2012-08-02
Монголын аз ямар үнэтэй вэ?
-Монголын тухай The Christian Science Monitor-т ийнхүү бичжээ-

Хуучны, хөгжил муутай нийслэлтэй Монгол зэс, алт, газрын ховор элемент, нүүрснийхээ нөөцөөр дэлхийд тэргүүлэгч орон болоод байна. Энэхүү газар доорх баялгийнхаа ачаар нүүдэлчин Монголчууд бүгд саятан болохоор байгаа юм.
Тэд азтай байна уу? Магадгүй л юм. Гэвч тэдний мөнгө урт хугацаанд ашиглах сургууль, зам, эмнэлэг, салхин тээрэм зэрэг сэргээгдэх эрчим хүч ашигласан аж ахуй (ферм) барихад биш ач холбогдол багатай өргөн хэрэглээний бараанд зарцуулагдаж байгаа аж.
Уг нь энэ мэт гэнэт олдсон их мөнгө зөв зарцуулахгүй бол сайн зүйл авчирдаггүйг Нигер, Папуа Шинэ Гвиней зэрэг орны жишээн дээрээс харж болохоор. Эдгээр улсад уул уурхай эрчтэй хөгжсөн боловч асар их баялаг нь хээл хахууль, авлигын бүхэл бүтэн сүлжээ, хүчирхийлэл, ядуурал авчирсан юм.
Сангийн дэд сайд Ч.Ганхуяг “Манай ДНБ өнөөдөр дэлхийд хамгийн хурдан буюу 16.7 хувиар өсч байна. Цаашид улам хүчирхэгжин “Чоно эдийн засаг”-тай улс болно” хэмээн бахархангуй өгүүлэв. Монголчуудын олонх нь сүүлийн үед энэ үгийг хэлэх дуртай болжээ. Гэвч өнөөдрийн байдлаар дээрх үг хэрэгжихэд хэцүү гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярилаа. Тэрбээр “Монголын төр, иргэд  баялгийн хараалын талаар сайн ойлгодог болсон. Мөн муу засаглал, авлига улс орны ирээдүйд төвөг учруулна гэдгийг ч мэдэж байгаа” гэв.

Уул уурхайг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай юу?

“Европын банкны шинэчлэлт, хөгжлийн тайлан”-гаас харвал Монгол их хэмжээний орлого орж ирэхээс өмнө улс төр болон ёс суртахууны хамгаалалтын бүтэц байгуулахаар зорьж буй нь илт. Тайланд бүх зүйл их л өөдрөгөөр тусгагджээ. Гэвч бодит байдал дээр сорилт, бэрхшээл багагүй байгаа нь анзаарагдана.
Байгаль хамгаалагч Мөнхбаяр гол мөрөн, нууруудыг ихээр бохирдуулж буй алтны уурхайнуудын эсрэг хэдийнэ тэмцэж эхэлжээ. Тэрбээр “Өнөөдөр хүмүүс мөнгөний төлөө  улайран зүтгэж эх нутаг, байгаль орчноо хайрлаж, хамгаалахгүй байна” хэмээн халаглан өгүүлсэн юм. Цааш нь “Монголын газар шороонд ухсан нэг ч нүх байх ёсгүй. Байгалийн баялаг байсан байрандаа, газар дор үлдэх хэрэгтэй. Уул уурхайн оронд аялал жуулчлал, мал аж ахуйгаа хөгжүүлэх нь зөв” гэлээ. Хэт туйлширсан мэт сонсогдох түүний үзэл бодолтой санал нийлэх Монголчуудын тоо өссөөр байгаа аж.
“Малчдын олонх нь уул уурхайг дэмжихгүй байгаа” гэж ИЗНН-ын дарга, парламентын гишүүн геологич С.Оюун дээрхийг батлав. Тэгэхээр “Энэ салбарыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үнэхээр байна уу, байхгүй юу” гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм. Өнөөдөр уул уурхайг ашиглалгүйгээр эдийн засгаа хөгжүүлж, дэлхийн санхүүгийн ертөнцтэй холбогдох боломж бидэнд бараг байхгүй гэж хэлж болно. Тиймээс Монголын хөгжлийн гол хөдөлгүүр нь уул уурхай. Харин эндээс олсон ашигаа ухаалаг, зөв зарцуулах хэрэгтэй” гэлээ. Тэрбээр Монголд ардчилсан хөдөлгөөн үүсгэн байгуулагчдын нэг, бусдын гарт харамсалтайгаар амь үрэгдсэн ах С.Зоригийнхоо дурсгалд зориулсан санг удирддаг.
С.Оюун “Улсын маань хувь заяа хаашаа эргэхийг урьдчилж хэлэхэд эрт байна. Юуны өмнө байгаль орчны үнэлгээ, шүүхийн шинэчлэл, ашиг сонирхлын зөрчил, мэдээллийн эрх чөлөөний болон авлигатай тэмцэх тухай зэрэг хуулиудыг шинээр батлан гаргах зайлшгүй шаардлагатай. Энэ ажил ахицтай байгаа нь найдлага төрүүлж байна” гэлээ. Мөн “Баялагийн хараал тусах уу, ивээл хүртэх үү гэдгийг шийдэх гол хүчин зүйл сайн засаглал, хуулийн шударга үйлчлэл гэдгийг шийдвэр гаргагчдын олонх нь ойлгодог болсон” хэмээн нэмэв.
Гэвч зарим эх сурвалжийн хэлснээр Монголд хууль тэр бүр хэрэгждэггүй аж. Тухайлбал, Мөнхбаяр хоёронтаа буюу 2010, 2011 онд гадны хөрөнгө оруулалттай уурхайн машин, тоног төхөөрөмж рүү гал нээжээ. Гэвч хэн нэгэн бэртэж гэмтээгүй тул ял шийтгэлгүй үлдсэн байна. “Сант Марал” судалгааны төвийн тэргүүн Л.Сумати “Манайд хууль зарим тохиолдолд үйлчилж,  заримдаа үйлчлэхгүй байна. Энэ байдлыг засах хэрэгтэй” гэв. Ер нь хууль шударга, эрх тэгш үйлчлэхгүй байгааг иргэд нь ихээр шүүмжлэх болжээ.

Авлига хаа сайгүй үүрлэжээ

Авлига улам бүр газар авсаар байгааг Монголчууд төдийгүй  гадаадын хөрөнгө оруулагчид ч  хүлээн зөвшөөрөх болжээ. Олон улсын “Transparency International”-ийн гаргасан судалгаагаар Монгол авлигын индексээрээ 183 орноос 120-т жагсч байна. Харин сүүлийн үед “Авлигатай тэмцэх газар” иргэдийнхээ дунд яригддаг, өндөр албан тушаалтнууд оролцсон хэргүүдийг шалгаж эхэлжээ. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг оны эхнээс энэ төрлийн гэмт хэрэгт буруутган шалгаж, өнгөрөгч зургадугаар сард болсон сонгуулийн өмнөхөн хүч хэрэглэн баривчилсан байна. Тэрбээр Парламентын сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөсөн байж. Тиймээс авлигын хэрэгт нэр холбогдсон ч гэлээ ийм цаг үед баривчилсан нь “Эмнести Интернэшнл”-ийн тунхаглалын дагуу хүний эрх зөрчсөн явдал болжээ.
АНУ-аас тус улсад элчин сайдаар ажиллаж байсан Жонатан Эдлтон “10 жилийн өмнөхийг бодвол Монголчууд авлигыг ихээр шүүмжлэн, ил тод хэлэлцэх болсон” гэв. Хувиараа хөдөлмөр эрхлэн амьжиргаагаа залгуулдаг Уянга “Засаг захиргаанд ажиллаж байгаа хүмүүс хувьдаа мөнгө завшиж байгаа. Авлига хаа сайгүй цэцэглэж байна” хэмээн элчин сайдын үгийг батлав. Тэрбээр нөхөр, таван хүүхдийнхээ хамт орон нутагт, нүүдэлчдийн уламжлалт сууц гэрт амьдардаг аж.

Солонгын өнгөтэй эдийн засаг бүтээх нь

Уянгын гэр бүлийн гишүүн болгон сар бүр 16 ам.доллар гар дээрээ авдаг. Засгийн газар уул уурхайгаас орж ирж буй орлогыг иргэддээ хүртээж буй нь энэ аж. Гэвч ядуурлыг бууруулах биш харин ч  инфляци өсгөж эдийн засагт сөргөөр нөлөөлж байна хэмээн эдийн засагчид анхааруулсаны улмаас өдгөө дээрх мөнгийг тараахаа зогсоожээ.
Иргэдийн байр суурь эдийн засагчидтай ойролцоо байгаа нь өнгөрөгч дөрөвдүгээр сард “Сант Марал” төвийн явуулсан судалгаагаар тогтоогдсон байна. Гурав орчим сая хүн амтай тус улсын иргэдийн 45 хувь нь уул уурхайгаас орж ирэх ашгаар тусгай нөөцийн сан байгуулж, нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах нь зүйтэй гэж үзжээ. Үүнийг Уянга баталж “Бэлэн мөнгө тараахын оронд, ажлын байр бий болгоход зарцуулсан нь дээр” гэсэн юм. Зарим эх сурвалж “орж ирж буй мөнгийг зүгээр тараах нь буруу. Бид нэг өнгөтэй бус солонгын долоон өнгөтэй эдийн засагтай болох ёстой” гэж байлаа. Гэвч тус улсад “Баялгийн хараал”-ын илрэл болох эдийн засгийн нэг хүчин зүйлээс хамааралт байдал хэдийнэ ажиглагдаж эхэлжээ. Тухайлбал, жуулчны баазууд чадварлаг орчуулагчдаа өндөр цалинтай уул уурхайн компанид олноор нь алдах болсон байна.
Эдийн засагт нь үзүүлэх уул уурхайн хүчирхэг нөлөөг багасгах, эмзэг, дорой эко системээ хамгаалж үлдэхийн тулд тус улс хайгуулын лиценз олголтыг зогсоогоод байна. Үүний дүнд гурван жилийн өмнө олборлогчид газар нутгийнх нь 46 хувийг өрөмдөх боломжтой байсан бол өдгөө 16 хувь болж буурчээ.

Орчуулсан Ж.Баярмаа

Эх сурвалж: http://www.csmonitor.com/World/Asia-South-Central/2012/0725/Mongolia-strikes-it-rich-but-at-what-cost/(page)/2

Эх сурвалж: “Монцамэ”

Бичсэн: EDUCATION | цаг: 12:27 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1736669 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax