2012-08-13
Сүнсийг цэнгүүлэхүй
Сүнс байдаг эсэх тухай тэр бүр бодоггүй. Тийм болохлоор түүнд сүзэглэх, сэжиглэх аль нэг сэтгэл тэгтлээ сүрхий үүсдэггүй. Харин энэ биед минь сүнс оршин буй гэдэгт итгэх бөгөөд хэрхэн түүнээ цэнгүүлэх, үгүй ядахдаа зовоож шаналгахгүй байх сан хэмээн бодолхийлдэг нь үнэн бүлгээ. Энэ бие болбоос гарт баригдан, нүдэнд харагдан буй бодот зүйл. Гэтэл түүний доторх сүнс нэгэнт уг чанарыг агуулаагүй тул лав хий хоосон  зүйл байж таарна. “Хий хоосон” гэх энэ үг  чухамдаа бас нэгэн зүйл оршин буйн шинж гэлтэй.  Өөрөөр хэлбэл, тэр нэг зүйл “хий хоосон” гэдэг төлөвт байна гэсэн үг мэт. Зүйрлэн хэлбэл, ус бол шингэн, хий, хатуу гурван төлөвт байдаг лүгээ адил. Хэрэв усны тухай маш бага мэдлэгтэй байвал  хийн төлөвт оршин буй усыг зөвхөн уур манан гэж төсөөлөн “ус байхгүй”, “уур байна” гэж сэтгэхэд хүрмой. Энэ тохиолдолд ус “хий хоосон” болж таарна. Гэтэл үнэн хэрэгтээ ус байж л байгаа. Үүнээс үүтгэн бодвоос “сүнс бол хий хоосон төлөвт байгаа энэ бие буюу би өөрөө хий хоосон төлөвт буй байдал” гэмээр санагдана. Хамаагүй, сүнс байхгүй гээд зүтгэлээ гэе. Тэгтэл, байхгүйг нотолж чадах уу. Хэрэв нотолж чадахгүй бол сүнс байна л гэсэн үг. Байгаа гэвэл түүнийг хэрхэн цэнгүүлэх вэ, Үгүй ядахдаа, хэрхэн амар тайван орхих вэ.

Мөнх бусын орчлонд түүний мөнх бусыг үзүүлэх тохиолдол дэндүү олон. Сүнс эзнээ орхижээ. Гэтэл түүний орон гэр, унтаж байсан ор дэр, хэрэглэж дассан аяга халбага тэргүүтэн  цөм хэвээр гагцхүү өөр шинэ эзэнтэй болсон байх. Түүний эзэмшил газар, орд харш, машин техник цөм өөр хүний мэдэлд очжээ. Түүний суудал дээр хэн нэгэн ханхалзана. Цаад өрөөнд нь хүмүүс хөлчүүрхэн үлэмж чангаар инээлдэцгээнэ. Тэр бүхэн сүнсэнд яахан сайнаар санагдах билээ. Сүнс цонхон дээр хэсэг зуур уйтгарлан суув. Тэгснээ алгуурхан босож тасалгаан дундуур явж мөнөөх эзэгнэгч этгээдийн дэргэд хүрэв. Сүнсийг хэн боловч яахан мэдэх. Түүнийг хэнч олж үл харна.

Хүмүүс бүрэлгээчийг ор тас алга болсон хэмээн бодоцгоож, зарим нь аль хэдийнэ мартсан. Ямар сайндаа л эд юмсыг нь эзэгнэхэв. Энэ бүхэнд сүнс гомдоллох, харуусах ажгуу. Тэр бухимдана. Түүнээсээ болж уурсан хашигачина, цовхчино тусыг үл олно. Сүүлдээ цөхөрч тэнүүчлэн явах болсон аж. Харин Бурхан болоочийн үлдээсэн бүтээл туурвил хаа сайгүй элбэг. Нэг номын хуудсаас нөгөө номын хуудсанд, нэг дуучны хоолойноос нөгөө хүний чихэнд, нэг компьютерийн санах ойгоос нөгөөгийн дэлгэц дээр гарч, заримдаа хөхөн баясаж, заримдаа гундан гансарч, мөнөөх сүнстэй хэдүүл нийлж цэнгэн явах ажгуу. Сүнс гагцхүү тэрхэн мөчид л цэнгэлийг эдлэн жаргамой. Сүнсийг цэнгүүлэгтүн.

http://purev.mn/

Бичсэн: EDUCATION | цаг: 14:01 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730641 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax