийг дуулгая. Шүлгийн тогтолцоо, зохиолчийн урлах эрдэм, утгын гүнзгийрэл, үгийн амь тээсэн санааг хэдэн ч хувилбараар задалж мэргэжлийн түвшинд тайлбарлах ёстой атал харин ч “хоцрогдсон шүүмж бичихгүйг хичээснээ” жичилж өөрийгөө өмгөөлөөд, хаацайлаад авсан байх юм. Бид энд П.Батхуягт дургүйдээ бус түүний үзэл бодол, байр суурьт хандсан шүүмжлэлт санаагаа хуваалцаж буй бөгөөд уран бүтээлийн тухай халуун яриа өрнүүлж үргэлжид уулзалдаж байдаг эрхэм анд маань зөвөөр тусган авна гэдэгт найдна. Хэн дуртай нь өөрийгөө зохиолч, яруу найрагч гэж “өргөмжлөх” дуртай болсон энэ цаг үед утга зохиолын хатуудаа хатуу, хэр баргийн хүнийг хүлээн зөвшөөрөөд байдаггүй “ертөнц” нэг талаар өргөн хүрээтэй мэт боловч мэргэжлийн түвшинд нэлээд хумигдмал, ялангуяа судлал шүүмжлэлийн хэдхэн хүмүүсийн хувьд болсон болоогүй олон бүтээлтэй “ноцолдож” хүчирэхээ больсон энэ цагт журмын цөөн хэдэн нөхөдөө гоочлох нь зүйд нийцэх эсэх талаар энд өгүүллээ. Түүний уран бүтээлийн тухайд харин жич өгүүлсүгэй.

“Өдрийн сонин”. 2009.11.16. ¹276 /3353/.

Энэхүү материал нь зохиогчийн эрхтэй тул хэсэгчлэн
болон бүтнээр ашиглах тохиолдолд эх сурвалжийг дурдана уу?

Бичсэн: EDUCATION | цаг: 12:53 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774738 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax